Зуны эхэн сар гараад удаагүй байна. Зуны сар гарахаар зугаалга,
амралт гэхээсээ илүү миний хувьд наадам хамгийн түрүүнд санаанд буудаг
юм. Эрийн гурван наадам. Энэ бол Монгол түмний үндэсний их өв соёл,
тусгаар тогтнолын нэгэн том баталгаа. Гэвч өнөөдөр эрийн гурав биш эрийн
хоёр болох гээд байна. Үндэсний хурдан морины уралдааныг шахаж хавчих,
уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх үзэгдэл өдрөөс өдөрт нэмэгдсээр бүр
сүүлдээ зарим нэг хүүхдээр морь унуулахыг хориглоно ч гэх шиг. Энэ бол
арай хэтэрсэн хэрэг ээ. Хүүхдийн эрх ярьсан хэсэг хүмүүс үүнийг бас их
дэмжиж, гол дүрд нь тоглож байгааг бид мэднэ. Яг үнэндээ бол хурдан
морины хүүхэд гэдэг чинь үндэснийхээ спортоор хичээллэж байгаа тамирчид
бус уу...? Морь унаж өсөөгүй Монгол эр хүн гэж байхгүй байх.
Одоо бол өөр л дөө. Морь унах нь битгий хэл морь гэдэг амьтнаа ч мэдэхгүй хүүхдүүд "зөндөөн" бий... Монголчууд бид морин дэл дээр тусгаар тогтнолоо зарлаж, морин туурайгаар дэлхийн талыг тамгалсан морьтон заяат гайхамшигт ард түмэн. Тиймдээ ч дэлхийн адууны баярыг Монгол улсдаа тэмдэглэж дэлхий дахинаа гайхагдсан нь саяхан. Морийг бид молор эрдэнэ хэмээн дээдлэн тахиж, шүтэж ирсэн. Одоо харин "нохойноос дор" үзэх нь холгүй л байх шиг байна. Төрийн ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын дарга, сайд, гишүүд бүгд л сонгууль болохоор морь унаад л өөрсдийнхөө рекламыг хийдэг. Хурдан морийг тойрсон асар их ажлын байр байдгийг тэд мэддэггүй. Хэрвээ өнөөдрийнх шиг морин уралдааныг хориглоод уяачид нь морь уяхаа байчих юм бол тариаланчид, гар урчуудаас хэлээд олон хүн орлогогүй болохоос гадна асар олон хүүхэд "гудамжинд гарна". Өнөө хүүхдийн эрх яриад байдаг хүмүүс үүнийг бодож үзээгүй дээ. Цаашлаад тэрхүү уралдаанч хүүхдүүдийн ар гэр, туслах уяачид, малчид гээд олон хүмүүс орлогогүй, ажилгүй болно. Үүний нарийн учрыг тайлбарлуулалтгүй мэдэцгээж байгаа байх. Бид хүнээ ч хамгаалах ёстой, мал сүргээ ч хамгаалах ёстой, үндэсний өв соёлоо ч хамгаалах ёстой. Нэгээр нь нөгөөг нь сольж болохгүй...
О.ЖАРГАЛ /НИЙСЛЭЛ ТАЙМС/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих