- Гуравдугаар сарын 3 буюу өнөөдөр дэлхийн амьтан ургамлын өдөр-
Заан дэлхийн хуурай газрын амьтдын дотроос хамгийн том нь бөгөөд жингийн тавган дээр таван тоннын ЗИЛ-130-тай ижил жин дардаг гэдгийг хэн хүнгүй мэднэ дээ. Харин түүнд тохиосон энэ агуу хувь заяа нь түүнийг даанч өрөвдөлтэй амьтан болгосныг тэр болгон анзаардаггүй байж болох. Зааныг нүүр царайнаас нь харахад л ааш араншин нь ямар болох нь яг тодорхой. Монголчууд бид хамгийн удаан бөгөөд дөлгөөн хүнийг түүнтэй зүйрлэдэг нь зүйн хэрэг. Мэдээж аварга тэр том биеийг яаж ч түргэн шаламгай хөдөлгөх билээ, тэгээд ч угаасаа удаан хөдөлгөөнтэй амьтнаас мэдээж яагаад ч огцом түргэн ааш араншин гарахгүй нь лавтай.
Заан бие биендээ их тусархаг, ганцаараа биш сүргээрээ амьдарна, дэм дэмэндээ л явахгүй бол ганц заан хэзээ ч "гал болдоггүй”. Сүргийн ахлагч нь эм заан байх ба эрчүүд нь бол харин сүргээс сүрэгт нийлэн зохицож амьдардаг золбиндуу маягийн мангардуу амьтад. Азийн ёс заншилд заанууд мэргэн ухааны бэлэг тэмдэг байдаг бөгөөд тэд ой тогтоолт, ухаантай гэдгээрээ алдартай юм.
Үнэндээ тэдэнд маш гайхалтай ой ухаан байдаг. Тэд юуг ч мартдаггvй. Хэрвээ зааныг хэн нэгэн гэмтээвэл маш удаан хугацааны туршид түүний ой ухаанд энэ нь хадгалагдан үлдэнэ, хариугаа заавал авна. Мөн заан тэдэнд сайхан хандсан бvх хvнийг мартдаггvй. Тэд газар нутгаа сольсон ч хvнсээ уух зvйлсээ маш хурдан олох чадвартай. Тэдэнд маш гайхалтай нууцлаг бусад төрлийн амьтдад байдаггvй нэгэн оюун ухаан байдаг. Хэрвээ нэг заан нь гэмтчихвэл бусад нь тvvнд тусалдаг. Тэд амьдарч байгаа орчиндоо уйлж инээж тоглож ажиллах чадвартай. Харамсалтай нь түүнийг нь сонсох мэдрэх чадвар бидэнд байхгүй. Ингээд бичээд байвал байвал зааны тухай маш олон зvйл байдаг ч түүнийг дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэг гэж батлахад эдгээр зvйлс хангалттай байх гэж бодож байна.
Хэдэн жилийн өмнө би Шри Ланкийн нэгэн дархан цаазтай газраар явж байгаад ихээхэн устай том голыг сүрэг заан гаталж байгаатай таарав. Үхрээр бол бярууны дайтай биеэр арай багавтар нэг нөхөр эрэг дагаж дээш доош хэрж гүйж орлиод ус руу орж өгдөггүй. Сүргийн ахлагч бололтой нэгэн томхон заан нөгөөхийг чинь хошуугаараа ганцхан түлхэж ус руу оруулангуут сүрэг дундаа хийж аваад зугуухан урагшиллаа. Хорвоо дээр уснаас айдаг ховорхон амьтдын тоонд монгол хүн бас зарим заан ордог санж.
Усанд үнэхээр мундаг сэлдэг амьтан юм билээ. Зааны аварга том бие их усанд үе үе далдрах авч, урт хошуугаа дээш нь сунган гаргаж агаар сорон газар дээр явдаг шигээ зугуухан урагшилсаар их мөрнийг туулах нь харууштай. Жижгүүд нь аав ээжийнхээ нуруун дээр үүрэгдэн бяцхан хамраараа хааяа мөн агаар сорсоор торохгүй гаталж байлаа.
Усны цаад эрэг нь өндөр учир нөгөө ус руу орж чадахгүй орилж гүйгээд байсан аймхай туучий чинь гарч чадахгүй бас сүйд болох дөхөв өө, чааваас. Энэ үед нь мөн л ахлагч тэргүүлэн ус руу орж сүргээрээ тойрч зогсож байгаад нөгөөх эрийг хошуугаараа халбагадан шавраас суга татаж гаргаад холоо гэгч шидчихэж байгааг харахад бахдалтай.
Зааны урт хошуу буюу хамар маш их үүрэгтэй аж. Түүнгүйгээр зааны амьдралыг төсөөлөхийн ч аргагүй юм. Бидний хамар зөвхөн амьсгалах, үнэрлэх хааяа найтаах үүрэгтэй бол заан энэ урт хамраараа амьсгалахаас гадна хоолоо олж иднэ. Үхэр өвсийг хэлээрээ ороож иддэг бол заан хамраараа ороож байгаад ам руугаа өлгөж авч иднэ. Нохой усыг хэлээрээ долоож уудаг бол заан хамраараа соруулж байгаад ам руугаа цутгаж ууна. Нэг удаад арван литр ус сорж аваад ам руугаа цутгадаг гэсэн.
Усанд орж буй зааны бяцхан тугалууд нь хүртэл жаахан хүүхдүүд аятай хамраараа бие бие рүүгээ ус шүршин тоглоцгоох нь тун өхөөрдмөөр. Заан ухаантай амьтан гэдгийг циркийн гайхамшигт үзүүлбэрүүдээс нь бид мэднэ. Аварга том биеэрээ бөмбөгөн дээр гарч зогсон чөлөөтэй өнхөрүүлж хүмүүсийг гайхшруулж чадна. Хүмүүн бид ч хэн дуртай нь энэ үзүүлбэрийг хийж чадахгүй.
Урт хошууныхаа үзүүрт жижигхэн харандаа хавчуулж байгаад гайхалтай гоё зурж үүнийхээ төлөө багагүй мөнгийг эзэндээ олж өгдөг заан АНУ-д байдаг гэнэ. Тэрээр өөрийгөө зурах дуртай, энэ зургийг нь нэгэн баян эр 700 доллараар худалдан авсан үүнийг нь Гиннесийн номонд бичсэн тухай саяхан интернетэд бичсэн байна лээ.
Хос заануудын хоорондоо шивнэх хайрын нууц үгийг бидний чих сонсох чадваргүй. Нам давтамжтай авиа нь маш хол газар сарнилгүйгээр тархдаг тул тэд 20-30 км-ийн холоос бие биентэйгээ чөлөөтэй харьцдаг болохыг эрдэмтэд дөнгөж саяхнаас л мэдэх болжээ. Харин бусад амьтдыг айлган сүрдүүлэхийн тулд уур нь хүрсэн үедээ хяхтнан орилох дуу нь үнгэлцэг хагалчихаар үнэхээр аймшигтай. Заан мөн ганцхан чих бус, хөлийнхөө тусламжтайгаар ирж буй аюулын дохиог хүлээн авдаг байна. Уг нь том чихтэй болохоор зааныг сайн сонсдог гэж бодмоор. Харин зааны хөл нь хөрсний үл ялиг чичиргээг ч мэдрэх чадвартай. Тиймээс араатан амьтан ойртсон, ямар нэгэн аюул тохиолдсон үед хөлөө дэвсэлж, бусдадаа дохио өгнө. Ингэж тэд хоорондоо хэл амаар биш хөлөөрөө харьцдаг байна.
Заан улаан номонд орсон амьтан боловч заримдаа Энэтхэгийн хөдөө тосгод руу дайран орж ирж хүүхэд хөгшдийг сүйдэлчих дөхдөг тул алж байж яс салахаас өөр аргагүй болдог гэнэ. Амьдрах орчин нь хүмүүсийн их түрлэгт шахагдан жижгэрч байгаа энэ үед юундаа тэгтэл уур нь хүрээд байгааг тааж ядах юмгүй.
Байцааны гадна талын навч шиг далбагар том чих нь биеийн дулааныг нь гадагшлуулан хөргөх өөрөөр хэлбэл машинаар бол радиотарын үүрэг гүйцэтгэхээс гадна холоос дуу авиаг ялгаж сонсоход нь тусална, бусад амьтыг айлган сүрдуулэхэд бас хэрэг болно. Уур нь хүрсэн заан холоос хоёр чихээ дэлбийлгэчихээд гүйгээд ирэхэд ямар ч амьтан ер нь өмдөндөө тавина даа, тавина. Зааны тархины бүтэц нь хүнийхтэй маш төстэйгээр үл барам тэдний ой санамж нь хүнийхээс хэд дахин илүү байж болохыг эрдэмтэд илрүүлжээ.
Аварга том биеийг хүн шиг авч явах гэдэг заанд маш их ачаалал өгдөг нь мэдээж. Өдөрт ядаж л 100 кг хоол олж идэх хэрэгтэй. Үүний тулд хэдэн арван километр алхана, ургаа модыг түлхэж түрж унагана, хөлөөрөө дэвсэж няцална гээд бас иххөдөлмөрлөх ёстой. Идсэн хоолных нь дөнгөж хагас нь биед нь шингээд бусад нь баас болоод гарчихдаг тул бүр их идэх хэрэгтэй. Шри Ланкад зааны ферм байгуулан түүгээрээ хангалттай ашиг олдог олон аж ахуй байдаг юм билээ. Энэ том амьтны идэш тэжээлийнх нь үнийг өөрсдөөр нь олуулахын тулд эзэд нь хоёр нарны хооронд үхтэл нь ажиллуулдаг гэсэн. Тийм учраас заан маш их ядарна. Ядарсан заан модны сүүдэрт хөгшин хүн аятай хажуулдаж унтдаг. Ямар ч том мод тэр агуу амьтныг сүүдрээрээ халхалж эс чадах тул нөгөө байцааны хальс аятай далбагар чихээрээ нүдээ таглаж байгаад унтана даа.
Хамраараа том том модыг түрэн хуга татаж байгааг харахад бахархууштай ч байгаль орчны сүйтгэл талаас нь бодоход жаахан тиймэрхүү. Соёон дээрээ тохож аваад том том гуалин зөөнө, хошуугаараа ачаа үүрнэ. Хүнтэй адилхан солгой заан гэж байдаг гэнэ. Ийм зааны баруун талын соёо нь илүү урт бахим ургасан байдаг ба энэ талаараа ачаа ч илүү даадаг гэсэн.
Нийлүүлэг нь их сонин, эр заанууд хоорондоо цусаа гартал үзэлцэж байж давуу эрхээ олж авах ба эм нь туслахгүй бол эр нь ажлаа хийх чадваргүй. Эмийнхээ нуруун дээр урт хамраа тохож байгаад л элдээд л байна, элдэээд л байна. Эм заан нилээд хол гүйж байж ороо дур нь ордог амьтан бололтой юм билээ. Дараа нь нам зогсож хойшоогоо оцойж бөгсөө шахаж байгаад эр заанаа мордуулна. Нэгэнт зовж байж хоёр эрхтнээ нийлүүлснийх нилээд удна аа. Ажлаа амжуулчихаад эмийнхээ нуруун дээрээс буухад эрийнх нь салтаанд хушуунаас нь дутахааргүй урт гонжгор юм савалж харагддаг юм билээ. Энэ ажлаас хойш хоёр жил гаран болж байж бяцхан үр мэндлэнэ дээ. Тугалын эхээс гарах жин нь 120-130 кг . Ихэнх амьтдын хөх салтаандаа байдаг бол зааны хос хөх хүнийхтэй адил цээжиндээ байна. Нялх үрээ хоёр ой өнгөртөл нь дэргэдээ авч явж хөхүүлж байгаад аажим аажмаар хоолонд оруулна.
Зааны арьс бараг бүдүүн эрийн эрхий хуруунаас зузаан тул арслангийн шүд ч эс даах аж. Олон арслан ганц зааныг ангайлж хөөсөөр эцээж аваад унагасныхаа дараа тал талаас нь хэмлэх боловч шүд нь арьсыг нь үл нэвтлэх аж. Нөгөөх нь жаахан амарч хэвтэж байгаад ганцхан ухасхийн дээрээ байсан арслангуудыг сэгсрэн ширвэж орхиод гүйгээд одох нь үнэхээр бахархууштай.
Заан мөн бидэнтэй адил, дунджаар жар дал насална. Үхэх нь дөхөөд ирэхээрээ энэ дэлхийтэйгээ салах ёс гүйцэтгэн өнгөрсөн амьдралаа дурсаж байгаа мэт голын их усыг тольдон яг нөгөө Явуу найрагчийн шүлэгт гардаг хөгшин тэх аятай хэдэн өдрөөр зогсдог гэсэн. Энэ үед сайн ажих юм бол угаасаа үрчгэр арьс нь улам үрчийн атирч, цэг шиг жоохон нүд улам жижгэрэн гал цог нь бүр унтарсан мэт харагдах ажгуу. Тэндээсээ явж залуу заан эрчүүдтэйгээ усаа хуваалцан уучихаад сүргээсээ холхон зогсож байгаад том мод өмхрөн унаж байгаа адил тоос манартал унаад хэвтээд өгдөг гэсэн. Цаадуул нь дэргэд нь зогсож, салах ёс гүйцэтгэн асар том биеийг нь араатны довтолгооноос хамгаалан долоо хоног хэртэй тойрон зогсоцгооно. Гашуудан уйлах нулимсаа нүднээсээ гаргахгүй мөртлөө хамарнаасаа ус дуслуулан биеийг нь зөөлөн зөөлөн илэн зогсоцгоохыг нь харахад тэрээр хамраараа уйлдаг амьтан ч байж болох.
Арав хоногийн дараа сүргийн толгойлогч буцаж ирэхэд журмын нөхрөөс араг яс л үлдсэн байдаг. Мэдээж энэ их махыг эхлээд арслан, дараа нь цөөвөр чоно, хамгийн сүүлд тас шувуу очер дараалалтайгаар бүгдийг нь хуваан зооглоцгоох тул томоохон яснууд нь л үлдсэн байх аж.
Док. Ш.Пүрэвсүрэн
"Хорвоогийн хачин сонин” номноос...

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих