Хувьсгал-I
Нийгмийг тэр чигээр нь театр, амьдралыг түүхэн жүжиг гэвэл баатар
тэнгэр угсаа, тайж язгууртны дүрийг өөртөө хуваарилаад сэтгэлдээ жаргаж
явах тавиланг хэсэг хүн сонгожээ. Сэтгэлдээ жаргах гэдэг хүний эрх л
дээ. Харин тэр жаргалын төлөө бусад нь зовлон эдлэх хэрэгтэй болж байвал
дарангуйлал, капиталист маягийн дэглэм болдог гэдгийг юуны өмнө дурдах
хэрэгтэй. Тэгэхээр саяхны түүхийг эргэн сөхөхөд бид энэ тухай ойлгож
чадах билээ. Ерээд оны хувьсгалчид ардчилал ярьж байсан ч В.Ленин,
К.Маркс, Ф.Энгельс нарыг уншиж, тэднийг гол мөрдлөгөө болгож байж
өнөөдрийн ардчилалтай золгосон хэрэг. Өөрсдөө л коммунист, социалист
дэглэмийг тогтооход голлох үүрэг гүйцэтгэсэн онолчдын бүтээлийг ширээний
ном болгож хувьсгал эхлүүлсэн тухайгаа бахархангуй ярьдаг.
Гэхдээ энэ нь ганцхан манайд өрнөсөн хувьсгал биш л дээ. 1990-ээд онд
дэлхий дахинд социалист системийн задралын үйл явц өрнөснөөр тухайн үед
шинэчлэлийн дуу хоолой болсон залуус олны танил болон гарч ирсэн нь
саяхны түүх. Тэд тухайн үедээ үе тэнгийнхнээсээ харьцангуй өндөр
боловсрол олж авсан, бүр дэлгэрүүлбэл нам засгийн хайр ивээлд өсч
бойжигсод байсан юм. Өдгөө "40 мянгатынхан” гэгдэх болсон социалист
нийгмийн "дарга” ангийн хүүхдүүд 1990 оны манлайд явсан нь гарцаагүй
үнэн. Шулуухан хэлэхэд, энэ үед Монгол Улс социалист эдийн засгийн
тусгай хангамжид өссөн тэдний хэрэгцээг хангах байтугай дотоод тэнцвэрээ
хангах боломжоо нэгэнт шавхаад байсан юм.
Тэдний Битлз
сонсох, жийнс өмсөх хэрэгцээ нь хязгаарлагдан, тэр үеийн намын
удирдлагаа огцрохыг дэлхий дахины ардчиллын давалгааны далбаан дор
шаардсан л босогчид байв. Тэд сайндаа ч энэ хувьсгалыг хийчихсэн хэрэг
огт биш. Угаасаа хүн төрөлхтөнд тохиосон түүхэн цаг үе байлаа. Монгол
Улсад нэгэнтээ оршин бий болоод байгаа зэрлэг капитализмын үе ингэж
эхлэв. Залуу уран бүтээлчдийн II зөвлөлгөөнөөс эхэлсэний дараахи 1990
оны үйл явдлын оргил нь улстөрийн өлсгөлөн байлаа. Өлсгөлөн зарлагсад
эрх баригч МАХН-ын Улс төрийн товчоог огцрохыг үндсэн шаардлага тавьж
байв. Тэдэнд шинэ нийгмийн үзэл санааг олонд тархаахын тулд зэвсэг барин
тэмцсэн намтар байтугай, хатуу чанд мөрдөлт, хавчилтад ажиллаж,
амьдарсан цаг мөч ч байхгүйг шинэхэн түүхийн шарлаж амжаагүй хуудсууд
гэрчилдэг.
Тэдний үйл ажиллагааг тухайн үеийн эрх баригчид
дэмжин хүлээж авсан. Гэтэл тэд өөрсдийгөө XX зууны эхэн цагийн Оросын
большевик хувьсгалчидтай андуураад Ард түмний онц их хурал зохион
байгуулахыг үндсэн шаардлагадаа дагалдуулсан байдаг. Яг өнөөх
пролетарийн диктатур шиг. Улсын мөнгөөр олсон боловсрол, тансаг
хангалуун өсгөсний хариуг буруу барих шахсаныг тэр үеийн МАХН-ын
удирдлагууд олон намын тогтолцоо, парламентын засаглал, зах зээлийн
эдийн засаг, хувийн өмчийн эрх гээд олон шинэчлэлд тэднийг зөв залж
чиглүүлж чадсан. Тэгээгүй бол тэнэгтэх байлаа. "Дайн байлдаанд цусан
гавъяа байгуулснаараа засагт эрх олж авдаг” хэмээн В.Ленины багш
К.Марксын найз Ф.Энгельс хэлсэн байдгийг юугаа ч ойлголгүй харчихсан
хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл ардчилал хэмээх шинэ нийгмийг социалист,
коммунист ч биш капиталист онолын систем дээр суурилуулах хувьсгалын
дайн ингэж эхэлсэн түүхтэй. Саармагжуулсан гэвэл ойрхон тусах байх.
Тэр үед төр эргүүлсэн гэж өөрсдийгөө андуурсан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл
тэргүүтэй нөхдүүд хувьсгалын онолчид болохоор шамдаж, В.И.Ленины "Төр ба
хувьсгал” зохиолыг ширээний ном болгож байсныг "зэвсэг нэгт нэгэн
нөхөд” нь бахдан дурссан байдаг. Засгийн эрхийг зэвсгийн хүчээр авах
тухай судалж байсан Э.Бат-Үүлийн хувьсгалын романтизм нь 1960-аад онд
барууны шоу бизнест ихээхэн амжилт үзүүлж байсан "Битлз”-ийн дууг сонсч
байх эрх чөлөөг авчирсан гэдэг. Гэхдээ өөрт нь социализмын үед
"Битлз”-ийн пянз олон байсан тухай, түүнийгээ сонсч, шүтдэг байсан
тухай ярилцлага их өгдөг. Үнэн хэрэгтээ социализм, "Битлз” хоёрт айхтар
хурц зөрчил байгаагүйг өдгөө хэн ч гэрчлэх биз. Энэ цагаас хойш
амьдралын жаргал зовлонтой цаг үеийн будангуй дундуур бид 22 жил
амьдрахдаа тэгтлээ сайхан амьдарсангүй.
Олигархиудын
сүндэрлүүлсэн байшин, бусдаас булаасан мөнгөөрөө авсан үнэтэй машинаар
нийгмийн хөгжлөө ярьж, бас өөрсдөө тийм л амьдарч байна. Тэд хотын
төвөөс таван буудлын цаадхи амьдрал мэдэхгүй, Шаргал ордон, өөрсдийн
амьдардаг харшаараа нийгмээ төсөөлж сууна. Энэ муйхар төсөөллийн цаана
ард түмэн ядуурч, өлсч үхэхдээ тулсан. Утаат их хотын гудамжаар уруу
царайлсан залуус хэнд итгэхээ мэдэхгүй явахад манай хувьсгал
мандуулагчдын бодож суугаа нь энэ. Зэрлэгдүү капитализмын эрин үе бидний
үед хөгжин ирсэн түүх ердөө л энэ.
Хувьсгал-II
Хувьсгал-II
В.И.Ленины "Төр ба хувьсгал” хэмээх ширээний ном, Ф.Энгельс "Дайн
байлдаанд цусан гавъяа байгуулснаараа засагт эрх олж авдаг” хэмээх
үгнээс олж авсан алдарт ухаанаа Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар 1990 онд
гаргах гэж мулгуйдаж байсан ч ард олны аз түшиж холуур өнгөрсөн. Харин
20-иод жилийн өмнө олж авсан энэ мулгуйдлаа өнгөрөгч 2008 оны сонгуулиар
хэрэгжүүлээд авав. Түүхнээ "Долдугаар сарын 1” хэмээн хараар бичигдэн
үлдсэн эл өдөр Монголын олон нийт айдас, түгшүүр дунд байлаа. Гудамжинд
буун дуу тачигнаж, байшин шатаж буй дүрстэй мэдээллийн дараа Онц байдал
зарласан Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Юу болоод байгааг ойлгохгүй
байсан олон түмэн төрд сонгосон төлөөлөгчдөө сонсох нь гэж сэтгэл нь түр
ч гэсэн амарч байв.
Гэтэл Э.Бат-Үүл баатар телевизийн камер
уруу бардам дээрэнгүйгээр хяламхийж байгаад хаалттай хуралдах горимын
санал гаргасан. Энэ нь ард түмний итгэл, горьдлогын нүдээр ширтэж байсан
дэлгэцийг харанхуйлуулсан юм. Учир гадарлах нэгэнд бол 20 гаруй жилийн
өмнө олж уншсан онолчдын буухиаг хаанаас хэн үргэлжлүүлсэн нь бараг
тодорхой болсон. Э.Бат-Үүл тэгэхэд Монголын ард түмэнд, Монгол хүний
саруул ухаанд итгэдэггүйгээ нэг харуулсан даа. Нөгөө талд үүнийг батлах
зүйл нь гэвэл "Долдугаар сарын 1”-нд Ардын намын байрны өмнө О.Магнай,
Ж.Батзандан, Б.Жаргалсайхан болон өдгөөгийн УИХ-ын гишүүн Д.Энхбат
нарын удирдлаган дор жагссан олныг уухайлж өдгөөгийн Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж ачааны машины тэвшин дээр чанга яригчаар бахирч явав. Хурсан
олны хөөрлийг дээд цэгт нь тултал Сүхбаатарын талбайг тойрсон одоогийн
Ерөнхийлөгч Ардын намын байранд гал гарахтай зэрэгцээд зугтсан.
Үүнийг сонины архив, телевизийн фондоос харахад дурайтал байж байгаа.
Хоригдож байцаагдаж байсан дээрх хэд ч бага хэрэг шүү. Монголын улстөрд
байх хоёр хүчний нэгийнх нь дарга Ц.Элбэгдорж яагаад ард түмнийг ийн
турхирсан бэ гээд онолын үүднээс нь нэгэн судлаач тайлбарлаж байхыг
сонссон юм байна. Тэрбээр хэлэхдээ, "Ц.Элбэгдорж ардчилал нэрийн дор
ардчилалд хайртай хүмүүсийн цөсийг буруу замаар хөөргөх ажил хийсэн.
Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж ард түмний гараар могой бариулсан байна”
гэжээ. "Нөгөө талд долдугаар сарын 1-ний тухай эрх баригчид хуралдах
гэхэд Э.Бат-Үүл хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулахгүй, хаана гээд
хаалгасан. Энэ бол фашист маягийн дэглэмд байдаг үзэгдэл. Түүнчлэн
хуучин нийгмийг бүрэлдэн тогтоход үүрэг гүйцэтгэсэн онолчдын философийг
буруу болон дутуу ойлгосон хүмүүсийн л хийх үйлдэл.
Магадгүй
иймэрхүү улстөрийн хагас дутуу онолтой хүмүүс үүнийгээ "цэргийн
ардчилал” гэж нэрлэх нь бий. Ийм хүмүүсээс монголчууд болгоомжлох
хэрэгтэй. Монголчууд төдийгүй дэлхий нийт болгоомжилдог юм” хэмээсэн юм.
Энэ нь ийм л фашист маягийн улстөр нэгэнтээ бий болсныг ахин зарласан
хэрэг. Монголчууд бид 1990 онд олон намын тогтолцоо, парламентийн
засаглал хэмээх нэрийн дор фашист маягийн улстөрийг бий болгосон.
Түүнчлэн өмч хувьчлал, зах зээлийн эдийн засаг нэрийн дор зэрлэгдүү
маягийн капиталист нийгмийг оршоон тогтоосон. Энэ л үзэл сууриараа
өнөөдрийг хүртэл явсан төдийгүй, улам бүр бэхжиж байгаа нь харамсалтай.
Өнөөдөр бид хэчнээн ардчилал яриад ямар ч утгагүй, яагаад гэхээр ийм л
үндэс суурьтай ардчилалтай болохоор.
Энд ардчилсан нийгмийг
буруутгаад байгаа юм биш. Буруутгах ч үгүй. Ардчиллын хувьсгалаараа
нийгмийн тогтолцоог капиталист хэлбэрт оруулж, улстөрийг фашист хэв
маягт нэгэнтээ дасгасанд л буруутгаж байгаа юм. Тэгэхээр өөрөөр ардчилал
хийх цаг нэгэнтээ бий болжээ. Өнөөдрийн ярьж байгаа "Эдийн засгийн
хувьсгал” бол өнөөх капиталист нийгмээ, хөрөнгөтнөө дэмжсэн бодлогын
хүрээнд явж, ард олноо элгээр нь хэвтүүлэх гэж байгаа нь эмэгнэлтэй
зүйл. Ардчилсан намын "Эдийн засгийн хувьсгал” гэдэг бол "Ардчиллын
хувьсгал-III” юм. Энэ тухай бид мэдээлэх болно.
С.Баяр
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3548
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих