-Марксист лениннист үзэл сурталгүй түүхэн тэмдэглэл-
Улсын
төрийн түүхэнд дөрөвхөн сар ажиллаад асар ихийг бүтээж түүхэн хүн болсон
зүтгэлтэн байхад дөрвөн жил ажиллаад, дөчин жил улираад юу ч хийж,
юугаар ч гийгүүлж чадаагүй нэгэн бас байдаг. Намын тогтолцоотой болсон
Монгол Улсын хоёр дахь Ерөнхий сайд Бодоо үүрэгт ажлаа өгөхдөө "Мөхөс би
таван сар ажиллах хугацаандаа энэ төрд хар буруу санасангүй, анх Ардын
нам, ардын засгийг байгуулах гэж санал сэдлийг олсон тэр үеэс эхлээд
эдүгээ хүртэл чөмгөө дундартал зүтгэж явлаа" гэж мэдүүлсэн байдаг. Бодоо
Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдаар дөрвөн сар гаран ажиллах
хугацаандаа ямар ажил хийж бүтээсэн талаар архивын баримтаар тоймлон
хүргэе.
-Үндсэн хууль боловсруулж, Улсын хурлаар батлуулах ажлын
хэсгийн ахлагч Ерөнхий сайд Бодоо уг ажлын хэсгийг ахалж, комиссын
бүрэлдэхүүнд эрдэмт түшмэл Жамсрангийн Цэвээн, Жамъяан, Бат-Очир,
Чагдаржав, Данзан, Жалханз хутагт, яамдын сайд нар оржээ.
-Бодоогийн Засгийн газар хүн амын тооллогыг 1922 онд багтаан явуулах шийдвэр гаргав.
Хүн
амын тооллогод овог, отго, хошуу, яс, үндэс, гарал үүсэл, лам, хар аль
нь болох, угсаа залгамжилсан тайж мөн эсэх, хөрөнгө чинээ, эр эм, нас
хүйсийг тодорхой бичихийг шаарджээ. Монгол Улсын хэмжээнд хамгийн
нарийвчлалтай хийгдсэн, хүн амын анхны тооллого гэж үздэг. Уг тооллогын
дүн, архивын баримт одоо ч ач холбогдлоо алдаагүй төдийгүй улам үнэд орж
монголчуудын овог удмаа тогтооход ач тусаа өгсөөр байгаа юм.
-Бодоогийн Засгийн газар гадаад орнуудтай худалдааны болон дипломат гэрээ байгуулсан
Бодоо
Зөвлөлт Орос улстай төлөөлөгч солилцож, улс төр болон эдийн засаг
худалдааны гэрээ байгуулсан. Мөн Хятад улстай худалдааны гэрээ
байгуулахад Америк, Зөвлөлт Орос улсыг зуучлах талаар нот илгээж хүсэлт
тавьсан байдаг. Түүнчлэн Америкийн нэгдсэн улстай худалдааны болон
түншлэлийн гэрээ байгуулахтухайгаа албан нот илгээж, Хятадад суугаа
консултай олонтаа уулзсан. Америкт айлчлах бэлтгэл хийж байсан. Алс
Дорнодын Бүгд найрамдах улстай дипломат харилцаа тогтоосон. Япон улстай
дипломат харилцаа тогтоох нотявуулж, төлөөлөгч илгээсэн. Төвд улстай
найрамдалт харилцааны уламжлалаа үргэлжлүүлэх нот явуулснаас үзэхэд олон
улстай харилцаа холбоотой байхыг илүүд үзсэн нь илт харагддаг.
-Бодоогийн Засгийн газар Монгол орноос цагаантны цэргийг хөөн гаргах томоохон операци зохион байгуулав
Энэ
ажлыг амжуулахын тулд ЗХУ-аас хоёрдугаар ээлжийн орос цэргийг Монголд
оруулсан байдаг. Ерөнхий сайд Бодоо ЗХУ-ын ардын комиссарт "Цэргийн
тусламж үзүүлнэ үү" гэсэн бичиг явуулжээ. Монголын Засгийн газрын
бичгийн хариуд ЗХУ цэрэг, зэвсгийн тусламж ирүүлжээ. Бодоо сайд баруун
Монголыг цагаан цэргээс цэвэрлэх операцийг Хатанбаатар Магсаржаваар
удирдуулжээ.
-Бодоогийн Засгийн газар гадаадын өрийг дур мэдэн төлөхийг хориглосон
Засгийн
газрын хурлаар эдийн засгийн бодлогын тухай авч хэлэлцэн, аймаг
хошуудын ноёдын тавьсан гадаадын өрийг дур мэдэн төлөхийг хориглов.
Орос, Хятадын пүүст тавьсан өрийн судалгааг хошууд тус бүрээр гаргаж,
Сангийн яаманд ирүүлэхийг тушаасан байдаг.
-Тариалангийн газрыг гадаадын иргэдэд түрээслүүлэв
Мөн
гадаад иргэдэд тариалангийн газар түрээслэн тариа тарихад авах татварын
хэмжээг шинэчлэн тогтоохыг Сангийн сайд Данзанд Засгийн газрын
хуралдаанаас үүрэг болгожээ.
-Хуучин засаг ба засаг бус ноёдод Сангийн яамнаас олгодог цол, зэрэг дэвний мөнгийг хасав
Бодоогийн
Засгийн газрын зоригтой хийсэн том арга хэмжээ бол хуучин засаг ба
засаг бус ноёдын цол зэрэг дэвний мөнгийг Засгаас олгодгийг зогсоожээ.
Үүгээр их мөнгө хэмнэж чадсан боловч удам дамжсан ноёд, түшмэдийн
томоохон эсэргүүцэлтэй тулсан байна. Сэцэн хаан, Түшээт хан аймгийн урд
талын хошуудын нэр бүхий ноёд харьяат ардаа аваад дундад улс руу нүүх
хөдөлгөөн хүртэл өрнөж байжээ.
-Бодоогийн Засгийн газар Сангийн яамнаа 100 дугаартай телефон аппарат ашиглалтад оруулах үүрэг өгөв
Засгийн
газар Оросын утасны хорооноос 100 хэрэглэгч холбогддог станц худалдан
авах. Уг утасны зардлыг төлөгч иргэд гадаадын пүүсүүдэд тавиулах ба нэн
тэргүүнд Засгийн газар Богд хааныг утастай болгох арга хэмжээ авчээ.
Дэлхийн боловсон улсын нэгэн адил телефон утастай болжутасны хороо
байгуулах үүргийг Сангийн яаманд өгчээ.
-Төрийн ямар ч өндөр албан тушаалтан лам, ноёд нар энгийн ардыг "чи" гэж хэлэхийг зогсоох шийдвэр гаргав
Бодоогийн
Засгийн газар тэр үед ёс зүйн хэм хэмжээ, соёлын талаар олон асуудал
хэлэлцэж байсны дотор нэг сонин шийдвэр бол төрийн ямар ч өндөр албан
тушаалтан энгийн ардыг эс хүндлэн доорд үзэж "чи" гэж чичихийг зогсоосон
явдал байлаа. Ямар ч албан тушаалтан эгэл ардыг чи гэлгүй "та" гэж
хүндлэн харьцахыг үүрэг болгосон байна. Монгол төрд ёс суртахууны
томоохон өөрчлөлт авчирсан энэ арга хэмжээг ард түмэн сайнаар хүлээн авч
хэв хэмжээ болсон байна.
-Бодоогийн Засгийн газар намын байгууллага захиргааны ажилд оролцохгүй нь дээр гэсэн шийдвэр гаргав
Цорж
лам Санжаажамц Ардын намын төв хорооны тушаалаар нэр бүхий хэдэн
хошуунд ардын намын үүр байгуулан дэлгэрүүлэхээр урьд томилогдон гараад
хараахан түшээт вангийн хошуу өөртөө намын үүр байгуулсан явдлыг
мэдээгүй бөгөөд анги тусгаар үүр байгуулсан буй заа. Ер нь аливаа
хошууны ардууд өөрсдөө эрхлэн байгуулсан хошуу тамгын газраас зөвшөөрсөн
намын үүрүүд хүчинтэй бөгөөд энэ ажилд намын байгууллагыг давхар
оролцохыг зогсоох хэрэгтэй гэжээ. Намын төв хорооны шийдвэрээр болон
Цорж лам Санжаажамцын байгуулсан намын үүрийг хүчингүй хэмээн тооцов.
Энэ мэтчилэн олон ажилд хошууны тамгын газар нэгэнт шийдсэн бол намын
байгууллагыг хажуунаас давхар ажил явуулахыг зогсоож, Цорж лам
Санжаажамц нарын байгуулсан үүрийг татан буулгаж үүнийг мэдтүгэй гэж
олон хошуу чуулган дарга нарт Ерөнхий сайд бичиг явуулжээ.
Бодоогийн Засгийн газар үндсэндээ дөрвөн сар гаран болсон боловч иймэрхүү олон ажил амжуулжээ.
Г.ДАШРЭНЦЭН /МУСГЗ/ НИЙСЛЭЛ ТАЙМС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих