Буйр нуурын мөсөн дээгүүр явсан бага оврын ачааны болон суудлын автомашинууд мөс цөмөрсний улмаас нуурын усанд живжээ.
Жолооч, зорчигч нар нь автомашинаасаа амжиж гарсан учраас золоор эрдэнэт хүний амь нас үрэгдээгүй байна.
Нуурын усыг бохирдохоос сэргийлж эрэн хайх, татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын хошууч Ц.Отгонхүү захирагчтай Эрэн хайх, аврах анги, дэд хурандаа М.Сүхсайхан захирагчтай Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай ажиллаж тус 2 автомашиныг татан гаргалаа. Мөн нутгийн иргэд, автомашин эзэмшигчид дэмжин ажилласан байна.
Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд 3 удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон татжээ.
Татан гаргах үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг дээрх 2 автомашиныг эзэмшигчээс гаргуулах чиглэлийг өгснийг хэрэгжүүлсэн байна.
Цаашид:
1. Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлэх ажлыг тогтмол хийх
2. Нуур, голын мөсөн дээр шөнийн цацруулагчтай сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээг хийж байршуулах
3. Сэрэмжүүлгийг сахин биелүүлээгүй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтан, сумдын Засаг дарга нарт даалгалаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35283
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих