Улсын бичиг үсгийг нэг журамд шилжүүлэх гэж төр их мунгинаж буй
бололтой. Үүнтэй уялдуулан улирагч он цагийг сөхөн үзэв ээ. Үгүүлрүүн:
1930 онд хуралдсан МАХН-ын VI их хурлаас ардыг гэгээрүүлэх талаар
гаргасан тогтоолдоо "Манай монгол үсэг нь хуучирч, одоогийн ярианы
хэлэнд ерөөс тохирохгүй хоцорсон учир түүнийг халж, дэлхийд түгээмэл
хэрэглэж байгаа латин үсгийг өөрийн хэлэнд нийцүүлэн авч латин үсэгт
суралцуулах бэлтгэл ажил явуулбал зохино" хэмээжээ.
Латин үсэгт
бага сургуулийн сурагчдыг анх орсноос нь эхлэн сургах, 2-3-р ангид
латин үсгийг хослуулан заах шийдвэр гаргасан нь дөнгөж сургуулийн
босгоор орсон балчир хүүхдүүдэд ой тойндоо хүлээн авах чадвар сулхан,
2-3-р ангийнхан монгол үсгээ тогтоон ядаж байтал хослуулж хэрэглэх нь
бүр ч хүндрэлтэй байв.
Үр дүн төдий л харагдсангүй, сурахыг
шаардсан дарамт байсаар. 1931 онд латин, монгол бичгийг төсөөлж байтал
дунд сургууль, багш бэлтгэх сургууль, бусад сургуульд заахын зэрэгцээ
түр сургууль, бичиг үсгийн дугуйлангаар ард иргэдэд заах шийдвэр гарсан
нь "Даарин дээр нь давс нэмэв" гэгч болов.
Мөн онд сонин,
сэтгүүлийг латин үсгээр гаргах гэж туршин үзээд аажимдаа орхив.
1933.05.01-нээс латин, монгол үсгээр албан бичгийг хөтлөх шийдвэр гарч,
нэг хэсэг хугацаа алгуурлаж дасаж дадах нь удаашралтай байвч уг үсэгт
орон даяар шилжих шийдвэр гаргажээ. Энэ нь ёстой л "Модыг нь тохож
морийг нь унуулав" гэгч болжээ.
Энэ шийдвэрийн дараа 1941 оны
эхээр МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн
хамтарсан хурлаар орос үсэгт үндэслэсэн кирилл үсгийг хэрэглэх тогтоол
гаргаатахжээ.
Энэ шийдвэр олны гайхашрал төрүүлэв. Гайхал
төрүүлсэн ч эцсийн шийдэл байлаа. Кирилл бичигт шилжих улсын комисс
байгуулагдаж, комиссын даргаар Ю.Цэдэнбал /МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн
бичгийн дарга/, орлогч даргаар Т.Машлай / Гэгээрлийн яамны сайд/
томилогдов.
Кирилл үсэгт үндэслэсэн тэрхүү бичгийг манай
эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн зохиох хариуцлагатай, нарийн төвөгтэй
үүрэг хүлээсэн юм. Нийт 35 үсэгтэй, 33 нь авиан дуудлагатай, авианы
дуудлагагүй үсэг тэмдэглэх хоёр тэмдэгтэй /ь, ъ/ зохиож хэлэлцүүлэг
явуулахад олон нийтийн хандлага дэмжих тийшээ байв.
Гэвч
хуучин монгол бичигт дасал болсон зарим хүмүүс, албан тушаалтанд
таашаагдахгүй байсан нь олон удаагийн туршилт, сорилтоос цэрвэж
дурамжхан байсныг үгүйсгэх аргагүй. Ерөөс цөөн бус хүн олон зууны
уламжлалтай удмын бичгээсээ хөндийрлөө гэж үзэж байсантай ч холбоотой.
Ийнхүү латин, монгол үсэг нь кирилл гэх "өргөмөл дүү"-тэй болов.
Нийгмийн хөгжлийн урт удаан хугацаанд кирилл бичгийг хэрэглэж сурсан нь
гайхширч байсан шийдвэрийн амьд биелэл болов. Кирилл бичигт бүх нийтээр
суралцсаар 30 жил өнгөрсөн хойно 1970 оны босго даваад бичиг үсэгт
нийтээр суралцсаны төлөө ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн нь үндэсний
бахархал.
Гэтэл 50 гаруй жил орхисон монгол бичиг, латин бичиг
кириллын хаялгаар ширвэгдсэн ч 1990-ээд оноос сэргэж, ЕБС-д заагдаж,
англи хэлд суралцахын явцад латин үсгийн чадварыг хүүхэд залуусаас
авахуулаад нийтээр хэрэглэх болов. Ингээд бодоход манайхан кирилл,
монгол бичиг, латин үсэгтэй иргэд гэхэд үнэнд дөхөж очно.
Үүн
дээр бүх нийтийн тууштай оролдлого чармайлтыг нэмбэл гурамсан бичигтэн
орон болно. Тодруулга: Ийнхүү бодохул өнөөх өргөмөл дүү нэртэй кирилл
бичиг латин, монгол бичгээ бараа туруугүй хол орхисон ч тэд нь сэргээд
кирилл бичгийнхээ араас ойртож явна.
Латин үсгийг өнөөгийн
даяаршлын нийгэмд хөгшин хөвөө, хөрөө нялхгүй сурах нь нийгмийн
шаардлага болов. Монгол бичиг, латин бичгийг орхиж, олон арван жил
түрэн орж ирж төрийн албан бичиг болтлоо хэрэглээ болсныг, худам
бичгээс олон жил хөндийрсөн гэдгээр шалтаг болгож өнөөгийн зарим иргэн
монгол бичгээ хичээл билгээ гарган хичээн суралцахгүй байгаа нь
харамсалтай.
Манай дунд сургуулийн сурагчид өнөөдөр сайн уншиж,
сайхан бичиж ур чадвараараа уралдаж байхад нүдэн балай, чихэн дүлий
явагсад тун ч ичгүүртэй. Хос морьтой байж хол явна. Монгол бичгийг
хичээн уйгагүй сурвал сарын дотор ч сурдаг. 1940 оны эхээр кирилл бичиг
гарч байхад манай ахмад багш нар өөрөө бие даан сураад сурагчдад зааж
байсан туршлага бий.
Тэр үеийн багшийн нэлээд нь 4-р анги, 7-р
анги төгсгөөд л багш болж байлаа шүү дээ. Тэд л бэрхийг гэтэлгэж
сурахын амьд жишээ байлаа Гэтэл зарим ихэмсэг байрын сэхээтнүүд
оролдлогогүй залхуудаа, нийгмийн дэвшилдээ нэмэр болохгүй нэрмээс
болох үг яриа гаргаж явдаг.
Тэд бага сага сурсан зүйлдээ эрдэж
кирилл бичгийг орхивол таарна, дэлхийд энэ бичгийг хрэглэж байгаа орон
бараг үгүй /орос, монгол, болгар гурав төдийхөн/ гэнэ.
Энэ
бичгээр өчнөөн төчнөөн алдаж, найруулга нь авцалдаагүй бичдэг хэрнээ
тийн ярих нь утгагүй бас монгол бичигт халтар хултар ойлгоцтой хэрнээ
орчин үеийн ярианы хэлтэй нийцэхгүй, төвөгтэй, авианы бичиг, бичлэг,
дуудлага, утгын зөрөөтэй, сурахад бэрхшээлтэй гэж номчирхоно.
Ийм учир начир нь олдохгүй ааш аягийг яалтай билээ. Өнөө цагт үндэсний
үсэг бичгээ дэлгэрүүлэх их үйлст нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа
хүмүүсийг оюуны соёлын мэлмий нээгч гэвэл тэдний нөмөр нөөлөг дор нүдэн
балай чихэн дүлий байгсад ичгүүртэй бөгөөд оюуны соёлын өргөөнд багтаж
орохгүй эрхгүй юм. Зальжин аргаap шургалж оруузай. Залхуу, идэвхгүй
санаачлагагүй тэдэнд хориотой.
Хэл бичгийн ухааны доктор Ж.Гунаасүрэн
Эх сурвалж: "Утга Зохиол урлаг" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих