УИХ-ын гишүүн асан, 25 дугаар суваг телевизийн ерөнхий захирал З.Алтайтай илэн далангүй ярилцлаа. Тэрбээр 2008 онд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшиж, УИХын гишүүнээр сонгогдон дөрвөн жилийн хугацаанд дуутай, шуутай явсан нэгэн. Түүний үзэл бодол хэт чөлөөтэй, асуудалд хандаж буй өнцөг нь этгээд, сонин. Сүүлийн үед түүнийг МАН-д элссэн, охиноо Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчаар томилуулсан гэх "бор шувуу ниссэн” билээ.
-Та сайхан зусаж байна уу, наадамгүй монголын наадмын өдрүүдээр та хэрхэн өнгөрөөв. Хаагуур зусав?
-Наадам яах вэ дээ, тэгээд болдгоороо л боллоо. Наадмыг заавал цэнгэлдэх тойрч, хуушуур үмхэх, хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Юмс, үзэгдэл шинэчлэгдэх ёстой. Наадам олон зуун жилийн өмнөөс уламжлагдан ирсэн түүхтэй. Үндэстний соёл. Гэхдээ цаг цагаараа байдаггүй цаг үеэ дагаж бага, багаар өөрчлөгдөх хэрэгтэй. Тийм учраас надад бөх барилдаж, морь уралдсангүй, хуушуур үмхсэнгүй гээд харамсах зүйлгүй. Айл гэр бүл өөр өөрийнхөөрөө наадамлавал болоо. Тэр жаягаар зусландаа хог шороогоо цэгцэлж, модны нүх ухаж мод тарьж өнгөрлөө. Энэ чинь өөрөө сайхан.
- УИХ -ын гишүүн байхдаа наадмын нээлтэд оролцдог байв уу?.
-Үгүй ээ, үгүй. Би наадмаар цэнгэлдэхэд гүйж очиж сандал дээр суух сонирхол байдаггүй. Яагаад гэвэл телевизийнхэн баяраар хангалттай ажилладаг. Үзэгчдэд өртэй мэт зүтгэнэ. Хэвлэл мэдээллийнхний үндсэн үүрэг. Энэ салбарт 30 гаруй жил ажиллалаа. Наадмыг ажлаа хийж өнгөрөөдөг.
- Гуч гаруй жил телевизийн салбарт ажиллаж, хүссэн хүсээгүй баяраар ажлаа хийж өнгөрөөдөг гэж хэллээ. Тэр таны онцлог. Та УИХ-ын гишүүн байсан, өөрөө улс төрч хүн. Телевизийн Алтай гэж харахаас илүүтэй, улс төр талаас нь таныг харах нь надад сонирхолтой фигур санагддаг. УИХ-гишүүн, 25-ын Алтай хоёрын наадам харах өнцөг өөр байсан уу гэж асуух гээд байгаа юм?
-Үгүй ээ, яах вэ ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Энэ утгаар нэг очиж үзсэн. Эрх биш улсын баяр наадам болж байгаа юм байна. Индрээр зочилсон. Хоёр хуушуур бол идчихдэг. Нэг аяга айраг залгичихна. Ангийн нөхөдтэй нэг хоёр хөөрөг зөрүүлнэ. Нөгөө телевизийн хэдийгээ яаж байна гэж харна. Айхтар үзэл бодлын ялгаа байхгүй. Та намайг улстөрч хүний хувьд гэж асуугаад байна, би улс төрч биш ээ, биш.
-Яагаад?
-Би өөрийгөө улс төрч гэж хэлэхээс ичдэг. Улс төрч хүн олон жил их хуралд элдэв шалдав хуультай ноцолдсон туршлагатай, хүнийг хэлэхээс над шиг муу дөрвөн жил суусан хүн үхсэнийх нь улс төрч байдаг юм. Тийм биз. Дөрвөн жил суулаа, гарлаа. Гэхдээ энэ хугацаанд надад багахан дээд сургууль төгсчих ухааныг хайрласан.
-Сэтгүүлчдэд нээлттэй байж чадсан уу?
-Би өөрөө сэтгүүлч. Сэтгүүлч хүний зовлонг ойлгоно. Манай үүд хаалга нээлттэй байсан.
-Сэтгүүлчийн хөдөлмөр хүнд ажил уу?
-Жинхэнэ сэтгүүлч нь хэн юм. Сайн, чадварлаг сэтгүүлч нь хэн юм гэдгээс болно. Түүнээс протоколын мэдээ хийчээд "Би сэтгүүлч болчихлоо” гэхэд хэцүү.
Түрүүн би хэллээ "Намайг битгий улс төрч гэж хэлээч, би ичдэг юм аа” гэж. Түүнтэй адилхан, ялгаагүй сэтгүүлч гэдэг чинь нарийн мэдрэмжтэй, нарийн ухаантай, айхтар ажил. Түүнээс биш сургууль төгсөөд нэг муу сэтгүүлч гэдэг диплом аваад чи сэтгүүлч болно гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Уг нь эзэмшчихвэл сайхан. Гэхдээ жинхэнэ сэтгүүлч Монголд цөөхөн гэж боддог.-Монголын сэтгүүл зүйн оргил гэвэл хэнийг хүлээн зөвшөөрдөг вэ?
-Мэдэхгүй ээ. Маш их хөдөлмөрлөдөг, уншдаг өөрийгөө хөгжүүлдэг гэвэл Б.Баабарыг хэлнэ. Б.Баабар сэтгүүлч биш гэхдээ сэтгүүлчээс илүү сэтгүүлч. Сайн нийтлэлч, тийм биз. Дээд рангийн сэтгүүлч. Б.Баабарын зиндаанд мань мэт яагаад ч хүрэхгүй.
-Та сэтгүүлч, 25-ын Алтай, гишүүн асан гэх мэт аль нэрээ хайрладаг вэ. Гэнэт сониуч зан хөдлөөд асууж байгаа юм?
-Хайрлаад байх ч юу байх вэ. Хайрлая гэвэл өөрийнхөө үндсэн Алтай гэдэг нэрэнд хайртай, бас харамлана. Түүнээс сэтэр нэмсэн нэрэнд хайртай, дуртай биш. Ялангуяа УИХ-ын гишүүн гэх нэрэнд. Яагаад гэвэл надад зохидоггүй байхгүй юу даа.
-Сэтгүүлч байх амархан уу, эсвэл УИХ гишүүн байх нь амархан уу?
-Оноогүй асуулт
-Яагаад?
-Аль аль нь хэцүү. Жинхэнэ улс төрч байна гэдэг хэцүү. Сайн улстөрч цөөхөн бий. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг нэрлэж болно. Насаараа чанагдчихсан. Өөрсдөө хууль эрх зүйн талдаа мэргэшчихсэн, ийм аваргууд л ерөнхийдөө их хурлын "ноён нуруу” болж явна уу гэхээс зүгээр нэг 76 шалдар булдар, энд тэндээс орж ирсэн улсууд хууль гаргана гэдэг шиг худлаа юм байхгүй.
Сайн улс төрч байх асар хэцүү. Маш их хөдөлмөр орно. Сайн сэтгүүлч байх гэдэг үүнтэй адил. Ухаан, мэдрэмж, наян юм цуглаж, туршлага хуримтлуулж байж сайн сэтгүүлч болно.-Та би тэр саарал ордонд суух сонирхолгүй гэлээ. Тэгээд яагаад их хуралд нэр дэвшиж, их хурлын гишүүнээр сонгогдсон юм?
-Өөрийгөө жаахан онгирооё. Би 1990 онд АИХ-ын депутат болж байлаа. Үндсэн хууль батлалцаж байлаа. Ээ бурхан минь. Гэхдээ тэр яах вэ хэдэн сар суусан. Нийгэмд бүтэж байгаа зүйл алга. Энэ бүгд надад ямар хамаатай юм гээд бодоод байвал 25 дээрээ чаддаг юмаа хийгээд суух шиг амар зүйл надад алга. Энэ чинь илүү кайфтай. Гэхдээ "Ингэх ч гэж дээ, арай ч дээ” гээд дотор нэг юм тэсрэх гээд дургүй хүрээд, хэдэн хулгайчтай орж байгаад алалцах юмсан, ингэх юмсан гэсэн аазгай хөдлөөд л тийшээ орсон байхгүй юу. Тэрнээс биш надад тэнд суух УИХ-ын гишүүн болох хэнд хэрэгтэй юм, ямар ч сонирхолгүй ажил шүү дээ.
-Тэнд суух сайхан ажил биш гэж үү?
-Их хуралд орж, дөрвөн жил тэнд суухын юун сайхан юм. Би мэдрээгүй. Ёстой миний ажил биш юм билээ. Би уран бүтээл хийдэг хүн. Цаас нухаж ширээний ард суугаад үз. Тэр миний байр биш л байхгүй юу.
-Хүнийг загасны ой санамжтай гэх юм билээ. Дөрвөн жилд юу бүтээв. Санахгүй байна. Уучлаарай?
-Нэлээд хэдэн хуулийн төсөл дээр найз нартайгаа хамтарч ажилласан. Тухайлбал Тэтгэврийн сан өвлүүлэх хуулийн төслийг санаачилсан. Бие даагчийг тэнд гадуурхдаг. Сүүлд С.Эрдэнэ гишүүн энэ хуулийг батлууллаа.
Сая Жэнкогийн тараасан утга учиргүй баахан одон, тэмдэг "түй чорт” хэнд хэрэгтэй юм, больё утгаа алдлаа гээд нэлээд хэдэн хуулийн санал оруулсан. Урамгүй нь би нам биш, бүлэг биш нэг муу "шоовдор амьтан”. Тэгээд бодохоор зүгээр суугаагүй. Яах вэ дээ, хууль болж гараагүй л биз.-Шоовдор байх нь аргагүй, бүлэггүй сул гишүүн тул. Гэхдээ та овсгоотой байх ёстой шүү дээ?
-Нэг талаараа тэнэг юм шиг мөртлөө үнэн. Ганцаараа зүтгэлээ, шоовдорлогдлоо. Эргээд санахад тэр үед санаачилсан хуулиа батлуулах хэрэгтэй байж гэж. Хүн бас бодно доо.
-Учир утгагүй одон медаль тараалаа гэж Та Х.Баттулга Ерөнхийлөгчийг буруутгаж байх шиг байна. Шинэ Ерөнхийлөгч ч гэсэн сая наадмаар "тараасан” гэж хэлэх муухай хэллэг юм. Шагналыг олгосон шүү дээ?
-Шинэ ерөнхийлөгчид итгэл тавьж байсан. Жэнкогийн тараасан одон медалийн дараа ерөөсөө энэ чинь болохгүй юм байна гэж бодох ёстой байсан. Куба, Ардчилсан Солонгос, Монгол гурван улсаас өөр энгэрт нь зүүдэг одон хаана ч байхгүй. Хүнд хоосон тэмдэг энгэрт нь зүүж өгснөөс алдар гавьяа байгуулж улсад хэрэгцээтэй зүйл хийсэн бол мөнгө өгөх хэрэгтэй. Хоосон одон медалиар яах юм бэ, чанаж идэх юм уу, Нарантуулаар дүүрэн зараад л явж байна. Хэнд ч хэрэггүй.
-Уучлаарай би тантай санал нийлэхгүй байна. Хүний хөдөлмөрийг төр засаг, нийгэм, тухайн байгууллага үнэлэх ёстой. Дэлхий дээр байхгүй ч байж болно. Хуучин ерөнхийлөгчдөө биш, шагнал хуучин олгогдож байсан, байх ч ёстой болов уу?
-Үгүй ээ, би чамтай санал нэгдэхгүй байна. Би чамд хэлээд байна шүү дээ. Дэлхий дээр ингэж олон шагнал тараадаг үндэстэн байхгүй гэж.
-Дэлхий ямар хамаатай гэж?
- Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин Майкл Жордан хаан ч байхгүй шүү дээ. Монгол юу юм. Одоо тэгээд одон медальгүй, та ч аягүй бол энгэр дээрээ нэг одон медаль зүүчихсэн байгаа даа.
-Надад ямар ч одон медаль байхгүй?
-Одон медальгүй хүн гэж байхгүй боллоо.
Хорь гарсан, гуч гарсан хүүхдүүд л энгэр дээрээ алтан гадас цээжин дээрээ "шаачихаад” явж байна. Үүнийг чинь юу гэж ойлгох юм. Юм хийсэн, бүтээсэн улсуудын гавьяа шагналыг нулимж байгаа байхгүй юу.-Эзнээ олох ёстой байх?
-Би үүнийг л хэлсэн.
-Ингэж яривал харин өөр байхаа?
- Үнэхээр гавьяа байгуулаад тэр хүн бурхан болсон ч гэсэн үеийн үед дурсагдах бүтээлтэй хүмүүсийн дэргэд зүгээр нэг ам барьж дуулдаг гэдэг юм уу, зохиогүй төрийн шагнал авчихаад "хусаж” яваа хүнийг юу гэх үү. Тэнэг байхгүй юу. Монголчууд одон медалийн араас хөөрцгөөдөг, түүний дараа найр хийж "шатдаг” балиар юмаа болих хэрэгтэй. Цөөн хэдэн хүнд өгөхдөө зүгээр төмөр өгдөг биш, 60 сая төгрөг дагалдуулаад өг. Юм бүтээсэн юм бол. Тэр хүний чинь амьдралд хэрэгтэй. Тийм биз . Энгэрээрээ дүүрэн одон медаль хураачихаад, хоёр өрөө байранд гуньхраад сууж байгаа хүн байна шүү дээ. Тэр Ардын жүжигчин, Төрийн шагнал сардаа 100- 300 мянган төгрөг дагадаг. Бодоод үз.
-Таны хэлснээр 60 саяыг нь одон медальтай гардуулж өгөх эдийн засгийн боломжгүй байх?
-Үгүй ээ, үгүй. Чи ямар юм ойлгодоггүй юм бэ. Төсөвт одон медалийнхаа хуулийг шинэчил. Энэ олон одон медалиа боль. Жинхэнэ шүүлтүүрээр хий.
-Та шагналд дургүй юм байна тэ?
-Дургүй.
-Төрийн ямар шагналтай билээ?
-Би нэг Гавьяат авсан юм.
-Хэдэн онд авсан бэ?
-2009 юм уу, 2010 онд байна уу даа.
-Гавьяат авахад ямар мэдрэмж төрөв?
- Ямарч мэдрэмж төрөөгүй.
-Яагаад, таныг хаанаас тодорхойлсон юм?
- Телевизүүдийн холбооноос тодорхойлсон байх.
Ерөнхийлөгч зүүж өгсөн. За төр өгч байгаа юм байна гээд зүүлээ, гарангуутаа халаасандаа хийчихсэн байхгүй юу. Дахиж би хэзээ ч түүнийг зүүгээгүй. Ичдэг.-Та тэгээд шагналд дургүй юм бол тэр үед нь "Би авахгүй” гээд хэлэхгүй яасан юм?
-Яг даналзаж чадаагүй.
-Нэг намын дарангуйлал тогтлоо гэж ярьцгаах болж. Дарангуйлал тогтох боломж байх уу?
-Үгүй л болов уу. Олон нам гарлаа гээд гавьяа нь юу байсан юм. Өнгөрсөн хорь, гучин жилийг бодоод үзье л дээ. Олон нам байсан уу, байсан. Олонх цөөнхөөрөө хэрэлдсэн үү, хэрэлдсэн. Тэглээ гээд улс орон хөгжөөд, ард иргэдийн амьдрал сайжраад жигтэйхэн гайхалтай болчих нь яасан юм.
-Сонгогчдын саналыг хуурамчаар үйлдэж , сонгуулийг луйвардсан гэж хүмүүс ярьдаг. Луйвардах боломж байхгүй биз дээ?
-Байхгүй болов уу л гэж бодож байна. Янз бүрээр үзлээ шүү дээ. Хардаад, сэрдээд л, тоолж, машиныг балбаж үзээд байхгүй л байгаа биз дээ. Гарчихсан юм нь хаана байна. Тийм юм байхгүй. Одоо ингэж хэрүүл уруул хийж, олон нам болж, Р.Чойномын хэлснээр улс болж тоглож байснаас нэг намд итгэл үзүүлээд тэр нь гараад үзэг л дээ. Бүх л юмыг авлаа шүү дээ. Хийж чаддаг бол хийгээд үзүүл, тийм биз дээ. Нэг нам гарлаа гээд улс орон муудаад, хэмжээгүй эрхт хаант засаг гарна гэсэн юм байхгүй.
Урд Хятадыг хар л даа. Нэг нам байгаа биз дээ. Дэлхийд өнөөдөр цойлж байгаа биз. Ядуу давхарга гэж байхгүй. Бүгдээрээ дунд давхарга руу явж байна. Баян нь хэтэрхий баян. Улс орон, дэлхийг худалдаа, үйлдвэр бүх зүйлээрээ атгаж байгаа биз. Тэгээд муу нь юу байгаа юм. Зүгээр л ойрын жишээ. Зөв бай. Ард иргэд, улс орныхоо төлөө зөв л юм хий. Олон нам байснаар "алаад хаяна” гэсэн юм байхгүй.-МАН гараад бараг жил болчихлоо. Бодлогын хувьд МАН юу хийсэн бол. Хийх боломжгүй юу нэг жилийн хугацаанд?
-Нэгдүгээрт ковид гэж лайтай юм гарч ирээд дэлхийг самраад хаячихлаа. Улс орныг хөгжүүлэхэд эдийн засаг гэх мэт бүх зүйлд бул хар чулуу боллоо. Энэ хэдийг загнаад "муу сайн малнууд” гээд байх хэцүү. Нэг сайн юм нь 2050 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө гаргалаа. Нефтийн үйлдвэр байгуулъя, төмөрлөгийн үйлдвэр байгуулъя, нүүрсээ түүхийгээр нь биш угаадаг болгоё гээд том концевцүүд хэрэгтэй байна. Миний түрүүн хэлдэг шиг ядаж итгэл үнэмшилтэй болъё. Хэдэн жилийн дараа арматурын үнэ "солиорч” байхад дотооддоо хийдэг болъё. Оросоос царай алдаад гуйгаад бензин аваад хэрүүл хийгээд байснаас өөрсдийнхөө хэрэгцээг хангадаг болчихъё. Ганц нэг цахилгаан станц барьчихъя. Оросоос хараат, "Хэзээ орос ах цахилгаан тасалж алах бол” гэх айдас хүйдэстэй амьдарч байснаас өөрсдөө барья. Энэ чинь итгэл үнэмшил биз. Төмөр замаа ирэх жил гэхэд ашиглалтад оруулья. Яамай даа, овоо доо гээд л. Аль хэзээний ингэх байсан юмыг энэ хэд гарч ирээд олонхоороо түрээд хийх гэж байна. Энэ чинь сайн биз дээ. Олонх, цөөнх эрээвэр хураавар юмнууд байсан бол хэрүүл хийгээд салахгүй.
-Монгол Улс парламентын засаглалтай. Олон ургалч үзэл хэрэгтэй биш үү?
-Үгүй, наад 76 чинь хаашаа юм бэ. УИХ-ын 76 чинь 76 хүн биз дээ. Хэвэнд цутгачихсан төмөр цэрэг биш. Наадуул чинь өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, нэг нам ч гэсэн аливаа асуудлыг өөр өөрийнхөөрөө харж байгаа. Намын дарга хашхираад, сайхан муухай хараад нам болдог гэж юу байх уу.
Цаг үе нь өнгөрсөн. Олон боловсролтой, олон мэргэжилтэй, гадаад дотоодод сургууль төгссөн арай нэг олон ургалч толгойнууд орлоо шүү дээ. Хаашаа юм, хайрцаглачихсан шагай юм уу, тийм байхгүй.- Хувь хүний үзэл бодлоос илүүтэй намын бодлого гэж байх болов уу?
-Би сая хэллээ шүү дээ. 2050 он хүртэл концевцийг хэн хийсэн юм. МАН хийлээ шүү дээ. Дотроо баахан юм болж байж хийлээ, тийм биз. Тэгэхээр зөв юмыг олонхоороо түрээд хий. Хамгийн гол хэрэгжүүлэх нь үү, үгүй юу. Худлаа цаасан дээр баахан үлгэр шиг юм зохиож уу гэдгийг харах л үлдэж.
-Залуу Ерөнхий сайдтай Засгийн газар байгуулчихлаа. Засгийн газрыг унагаах тухай гарын үсэг цуглуулсан гэсэн "бор шувуу” нисээд эхэлсэн?
-Гайгүй болов уу л гэж бодож байна. Одоо халж, солиод ч эцсийн эцэст хэн хожих юм. Улс төрийн тоглоомоор бид хангалттай тоглуулсан. Энэ засаг тогтвортой баймаар байна. Хална, солино гээд байх юм бол хэн хохирох юм, Л.Оюун-Эрдэнэ хохирох юм уу. Ард иргэд л хохирно. Нийтээрээ л амсана.
Зүгээр кабинетын гишүүд дотроо бол халаа солио хийх ёстой. Тэр нь Оюун-Эрдэнийн бүрэн эрхийн асуудал. Ажил хийж чадахгүй, асуудлаа мэдэхгүй бол үтэр түргэн зайлуулах ёстой. Тэглээ гээд засаг ганхаж байгаа биш. Шинэчлэл аль ч улсад байдаг. Ерөөсөө сонин биш. Би чанаржуулаасай гэж бодож байна.- Аль сайдуудыг "няслаад” явуулаасай гэж харж байна?
-Нэрлээд яах вэ дээ.
-Та хэлчих л дээ?
-Тэртээ тэргүй одоо олон нийт харж байгаа.
-Юуг?
-Ямар сайд сайн, муу ажиллаж байна гэдгийг.
-УИХ-ын зарим гишүүд хууль санаачилж, боловсруулах ажлаасаа хазайгаад улс төрийн тоглолтууд гэх юм уу, улс төрийн ашиг хонжоо, уул уурхай, бизнес ч юм уу зүйлүүд дээр зөрчилддөг. Камер харахаараа өөр юм яриад, бүлгийн хурал, чуулган дээр тэс өөр юм ярьдаг. Энэ талаар таны бодол?
-Аль ч парламентын үед иддэг уудаг хуулийн цоорхойг ашигладаг, өөрт тааруулж хууль хийдэг асуудал зөндөө байсан. Энэ засгийн үед үүнийг нь идчихье, үүнийг цөм цохичихъё гэсэн юм гарахгүй. Надад хардаж сэрдээд байх юм алга. Уг нь Л. Оюун-Эрдэнэ гайгүй шударга юм шиг. Хүрэлсүх нь ч шударга талдаа. Тэгээд цавч л даа. Үнэхээр идэж уух гээд новшроод байгаа улсуудыг үтэр түргэн зайлуул. Бүх эрх мэдэл нь байна шүү дээ. Ажлаа хий.
-Цавчина гэхээр?
- Идэж уусанг нь зайлуулаад цагдаад өг. Орон шорон байдаг бол хийгээд төрөө цэвэрлэ. Хятад ёстой мундаг цэвэрлэж байна. Авилга авсан бол цааз.
Нэг бол бүх насаар нь шоронд хорино. Яагаад болдоггүй юм. Одоо Х.Нямбаатараар ахлуулсан Авилгатай тэмцэх комисс байгуулагдлаа. Сайн байна. Идэж уудаг хэдэн юмаа зайлуулаад, шанг нь хүртээх ёстой. Төр гэж байдгийг үзүүлээд өг.-Таны улс төрийн чиг баримжаа яг хаашаа вэ. МАН тал руугаа юу, АН бол биш байх?
-Хүн өөрийнхөөрөө байдаг. Үнэт зүйл гэж юу юм. Хүн өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх. Аль нам байх нь хэнд хэрэгтэй юм. Тэглээ гээд яах юм, ажлын байр өгч цалин нэмэх юм уу, авилга өгөх юм уу надад. Түй чорт.
-Албан тушаал хэрэггүй гэж үү?
-Ямар ч хэрэггүй, тэр хогоор яадаг юм. Би чамд хэллээ. Хүн өөрийнхөө чаддаг, дуртай зүйлээ хийж амьдрах нь чухал.
-Албан тушаал, эрх мэдэлгүй хүн хэн ч биш болчихсон цаг?
-Би одоо албан тушаалаар яах юм бэ. Чи өөрөө дуртай бол тэр албан тушаалаа л хөөцөлд.
-Би албан тушаалд дуртай биш л дээ?
-Тэгээд. Ямар ч албан тушаал, эрх мэдэл, гавьяа шагнал хэрэггүй . Б и өөрийнхөөрөө л байна. Тэгээд болоо.
-Таны охин 25 дугаар телевизэд ажиллаж байсан. Сүүлд МАНын Хэвлэлийн албаны даргаар очсон. Одоо Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчаар томилогдсон. Таныг МАН-ын гишүүн болсон юм болов уу гэж харсан?
-Хүүхдүүд амьдрал, хувь заяагаа өөрсдөө шийднэ. Түүнээс аав тэглээ, ээж тэглээ гэх үү, өөрөө толгойгүй юм уу.
Өдий насанд хүрсэн хүүхдүүд өөрсдийн замаар амьдрах ёстой. Юу бодож, сэтгэж, санаж байна түүнийгээ л хийг. Аль нам байх нь надад ёстой түй чорт. Ажлаа сайн хийх нь чухал. Манай хүүхэд МАН-д орчихсон. Би МАН-ыг өмөөрөхгүй бол болохгүй гэх ямар хэрэгтэй юм.-Охин тань томилогдсон уу, томилогдоогүй байгаа юу?
-Томилогдсон. Тэр надад хамаагүй. Өөрийнхөө үзэл бодол, хүслийг дагаад тийшээ явсан. Би тэгээд сайн байна, муу байна, буруу зөрүү гэж хэлэх, би хэн юм бэ.
-Та охиндоо хэр зөвлөдөг вэ?
-Зөвлөдөггүй. Өөрийнхөөрөө яваг. Миний зөвлөгөө заавраар хүн амьдарна гэж байхгүй. Өөрөө асуудлаа шийдэг. Би өөрийнхөөрөө явж байгаа хүн. Тэр хүн ч гэсэн өөрийнхөөрөө яваг. Алдвал алдаа л биз, оновол оноо л биз. Өөрөө өөрийнхөө сонголтыг л хийсэн. Би ер нь хүүхдийн амьдралд ордоггүй. Орохыг ч хүсдэггүй.
-Хувийн амьдралд нь ч гэсэн үү?
-Тийм. Зөвлөхгүй.
-Яагаад?
-Тэр хүний л асуудал. Аав ээжийн үгийг сонсоод амьдардаг хүн байхгүй. Хэдэн хүүхэд, цалингаа юунд зарах, надад ямар хамаатай юм бэ. Би тэр хүүхдийг сургууль соёл төгсгөөд, хүн болгоод л тавьчихсан. Тэр хүн алдах онох, юу хийх нь ерөөс сонин биш.
-Танаас т услалцаа хүссэн үед мэдээж тусална биз дээ, эцэг нь юм чинь?
-Боломж байвал тусална.
- Таарай чөлөөт сэтгэлгээтэй юм?
-Миний байгаа нь л тэр. Хэдэн ач зээгээ "ваа, ваа” ингээд л байдаг ч үгүй. Хүүхдүүддээ анхнаасаа би хэлдэг. "За найзаа сургууль соёл төгсгөлөө, тийм үү. Бусад нь бол чиний амьдрал. Би одоо өөрөө амьдармаар байна. Гэр бүлтэйгээ. Хэд наслаа ч билээ. Тэгэхээр өөрт оногдсон амьдралаа би өөрийнхөөрөө шийдье.
Хэд гурван цаас байдаг бол гадагшаа дотогшоо явж, юм үзчихье. Өөрөө нэг аятайхан хэл амгүй, та нартай чаргууцалдахгүйгээр ингэж амьдаръя, өөр өөрийнхөө амьдралыг л дагая. Байртай, байргүй, машинтай, цалин мөнгөтэй байна уу тэрийг өөрөө шийд. Би тэр хүний өөдөөс ял үүрч байгаа биш. Чирч явах юм уу хаашаа юм, ямар ч хэрэггүй шүү дээ.-Та улс төрд эргэж орох уу?
-Тэнэг л биш бол юу гэж тийшээ ордог юм.
-Тэгж хэлээд л хүмүүс ороод байдаг?
-Би яаж мэддэг юм. Тэр хүмүүс орох дуртай юм байгаа биз. Би тийм тэнэг биш. Би өөрийнхөөрөө л байна.
- Цаашдаа уран бүтээлийнхээ ажилдаа л түлхүү анхаарна гэсэн үг үү?
-Тийм. Хүн өөрийнхөө аквариум дотор л жаргалтай байдаг. Загасаа бариад л явж байна. Бусад нь надад сонин биш. Хийхийг ч хүсэхгүй. Хийх сонирхол ч байхгүй. Амьдралд их юм битгий хүс. Яагаад гэвэл чи амьдралыг хар. За нэг 60, 70 нас хүрээд дуусаж байгаа биз. Тийм учраас өөрийгөө зовоогоод их мөнгөтэй болох гээд, аймаар тансаг юм хэрэглэж тэнэгтээд байх хэнд хэрэгтэй юм. Яах юм чи, тэр хогоор, новшоор, лай л болно.
-Та тансаг хэрэглээтэй юм биш үү?
-Үгүй шүү.
-Яагаад?
-Би одоо тансаг хүн гэж үү. Би зүгээр л нэг дундаж дэлгүүрээр үйлчлүүлдэг.
-Тэгвэл таны зүүж байгаа цаг хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
-Ний нуугүй хэлэхэд, манай найз бэлэглэсэн, энэ цагийг.
Бэлэгний шүдийг асуудаггүй биз дээ. Хүнээс бэлэг авчихаад хэдэн төгрөгний цаг вэ гэх юм уу. Гэхдээ энэ тансаг, үнэтэй ч цаг биш. Үсрээд 200 доллар орчим байх.-Таны амьдралдаа худалдан авч байсан хамгийн үнэтэй эд юу вэ?
-Байхгүй. Надад үнэтэй костюм ч байхгүй.
-Та арай худлаа яриад байна уу?
-Хамгийн энгийнээр амьдаръя л даа. Илүү дутуу юм битгий шүт. Хэдэн солих ээлжийн хувцастай, ганц аяга хоол иднэ, манайх гурван өрөөнд амьдардаг. Нийтийн байранд. Өөр юу хэрэгтэй юм, нэг унах машин байна. Болоо юм биш үү. Таван өрөөгөөр би яах юм. Орох ч үгүй шүү дээ тийшээ чинь.
-Тохитой гоё юм биш үү?
-Ямар хэрэгтэй юм. Тэр нь шиг лай гэж байхгүй. Тийм учраас жирийн л амьдар. Тэр нь амьдрахад амар байдаг байхгүй юу. Тэгэхээр хүн жаргалтай болдог.
-Та одоо жаргалтай байна уу?
-Би жаргалтай байна. Яагаад гэвэл хоол, гэр орон байна. Хөл дүүжлэх машин байна. Үр хүүхдүүд биеэ даагаад явчихлаа. Дуртай ажил байна. Тэгэхээр би жаргалтай байхгүй өөр хэн жаргалтай байх юм, тийм биз дээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих