-Би Ч.Улаан сайдын морийг унаж үзээгүй. Надад өсөлт зогсоох тариа хийсэн гэдэг нь худал. Би 17 настайгаасаа хурдан морины унаач болсон. Одоо би 30 кг жинтэй-
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Д.Баярхүү 20 жил уралдааны морь унаж байгаа. Тэрбээр өдгөө 37 настай бөгөөд 17 настайгаасаа морь унаж эхэлсэн байна. Бид түүнтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу, та. Таны морь унаж байх үеийн зураг цахим орчинд цацагдаад байгаа ?
-Сайн, сайн. Миний морь унаж байгаа зургийг цахим орчинд хэн нэгэн тавьснаас болоод хүмүүс намайг их сонирхож байгаа бололтой. Би чинь эгэл жирийн иргэн шүү дээ. Бусдаас ялгарах зүйл нь бага зэргийн л жижигхэн биетэй болов уу. Өөр ч надад хүнд гайхуулаад байх сонин зүйл байхгүй дээ. Тэр зургийг болдог бол цахим орчинд хэн тавьсан гэдгийг нь мэдэж, устгуулмаар л байна шүү. Би гэр бүл зохиогоогүй бөгөөд Хөлөнбуйр сумын төвд ээж, ахынхаа гэр бүлтэй хамт амьдардаг. Сумандаа мал хариулж, хэдэн төгрөг олж амьдралаа залгуулдаг юм. Би 2001 оноос өнөөдрийг хүртэл хурдан морь унаж байгаа.
-Та ямар насны морь унадаг вэ?
-Ихэвчлэн азарга, их насны морь унадаг. Би моринд их сонирхолтой. Тийм болохоороо өнөөдрийг хүртэл хурдан морь унаж байгаа. Хурдан морь унахаар сэтгэл сэргээд сайхан байдаг. Морь барианд орохыг үзээд зогсож байгаа хүн бүр догдолж, баярладаг шүү дээ. Тэгэхээр их сонин мэдрэмж төрдөг дөө. Тийм л учраас би хурдан морь унах дуртай байдаг юм.
-Сумынхаа уяачдын морийг унадаг уу. Эсвэл өөр аймаг, сумын уяачдын морь унах уу?
-Үгүй. Би сумынхаа уяачид болон найзуудынхаа морийг унадаг. Өөр сумын уяачдын морь унадаггүй шүү.
-Та хэчнээн айраг, түрүү авч байсан бэ?
-Тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэд хэд байгаа гэж бодож байна. 2018 онд Дорнод аймгийн наадамд уяач А.Одхүүгийн азаргыг унаж, аман хүзүүнд орсон. Энэ л миний хамгийн том наадам байсан даа.
-Нууц биш бол та хэдэн килограмм жинтэй вэ?
-Би 30 килограмм жинтэй. Өнчин тархины дутагдал гэх өвчний улмаас өсөлт зогссон юм билээ. Яагаад, ямар шалтгааны улмаас өсөлт зогссоныг мэдэж чадахгүй явсаар 2015 онд оношоо мэдэж авсан. Уг нь хүүхэд байхдаа эмчлүүлсэн бол эдгэрэх боломжтой байсан гэж эмч хэлсэн. Намайг бага байхад ямар нэгэн эмгэг мэдрэгддэггүй байсан юм билээ. Хүний амьдрал учраас мөнгө, санхүүгийн асуудалтай тулгарч, тэр бүр эмнэлгээр явах боломж надад байгаагүй.
-Таныг сайд асан Ч.Улааны морийг унадаг байсан. "Тэднийх надад өсөлт зогсоох тариа хийсэн гэж ярьдаг” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна лээ. Энэ үнэн үү?
-Худлаа мэдээлэл байна. Надад өсөлт зогсоох тариа хийгээгүй. Тийм боломж байхгүй. Би Улаан гэх хүний морийг унаж байгаагүй. Миний талаар худлаа мэдээлэл бичсэн иргэдэд хандаж хэлэхэд "Миний зовлонгоор битгий жаргал хийгээрэй” гэж гуймаар байна. Өвчний улмаас биеийн өсөлт зогссон шүү. Миний ах нар том биетэй хүмүүс байдаг. Манай удамд намхан хүн байхгүй ээ. Миний аз дутсан юм уу, хувь тавилан юм уу ийм л болчихсон. Уг нь ах нар шигээ сайхан биетэй, өндөр хүү болох байсан гэж ээж минь ярьдаг. Миний ээж 76 настай буурай бий. Насаараа л миний амьдралд санаа зовж, миний дэргэдээс алхам ч холдоогүй хүн.
-Одоо таны биед ямар нэгэн зовиур илэрч байна уу?
-Одоогоор ямар нэгэн зовиур илрээгүй. Сүүлийн үед хурдан морь унахаар их ядардаг болсон байна лээ.
-Та хэдэн нас хүртлээ хурдан морь унах бодолтой байна вэ?
-"100 жилийн ойгоор хурдан морь унаад болъё” гэсэн бодолтой байсан. Энэ жилээс морь унахгүй гэж бодож байгаа.
https://ergelt.mn/news_full/2/single/12831Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих