Том том "ланд" унаж аагирхаж явдаг зарим нэг "алдарт уяач" нарын дунд араатнуудаас дор авирлагч байдаг бололтой. Саяхан Хуүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-дугаар сарын 1-нд аймгийн алдарт уяач У. гэгч өөрийн унаач хүүхэд С-ийг хэрцгийгээр зодож бэртээжээ. Эмнэлгийн дүгнэлтээр С-ийн зөөлөн эд гэмтэж Улаанбаатар хотод очиж эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Эрхэм уяачийн хүүхдэд гар хүрэх болсон шалтгаан нь ердөө л сунгаанд түрүүлж эргэлээ гэсэн шалтаг. Аймгийн наадамд ингэсэн байсан бол алах нь л дээ. Хамгийн аймшигтай нь 12-хон настай бээлийн чинээ "амьтныг" үсдэж байгаад өшиглөсөн байдаг. Сумын заан цолтой хүн шүү дээ.
Үүгээр ч зогсохгүй хамт явж байсан хүүхдийг нь хүртэл зодож тархи толгойг нь хөдөлгөсөн ч цаадхи нь харин сумынхаа бариачаар бариулж гайгүй болсон. Одоогоор уг хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Хохирогч С хүү Цагдаагийн газар гаргасан өргөдөлдөө "адилхан хүүхэдтэй байж намайг ингэж зодсонд маш их гомдож байна" гэсэн байдаг. Аргагүй шүү дээ хүүхэд бүхэн баярлаж хөөрдөг жилдээ ганц тохиодог өдрөөрөө аархуу нэгний гарын шүүс болох дөхсөн хөөрхий хүүгийн хувьд гомдох ч багадахаар. Одоо ид морь уядаг, уралдаан болдог цаг. Айлын нялх хүүхдүүдийг арав таван цаасаар хуураад зунжин морин дээр талхиулчихаад дээр нь зодож нүддэг. загнаж зандардаг нөхдүүд ганц үүгээр ч тогтохгүй байх. Морь унаач хүүхдүүд голдуу олон хүүхэдтэй болон амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд байдаг. Үүнийг нь далимдуулж дарлаж дээрэлхдэг уяачид үүнийг уншаад нэгийг бодох биз ээ. Ардын хүүхдийг төр нь хамгаалдаг, ардууд нь өрөвддөг гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Цаашид төр засаг ч анхааралдаа авч унаач хүүхдүүдийн асуудлыг хуульчлах шаардлагатай. Харин Их хурлын эрхмүүд ихэнх нь "уяачид" байдаг болохоор энэ талаар нэг их ам ангайхгүй л болов уу. Аль мөнгөтэй хөрөнгөтэй нь морь уядаг болж, ардын хүүхэд даагаа бариад ирсэн ч уралдуулж чадахгүй болсон энэ' цагт тийм их зугаацах дуртай юм бол томчууд өөрсдөө морио унаад уралдаг. Хүүхдийн амь насыг дээсэн дөрөөн дээр тавихаа болиосой билээ тэд.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3537
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих