Дуу гэдэг сэтгэлээс ундарч, зүрхэнд эгшиглэдэг. Эгшиглэхдээ оюун бодол, ухаан санааг цэлмүүлдэг увдистай ажээ. Хүмүүний сэтгэлд хоногшиж, мөнх амьдрах бүтээлийг бид "Эзэнтэй дуу” булангаараа онцолдог уламжлалтай. "Амин нүдэн” дуу тийм л бүтээл. Дууны үгийг соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар бичиж, аялгууг гавьяат жүжигчин, дуучин Ч.Амаржаргал зохиож, өөрөө дуулсан билээ. Дууны түүхийг өгүүлье.
Ү.ХYРЭЛБААТАР: МИНИЙ ХАНЬ АЛАГ НYДЭН БYСГYЙ БАЙЛАА
Дуу бүхэн өөр, өөрийн түүхтэй байдаг. Яг л хүнтэй адилхан. Мандан бадардаг, мартагдаж хоцордог. "Амин нүдэн”-г 1990-ээд оны эхээр бичсэн. Тухайн үед Амараагийн дөнгөж уран бүтээл хийж эхэлсэн үе. Түүнд зориулж сайхан дуу хийж өгөхсөн гэсэн хүсэл дотор минь байлаа. Гэтэл Америк руу эмчилгээнд явах боллоо гэж дуулсан. Мэдээж зардал, мөнгө хэрэгтэй. Энэ үед нь би дуу хийж өгье гээд "Амин нүдэн”, "Үггүй хайр”-ыг бичсэн юм. Дууны шүлгийг бол гэргийгээ харж байгаад л биччихсэн. Миний хань залуудаа торомгор алаг нүдтэй, сайхан бүсгүй байлаа. Тэгэхээр ханьдаа бас Ч.Амаржаргалдаа зориулж бичсэн гэж ойлгож болно.
Ч.АМАРЖАРГАЛ: "АМИН НYДЭН”-ДЭЭ ХАЙРТАЙ
Анхны дууны минь нэг учраас би "Амин нүдэн”-дээ хайртай. Ү.Хүрэлбаатар ахтайгаа олон удаа хамтарч тоглолт хийсэн өөрийгөө их азтай гэж боддог юм. "Амин нүдэн”, "Үггүй хайр” дуунуудыг Монголын ард түмэн ардын дуу болтол нь дуулж, түгээсэн. Цаашдаа ч олон жил эгшиглэж, ард түмний дунд мөнх амьдрах биз ээ. Үг нь агуу учир аялгуу нь өөрөө урсдаг нь жам юм. Намайг удаан зовоогоогүй. Ү.Хүрэлбаатар ахдаа талархаж явдгаа хэлье.
Амин нүдэн
Давхараатай алаг нүд чинь ээ хө
Далдын гунигийг үргээнээ
Дасаж танилцсан бидэн хоёр
Даахин хайраа санагалзана даа хө
Аз тохиосон алаг нүдэн
Амьдрал хайрласан амь амин нүдэн
Торомгор алаг нүд чинь ээ хө
Толгодын цаанаас тормолзоно
Тором шиг аргамжаатай бидэн хоёр
Томоогүй явдлаа дурсана даа хө
Аз тохиосон алаг нүдэн
Амьдрал хайрласан амин нүдэн
Янзган алаг нүд чинь ээ хө
Яая даа гэтэл дэрвэлзэнэ
Янаглан дассан бидэн хоёр
Яргуй насаа дурсана даа хө
Аз тохиосон алаг нүдэн
Амьдрал хайрласан амин нүдэн
Ч.ГАНТУЛГА
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих