Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулан УИХ-д өнгөрсөн хавар өргөн барьсан. Уг хуулийн төсөлд мэдээлэл хариуцагчаас олон нийтэд заавал нээлттэй ил тод байх мэдээллийн төрөл, зүйлийг нэмэгдүүлэн хамрах хүрээг өргөжүүлсэн нь сайн талтай. Гэвч зарим зүйл, заалт нь иргэдийн мэдээлэл чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрхийг зөрчих, улмаар төрийн ил тод байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Иргэдийн мэдээлэл эрж хайх эрхийн эхэнд төрийн мэдээлэл ордог. Төрийн мэдээлэл нээлттэй, нийтийн өмч байх ёстой. Гэтэл бодит байдалд иргэд төрөөс мэдээлэл авахын тулд өөрийн хэн болох, зорилго, шалтгаан, тухайн мэдээллийг юунд ашиглах, сэтгүүл судалгаанд ашиглах гэж байгаа гэхчлэн "долоон булчирхай”-гаа тоочих болдог. Түүнчлэн мэдээлэл олж авах /амаар, бичгээр/, түүнийгээ түгээх эрх гэж бий. Тэгвэл энэ эрхүүдийг Нийтийн мэдээллийн тухай хууль баталгаатай хангаж өгч чадаж байна уу.
Мэдээллийн эрх чөлөөний бүлэг эрхэд эрж хайх, олж авах, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтдаг. Хуулийн төсөлд тусгаснаар нээлттэй өгөгдлийн жагсаалтыг Засгийн газар батална гэжээ.
2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль бол мэдээлэл ил тод байх ёстойг тунхагласан. Сүүлд Шилэн дансны тухай хууль гарснаар илүү нарийн болгосон гэж болно. Гэхдээ тэдгээр хуулиар зохицуулаагүй мэдээллийг очоод асуухад тухайн иргэн, сэтгүүлчийн мэдэх эрхийг хангах асуудал хуульд хэрхэн тусгасан нь тодорхойгүй явж ирэв. Энэ бүхэнд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл хариулт өгөх учиртай. Харамсалтай нь энэ чиглэлд олон "цоорхой” байна. Хуулийн төслийн талаар "Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгийн байр суурийг хүргэе.
-Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж ангилаад, хуулиар хязгаарлалттай, хаалттай гэж тодорхойлсноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана гэж тусгажээ. Гэтэл иргэд энд зааснаас бусад мэдээллийг яаж авах вэ. Эсвэл ийм эрхгүй гэсэн үг үү?
-Монгол Улсад мөрдөж ирсэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжид анх удаа "хаалттай” болон "хязгаарлалттай” мэдээлэл гэсэн цоо шинэ ойлголт нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Хуулийн төсөлд тодорхойлсноор "Танилцах ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж үзнэ” гэсэн байх бөгөөд тус ангилалд багтсан мэдээллийг эрж хайх, олж авах, түгээх эрх чөлөөгөө эдлэхийн тулд мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан байх шаардлагыг заажээ. Ийм шаардлага тавих нь төрийн мэдээлэл дээд зэргээр ил тод байх, нууцалбал зохих мэдээллийг зөвхөн нийтийн эрх ашгийн шалгуурыг баримтлан хуулиар тогтоосны үндсэн дээр нууцлах олон улсын зарчимтай зөрчилдөж байна. Нөгөө талаас нэгэнт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хувь хүний нууцын тухай хууль гэх мэт холбогдох хуулиар ямар мэдээллийг нууцлах, нууцлахгүйг тодорхой зохицуулсан нөхцөлд мэдээлэл хүсэгч иргэнд зорилгоо танилцуулах, мэдээллийн эзний зөвшөөрлийг авах гэх мэтээр хариуцлага үүрүүлсэн нь иргэдийн мэдээлэлтэй байж төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад оролцох боломжийг боогдуулах эрсдэлийг бий болгож байна гэж үзэх үндэслэлтэй.
-Хязгаарлалттай мэдээлэл гэсэн ангилалд албаны нууцын жагсаалтад орсон мэдээлэл ихэнх хувийг эзлэх бололтой?
-2016 онд УИХ-аас Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталснаас хойш албаны нууц нэрээр төрийн байгууллагууд мэдээллээ аливаа хяналтгүйгээр нууцлах боломж нээгдсэн. Энэ нь төрийн ил тод байдлыг алдагдуулах иргэдийн мэдээлэл олж авах эрхийг ноцтой зөрчих эрсдэл бий болсон. Энэ хууль 2016 онд батлагдсанаар албаны нууц гэдэг ойлголт цоо шинээр бий болж "задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Энд тодорхой мэдээллийг нууцлахад нийтийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх талаар шалгуурыг огт харгалзаж үзээгүй. Үүний зэрэгцээ албаны нууцын хүрээг ч тодорхой заалгүй орхигдуулсан. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд "Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл төрийн нууцад үл хамаарах мэдээллийг албаны нууцад хамааруулж тогтоохгүй” гэж заасан байгаа нь дээрх алдааг засах оролдлого гэж ойлгож байна. Цаашид Төрийн болон албаны нууцын тухай хуульд зохих өөрчлөлт оруулж "албаны нууц”-д оруулж нууцлахыг хориглох мэдээллийн хүрээг зааж тодруулах шаардлагатай байгаа ч Нийтийн мэдээллийн тухай хуульд дээрх заалтыг тусгах байдлаар засах гэж оролдох нь оновчтой шийдэл гэж үзэхгүй байна.
-Мэдээлэл эрж хайх, олж авах, түгээх эрхийг хангахтай холбоотой заалтууд эсрэгээр хэрэгжих үндэслэлтэй гэж ойлгогдож байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хуулийн төслийн есдүгээр зүйлд "хязгаарлалттай мэдээлэл" авах тохиолдолд мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан нөхцөлд олгох мэдээллийг гэж тодорхойлсон байна. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа:
Мэдээлэл авах зорилго
Мэдээлэл боловсруулах, ашиглах хүрээ, хадгалах хугацаа
Мэдээллийг ил болгох эсэх
Мэдээллийг бусдад дамжуулах эсэх
Зөвшөөрлөө цуцлах гэхчлэн нөхцөл тавих нь хуулийг хэрэглэх явцад ойлгомжгүй байдал үүсгэх, улмаар мэдээлэл авах эрхийг боомилох нөхцөл үүсгэх үр дагавартай.
Мэдээллийн эрх чөлөөний бүлэг эрхэд эрж хайх, олж авах, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтдаг. Хуулийн төсөлд тусгаснаар нээлттэй өгөгдлийн жагсаалтыг Засгийн газар батална гэжээ. Энэ жагсаалтад ямар өгөгдөл тусах нь тодорхойгүй нөхцөлд хуулиар нууцлаагүй төрд байгаа нээлттэй мэдээллийг иргэн, иргэний нийгмийн байгууллага, бусад эрх бүхий этгээд нээлттэй өгөгдөл болгон ашиглахад аливаа байдлаар саад хийх нь мэдээлэлтэй байх эрх чөлөөг үндэслэлгүй хязгаарлаж буй хэрэг болно.
Иргэн Үндсэн хуульд заасан "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар” мэдээлэл хайн хүлээж авсан бол түүнийг хэрхэн ашиглах талаар хүсэлт гаргах нь төрөөс Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд нь хяналт тавьж, зохицуулах гэсэн оролдлого болох бөгөөд мэдээлэлтэй байх эрхийг үндэслэлгүй хязгаарлаж буй хэрэг болно. Мэдээллийг хаалттай, хязгаарлалттай мэдээлэл гэж шинээр ангилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөж, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг дордуулах эрсдэл үүсгэж байна.
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35750
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих