Үндэсний их баяр наадамд зодоглох Дорнод нутгийн бөхчүүд бэлтгэлдээ гарчээ. Улсын начин Д.Цогзолдорж, Ж.Гансүх нарын тэргүүтэй бөхчүүд Улаанбаатар хотоос баруун тийш "Сүүж уул” амралтын газарт байрлаад хоёр хонож буй юм. Биднийг очиход нар бууж, орой болж байсан тул бөхчүүд маань бэлтгэлээс дөнгөж ирээд байлаа. Нутгийн бөхчүүд өмнө нь "Дорнод нутаг” клубын дэмжлэгтэйгээр гал болон гардаг байсан. Харин энэ жилээс өөрсдөө бие даан бэлтгэл хангахаар болсон нь энэ.
Тус галд улсын хоёр начнаас гадна аймгийн арслан Г.Түмэнжаргал, Мөнхбат, аймгийн заан Х.Алтансүх, аймгийн начин Д.Анар, Цогт-Сүмбэр, Нямсайхан нарын зэрэг 14 бөх багтаж байгаа юм. Цаашид ч бөхчүүд нэмэгдэж ирэхээр ярьж байгаа гэж байна. Бөхчүүд дунд Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн, Дашбалбар сумын харъяат бөхчүүд олон байна. Харин Баян-Уулын бөхчүүд сумынх нь наадам болох гэж байгаатай холбоотойгоор аймагтаа гал болон бэлтгэл хийж байгаа гэлээ.
Дорнодын галд уран мэх, хурц дайчин барилдаанаараа бөх сонирхогчдын талархлыг хүлээсэн, өсч яваа аймаг сумын цолтнууд цөөнгүй байгаа. Тэдэн дундаас аймгийн арслан Мөнхбатыг энэ жил улсын цолонд хүрэх хамгийн магадлалтай бөхчүүдийн нэг хэмээн ярилцаж байна. Түүнчлэн эр бяр нь ид тэгширч яваа эдгээр бөхчүүд дунд "битүү морьд” байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Бөх хүн муу барилдана гэж зодоглодоггүй. Гагцхүү тэдний амжилт наадмын өмнөх бэлтгэл сургуулилтаас л шууд хамаарах юм.
Сүүж уулын амралт нэг хүн хоногийн 25 мянган төгрөгийн төлбөртөй гэнэ. Тэд 7-р сарын 10-ыг дуустал энд байрлаж, бүхий л дасгал сургуулилтаа хийнэ. Уг амралт өдрийн гурван хоолтой. Гэвч амралтын газрын нормын хоол гэдэг бол биеийн хүчний дасгал хийж буй тамирчдад тийм ч илчлэг сайтай, хүч тэнхээ сэлбэх хүнс биш гэдэг нь ойлгомжтой юм.
Дорнодчууд бид төрийн наадмын торгон дэвжээнд нутгийн бөхчүүдээ одтой сайхан барилдаасай хэмээн битүүхэн харж догдолдог. Тэгвэл ямар нэгэн ивээн тэтгэлэг, хандивгүйгээр бие даан бэлтгэл хангаж байгаа хэдхэн бөхчүүдээ аймаг орон нутаг, бөхөд ээлтэй байгууллага, хувь хүмүүс нь бага ч болов дэмжээд өгөөсөй гэсэн бодол төрлөө.
Г.Алтанхуяг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих