УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий "Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас хоёр сарын өмнө шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлсэн байдаг.
Түүний үүсгэн байгуулсан "Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-аас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуувилдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэдэг нь тогтоогджээ. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд "Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах "Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон юм.
Мөн үүгээр ч зогсохгүй тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь "Дорнод гурил” ХХК-ийг ЖДҮ эрхлэгчээр бүртгэж, авч байжээ. Тодруулбал, тэрбээр бүртгэж авсан албан бичигтээ "Танай компаниас (РД: 20111255) ирүүлсэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлт болон холбогдох материалуудыг судалж үзэхэд ЖДҮ-ийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн болохыг үүгээр уламжилж байна” хэмээжээ.
Тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь жилийн 2.6-8.3 тэрбумын борлуулалттай тус компанийг ЖДҮ эрхлэгч хэмээн хууль бусаар бүртгэсэн гэсэн үг. "Дорнод гурил” ХХК-ийн борлуулалт жил ирэх тусам өсөн нэмэгдэж, 2011 онд 2.6 тэрбумын борлуулалттай байсан бол ЖДҮХС-аас зээл авахынхаа өмнөх жил 8.3 тэрбум болж өссөн байна. Энэ нь Х.Болорчулуун гишүүн албан тушаалаа ашиглаж, хэдэн тэрбумын орлоготой хувийн компанидаа иргэдийг боломжийг хулгайлж, боломж олгосон гэсэн үг юм.
Хууль хяналтын байгууллагаас хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс гадна сангаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр Х.Болорчулууныг шалгаж дуусаад нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж, УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эгүүлэн татах албан бичгийг УИХ-д хүргүүлвэл түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түтгэлзүүлэн шалгах үндэслэл бүрдэх юм.
Улсын ерөнхий прокурор УИХ-д хүсэлт хүргүүлсэн бол 48 цагийн хугацаанд уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Х.Болорчулууныг яллагдагчаар татаж болзошгүй юм.
https://ergelt.mn/news/1/single/15064
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих