Шведийн Стоккольмд, миний буусан Эркагийн гэрийн хажууханд, бараг л байшингийнх нь булан дээр хүүхдийн цэцэрлэг байх. Сониучирхаад нааш цааш явахдаа харна. Өглөө хүүхдүүдийг дотогш нь оруулахгүй, гадаа л тоглуулаад байх юм. Зүлгэн дээр, хайрган дээр. Бүр цэцэрлэгийн хашаанаас гараад тэр орон сууцны амралтын бүсэд хүртэл тоглох юм. Нуугдаж, хөөцөлдөж, гүйлдэж, ямар нэг юм оролдож байна. Бараг үд хүртэл тэгээд гадаа байлгачихав. Тэгэхэд тийм ч дулаахан байгаагүй. Намайг сонирхоод буйг анзаарсан Эрдэнэчулуун тайлбарлав. - Цаадуул чинь энэ байтугай хүйтэнд, цастай байсан ч ингээд гадаа байлгаад байдаг юм. Үд болж байж сая нэг оруулна. Хүүхэд эрүүл чийрэг байх ёстой. Задгай агаарт, наранд ингэж эрх таваараа гүйж харайж байж хүүхэд чийрэг болно, бие бялдар нь, үе мөч нь ч чийрэг, чанга болно.
Наад Шведүүд чинь айхтар санаатай улс. Нус нь гооцчихсон, хав халтар юм болчихсон байсан ч тоохгүй. Гол нь хүүхэд дархлаа сайтай, эрүүл чийрэг байх ёстой. Хүүхдүүд усан буугаад байлдаж байгаад нэг хүү багшийгаа шүршсэн. Гэтэл багш өөдөөс нь бүр шалбайтал нь шүршээд тавьчихаж байгаа юм. Хүү усаа гоожуулчихаад, чичрээд зогсож байна. Манайд бол багшийг баална. Харин энд багш яах ч үгүй. Тэгээд энэ Швед хүмүүс чийрэг гэж жигтэйхэн. Барагтай ханиад ч тоохгүй. Короног чинь манай энд хөл хорих нь байтугай маскгүй өнгөрөөсөн шүү дээ. Дэлхий дээр бараг ганцаараа маскгүй короног туулсан орох байх шүү. Үхэл ч харьцангуй гайгүй. Гол нь ард иргэдийнхээ эрүүл чийрэгт найдсан байх. Тэгээд Эдийн засаг бусад орон шиг яадгаа алдаагүй. Бас хүүхдүүдийг 18 нас хүртэл бассейнд үнэгүй оруулдаг. Заавал явахыг шаарддаг. Айхтар улс шүү... гэх мэт.Бас нэмэхэд Хүүхэд ЕБС төгсөхдөө л хоёроос гурван хэлтэй төгсдөг юм байна. Монгол хүүхдүүдэд бол төрөлх хэлээ заавал мэдэж байх ёстой гээд Шведэд байдаг монголчуудын дундаас шалгаж байгаа багш нар авч, цалин өгөөд тусгайлсан монгол хэлний сургалт хүртэл явуулдаг байгаа юм. Ганц монголчуудад ингэж тусгайлан хандсан юм бол байхгүй, ер бүх үндэстний хүүхдүүдэд тэгэж ханддаг гэнэ. Хүүхэд нэгдүгээрт. Ингэхээр хүүхдийг тахиж шүтээд, эрхийг нь дэндүүлээд, эрхлүүлээд байна гэсэн үг биш, эрүүл чийрэг, эрч хүчтэй, эрдэм боловсролтой. За тэр зам талбай, тоглоомын газар, тохижилт, дэлгүүр хоршоо гээд бүх газарт энэ бодлого мэдрэгдэнэ, анзаарагдана.
"Бүхнийг хүүхдийн төлөө". Их танил уриа байгаа биз. Биднийг багад манай оронд ийм уриа, яриа түгээмэл байв. Улаанбаатарын төвийн аль ч билээ нэг байшингийн орой дээр тийм гэрлэн чимэглэл ч байсан санагдана. Харин хэр хэрэгжиж байсан эсэх нь өөр. Юутай ч сүүлийн 30 жил бид тэр уриаг мартсан, бүр социалист хог тархи угаалт шахуу болгосон. Гэтэл Швед гэдэг оронд яг ийм уриатай. "Бүхнийг хүүхдийн төлөө". Хүүхэд номер нэг. .Шведийн Стокольм хотын төвд, хааны орны дэргэдхэн, бас нөгөөх Нобелийн академид бүр ойрхон нэгэн хөшөө байдаг юм билээ. Мухар сөөм хэр/ 15 см өндөртэй, тэр жаалхан хүүхэд суугаа хөшөө хөл татрахгүй. Хүмүүс бутархай мөнгө тэнд байнга орхино. Зуугаад жилийн өмнө юм уу даа, цагаачилж ирсэн нэгэн жаалхан хөвүүн Стоккольм хотын гудманд чүдэнз зарж яваад осгожээ. Одоо харин Швед хүмүүс нэг ч хүүхдийг ямар үндэстэн, угсаатан байхаас үл хамааран хөгжих, мөрөөдөлдөө хүрэх боломжийг нь бүрэн хангасан улс хэмээн нүүр бардам хэлэхээр болжээ. Хэзээ нэгэн цагт Траншейний тагны цаанаас цухуйж байгаа халтар жаалын хөшөө манай аль нэг томхон сүмийн дэргэд босож, зөвхөн гээгдэж хаягдаад траншейнд, газар доогуур шургасан төдийгүй агаар, хөрсний бохирдлоос, хүнсний асуудлаас хохирсон мянга мянган хүүхдүүдийн гашуун хувь заяаг давтахгүйн тулд, бас мартахгүйн тулд хүмүүс түүнийг эргэдэг болж, Манай Монгол Улсад хүүхэд нэгдүгээрт байдаг гэж бардам хэлж чадах ирээдүйг хүснэ.
Зохиолч Баасангийн Наминчимэд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих