Манай улсын эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрсээр, бараа
бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьдрал доройтсоор байна. Хамгийн наад
захын жишээ гэхэд л "Атар” талхны үнэ энэ долоо хоногт нэмэгдэж 1000
төгрөг боллоо. Үүнээс үзэхэд бусад бараа, бүтээгдэхүүний үнэ хэр зэрэг
нэмэгдсэн нь тодорхой болох байх. Харин эрх баригчид "Оюутолгойн орд
манай улсын эдийн засгийг сэргээнэ, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ”
хэмээн ярьсаар байгаа. Гэвч уул уурхайн салбар сэргэх биш улам уналтад
орсоор байна. Түүнчлэн эдийн засгийн хүнд байдлаас аварч мэдэх
"Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ч хойшилж
мэдэхээр боллоо.
Учир нь Татварын ерөнхий газар / ТЕГ/-аас "Оюутолгой” төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад шалгалт хийхэд албан татвар дутуу төлсөн болон санхүүгийн бусад зөрчил илэрсэн аж. Тиймээс төлөөгүй байгаа татвар, түүний торгууль гээд нийт 130 сая ам.долларыг төлөх тухай албан ёсны мэдэгдлийг "Оюутолгой”-гоос хувьцаа эзэмш дэг "Туркоиз Хилл ресурс” компанид хүргүүлжээ. Харин зарим хүн "Оюутолгой төслийн эхний үе шатны хөрөнгө оруулалтын зардлыг хоёр тэрбум ам.доллараар хэтрүүлсэн асуудлыг Монголын Засгийн газартай одоо хэр нь нааштайгаар шийдвэрлэж чадаагүй байхад ийм асуудал нэмэгдэж буй нь гал дээр тос нэмэхтэй адил сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж үзэж байна. Тус компанийн зүгээс үүнийг "Татварын маргаан” гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, "Туркоиз Хилл ресурс” компанийн гүйцэтгэх захирал Kay Priestly "Аудитын ажлын дүнтэй огтхон ч санал нийлэхгүй байгаа. Гэсэн хэдий ч энэ асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх болно.
Бид хөрөнгө оруулалтын гэрээгээр олгогдсон тогтвортой байдлын эрхээ хамгаалах нь нэн чухал. Хэрвээ энэ сардаа багтаан шийдвэрлэж чадахгүй бол далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд саад учирч болзошгүй” гэж мэдэгджээ. Түүнчлэн "Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчид үүссэн асуудлыг Монгол Улсын татварын хууль, тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу маргаан таслах журмаар шийдвэрлэнэ” хэмээн тодотгосон байна. Харин "Рио Тинто” компанийн зүгээс "Хэрвээ Монгол Улсын Засгийн газар татвар болон торгуулийн мөнгө нэхэмжилж байгаагаа зогсоохгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзээд олон улсын Арбитрын шүүхэд хандана” хэмээн мэдэгдээд буй.
Тэгвэл "Оюутолгой” компанийн ТУЗ- ийн гишүүн Да.Ганболд "2010- 2012 онд буюу төслийн эхний шатны үйл ажиллагааны явцад нийт 130 сая ам.долларын татвар, хураамж дутуу төлсөн” гэжээ. Одоогоор тус компанийн холбогдох албан тушаалтнууд дотооддоо санхүүгийн хяналт, шалгалт хийж эхлээд байгаа аж. Уг нь хэдхэн хоногийн өмнө талуудын эрх бүхий хүмүүс 6.6 тэрбум ам.долларын өртөг бүхий энэхүү төслийн асуудлаар хувь нийлүүлэгчдийн хийж буй хэлэлцээ үр дүнтэй байгааг онцолж байсан санагдана. Мөн "ТЭЗҮ-ийг ирэх сараас өмнө боловсруулж дуусна” хэмээн мэдээлсэн. Гэвч дээрх татварын маргааныг ирэх сараас өмнө шийдвэрлэхгүй бол ТЭЗҮ-ийг ч хойшлуулж магадгүй нөхцөл үүсээд байгаа аж. Хэрвээ ТЭЗҮ- ийг товлосон хугацаандаа амжиж батлахгүй бол гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд дөрвөн тэрбум ам.доллар татах тухай хэлэлцээр ч удааширна гэсэн үг.
Тус ордын одоогоор судлагдсан нөөцийг 60-70 жил ашиглах боломжтой гэдэг. Харин ихэнх нөөцийг далд уурхайн аргаар ашиглах бөгөөд бүтээн байгуулалт нь өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн удаа хойшилсон. Энэ хавар гэхэд л Оюутолгойн хөрөнгө оруулагчид "Нэмэлт санхүүжилт шаардлагатай” гэсэн шаардлага тавьж бүтээн байгуулалтыг ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулсан нь бий. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд 10 гаруй тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд дөрөв орчим тэрбум ам.долларын зээлийг гадны 15 банк олгох саналаа ирүүлсэн байдаг. Харин тэдний амлалт ирэх есдүгээр сарын 30 хүртэл хүчинтэй. Үүнээс харахад татварын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол далд уурхайн бүтээн байгуулалтын ажил тодорхойгүй хугацаагаар зогсч мэдэхээр байна.
"Рио Тинто” компанийн мэдээлж буйгаар "Оюутолгой” компани Хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсын хуулийн дагуу бүх шаардлагатай татвар, хураамжийг төлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, "Оюутолгой” компанийн цахим хуудаст тэмдэглэснээр өнгөрсөн сарын байдлаар манай улсад 1.2 тэрбум ам.долларын татвар болон бусад төлбөр хураамж төлсөн байна. Гэвч ТЕГ-ын мэдээллээр бол тус компаниас 130 сая ам.долларын татварын өр илрээд байгаа ч үүнийг нэхэмжлэхээ болихгүй бол олон улсын Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдсэн нь нэг ёсондоо манай улсыг сүрдүүлж, басамжилж байгаа хэрэг.
Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, ашиг олж л байгаа ямар ч компани, аж ахуйн нэгж хуулийн дагуу татвараа төлөх ёстой. Харамсалтай нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон уул уурхай компаниуд хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тавьсан актыг цуцлуулах, маргаан үүсгэх замаар татвар төлөхөөс зайлсхийдэг болжээ. Өмнө нь Канадын "Хан Ресурс” компани Монгол Улсын Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгч, 200 сая ам.доллар нэхэмжилсэн тохиолдол бий.
Тус компанийн эзэмшилд байсан Дорнод аймгийн нутаг дахь ураны орд газрын хайгуулын болон олборлолтын лицензийг цуцалснаас үүдэн шүүхэд хандсан бөгөөд өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй төдийгүй манайд ялах магадлал бага байгаа гэдэг. Тэгвэл энэ удаад "Рио Тинто” манай улсыг шүүхэд өгч магадгүй болоод байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих