БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож хилээ хаагаад байгаа. Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомстол үүсчээ. Мөн зөвхөн нарийн ногооны үнэ өсөж, зарим нэрийн бараа тасарсангүй. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ч доголдоход хүрчээ. Тэгвэл бараа бүтээгдэхүүн, хүнсний үнийг томоохон худалдааны төв, захуудаас сурвалжиллаа.
АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ 2-3 ДАХИН ӨССӨН УЧИР ҮНЭЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ
Барилгын материалын дийлэнх нь импортоор, ялангуяа БНХАУ-аас орж ирдэг учраас хил гаалийн асуудалд хамгийн их өртдөг. Барилгын материал, сантехникийн тоног, төхөөрөмжийн үнийн талаар 100 айлын "Jobi” барилгын материалын худалдааны төвөөс тодрууллаа.
"Jobi” худалдааны төв рүү ормогц худалдагчид бие биеэсээ "Тэднийд тасарчихаж, агуулахад нь алга. Танд байна уу” гэж бараа бүтээгдэхүүнээ илүүчлэн асууж байв. Үүнээс харахад хил гаалийн асуудал энэ чигээрээ удвал хагас жилд 1.45 дахин өссөн барилгын материалын үнэ дахин "тэнгэрт хадах” бололтой. Энэ талаар сантехникийн бараа, бүтээгдэхүүний худалдагч Ц.Найдансүрэн "Сарын өмнө арав гаруй сая төгрөгийн бараа захисан.
Хил хаасан учраас удаашрах нь тодорхой боллоо. Үнийн өсөлт нь зөвхөн хил хааж хомстол үүссэнээс шалтгаалаагүй. Ачаа тээврийн үнэ 2-3 дахин өссөн. Тухайлбал, нэг бойлуурыг 35 юаниар ачуулдаг байсан бол одоо 100 юань болсон байх жишээтэй.
Нэг бараа бүтээгдэхүүн худалдан авах үнээсээ ачааны үнэ давчихсан. Ачаа тээврийн үнийг гэрээ хийж буулгасан гэж байгаа ч бодит байдал дээр буусан зүйл байхгүй. Тэгэхээр бид алдагдал хүлээхгүйн тулд барааныхаа үнийг нэмэхээс өөр сонголтгүй шүү дээ. Одоо байгаа бараанууд эхнээсээ дуусч байна. Жишээлбэл, бохирын хоолой тасарсан. Зөвхөн БНХАУ-аас орж ирдэг бараа бүтээгдэхүүнд хомстол үүсээгүй. ОХУ-аас орж ирдэг сантехникийн болон бусад барилгын материал бага орж ирж байгаа” гэв. Сантехникийн бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жилтэй харьцуулахад доод тал нь 10 мянгаар нэмэгдсэн талаар 100 айлын "Jobi” төвийн худалдаачид хэлж байлаа. Мөн ханын цаас 2000-5000 төгрөгөөр өсчээ. Үүний зэрэгцээ хил хаагдсан нь үндэсний үйлдвэрлэгчид ч нөлөөлсөн байна. Тухайлбал, "Монгол паар” компаниас алчуур хатаагч үйлдвэрлэж байгаа эсэхийг тодруулахад "Эрээний хилийн боомт хаагдсан учраас түүхий эд тасарсан. Хил нээгдэхээр хийж эхэлнэ” гэсэн юм.
"НАРИЙН НОГООНЫХОН ЛАНГУУГАА ЦЭВЭРЛЭЭД ЯВЧИХСАН”
Манай улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг бол нарийн ногооныхоо 25 хувийг л дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Тэгэхээр хил гаалийн асуудал үүсэхэд тэргүүн эгнээнд нарийн ногоо тасалдаж үнэ нь хэд дахин нугалардаг нь иргэдийн бухимдлын төрүүлсээр байгаа. Тэгвэл энэ удаа ч нарийн ногоо тасарч "Бөмбөгөр” захын нарийн ногооныхон хэдийн лангуугаа цэвэрлээд явчихжээ. Энэ талаар "Бөмбөгөр” захын ногооны худалдагчид "Энэ жил нарийн ногоо төдийгүй төмс, луувангийн үнэ өмнөх жилүүдээс өндөр байгаа. Тариаланчдын зүгээс бидэнд ургац бага хураасан учраас өндөр үнэтэй байгаа шүү л гэдэг. "Алтан намар” хямдралтай худалдааны үеэр ч өндөр байсан.
Хураалт бага учраас ногооны үнэ харьцангуй эрт нэмэгдэнэ. Өдөр бүр бөөний үнэ нь 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж байгаа учраас жижиглэнгийн үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдэж байгаа. БНХАУ-аас орж ирдэг жимс, нарийн ногоо 50 хувь өссөн” гэв.
Түүнчлэн дотоодын хүнсний үйлдвэрлэлийнхэн урдаас сав баглаа боодлоо захиалж хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор зарим хүнсний үйлдвэрлэгчдийн сав, баглаа боодол тасарч асуудал үүссэн байна. Энэ мэтээр хил хаагдахад импортыг орлох үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа доголдож байгаа нь бид импортоос бүрэн хамааралтайг харуулж байна. Хэдийгээр дотооддоо үйлдвэрлэж байгаа ч түүхий эдээ импортоор оруулж ирж байна. Тэгэхээр өнөөдрийн хил гаалийн асуудал нь аливаа бараа бүтээгдэхүүнийхээ гол түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн цагт үндэсний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө гэдгийг тод харуулж байна.
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35759
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих