Автобусанд батганы хушуу багтах зайгүй байсан болохоор мухрын суудалд шигдсэн намайг анзаарах сүйхээ эхэн үедээ хэнд ч гарсангүй. Би зөөлен суудалд тухласан. боловч сэтгэл тавгүй. "Суудалд хэрэггүй л шуналаа" гэж дотроо цухалдав. "Залуу хүн байж автобусанд ахмад хүмүүст суудал тавьж өгсөнгүй" гэж загнуулах вий гэж айсан юм. Тэгээд хэн нэгний намайг зэвүүцсэн харцтай харц тулахгүйн тулд цонхоор гадагш гөлөрч залуу халуун царайгаа далдлав. Тэгтэл мэнгэртэй байрын нэг "амьсгаа" хажуунаас хүчтэй налаад хүндээр уухилахад цээжний нь бөглөрөх гэж буй бачуу хяхатнаа янз янзын авиагаар исгэрэн шуугьж гарлаа. Анхнаасаа би босолгүй алдаа хийсэн хойно одоо тэвчихээс өөр замгүй болов. Би мөн тэнэг хүн шүү. Давчуу амьсгаат донсолгоонд уначихгүйн тулд надаас зориуд хүчтэй зуурав. Ингэснээрээ тэр "Та яаж байна аа?" гэж надаар өдөөн хатгуулах санаа өвөрлөсөн нь илэрхий.
Би түүнд нэгэнт суудал тавьж өгөөгүйдээ бантаж, одоо өнгөрсөн хойно суудлаа чөлөөлөх нь яагаад ч юм ичгэвтэр санагдав. "Энэ залуу аргагүйн эрхэнд эцэстээ нэг юм суудлаа тавьж өгч байх шив. Ямар ичгэвтэр залуу вэ" гэж зорчигчид намайг үзэн ядна гэсэн бодол намайг ингэж балалсан юм. Одоо бол би суудал шунах нь байтугай, суудалд суусан маань гай боллоо. Өөрөөр хэлбэл босохын мөрөөс болж суув. Тэглээ ч босож чадаагүй л юм даа. Хүнд заримдаа тэгж тэнэгтдэг тохиолдол гардаг юм байна лээ. Хачин юм. Хэрэв мэнгэрт бид хоёрын ууртай харц мөргөлдвөл тэр намайг "Залуу хүн байж суудал тавьж өгсөнгүй" гэж олны дунд шившиглэх зорилготой нь мэдээж. Үүнийг нь мэдсэн би цонх руу тэвчээртэй еэ гөлөрсөөр. Мань өвгөн ч намайг шаргуу өдсөөр, би ч гүрийсээр. Ийнхүү бид хоёр торчоолдсоор цааш аяллаа.
Нөгөө мэнгэрт чинь, мөрөн дээр гараа тавиад зугуухан базаж гарав. Би эргэж хараагүй боловч базалтаар нь түүнийг дал хол гарсан хүн байна гэж мэдэрлээ. Базаж байснаа нөгөө гайхал чинь намайг зулгааж эхлэв. Одоо босвол "зулгаалгаж байж арай гэж нэг юм бослоо" гэх бөөн шуугиан шившиглэнэ. Хулгай нүдээр сэм хяламхийвэл дэргэд шинэ жилийн өвгөн шиг бавгар цагаан сахалтай буурай зогсож байна. Энэ зуур хаалганы тэндээс хоёр хөөрхөн апаг нүд намайг тас намжирдав. За одоо түргэн босохгүй бол балрах нь! Гэхдээ аятайхан эгзэг тааруулж байж босох нь зүйтэй.
Харин ямар эгзэг байж болох вэ? Өндөр настанд суудал нэгэнт тавьж өгөөгүйгээс хойш тэндний тухайд өнгөрсөн. Гагцхүү жирэмсэн эмэгтэй, тахир дутуу хүн, хүүхэд тэвэрсэн эх зогсож байгаа харагдана уу? Харагдвал ухасхийн босож, тэдэнд суудлаа боловсноор тавьж өгье! Тийм хүмүүс байна уу? Алга! Энэ чинь сайн хэрэг. Одоо тэднээс хэн нэг нь ороод ирвэл босон харайх минь гэх зэргээр төлөвлөж суутал автобусанд хүмүүс шингэрчээ. Чингэтэл өвдсөн хөлөө сэлгэн миний дэргэд бээцийж зогссон нөгөө давчуу амьсгаат өвгөн "Ёох" гэж амьсгаа авч бүсээ засаад надаас,
-Залуу, чи ном гаргадаг уу? гээд миний нүүрний хажуугийн хананд хадаастай "Өндөр настан, тахир дутуу хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчуүдийн суудал" гэсэн бичигтэй жижиг самбарыг заав.
-Ёстой чухмаа чухам. Хааяа нэг ийм дүүрчихсэн залуус байх юм гэж намайг зэвүүцсэн хөгшчүүдийн шуугиан ам ерсөлдөн дэгдлээ.
-Сэтгэл чинь тун зовохгүй юм уу? гээд сайхь өвгөн үүдэнд зогсож буй хөөрхөн нүдтэй бүсгүйг зааж, -Энэ хөөрхөн бүсгүйгээс чи ичээч! гэв.
Энэ хурц агшинд шанаанаас төөнөж байсан нөгөө бичигтэй бяцхан самбарыг хараад надад нэгэн янзын ухаан зурсхийлээ. Тэгээд би бавгар өвгөнд,
-Энэ хүүхнээс би юу гэж ичих юм бэ? гэж хэдэрлэв. Өвгөн увайгүй надад улам уурлаж,
-Наад сандал дээр чинь хөгшин би хүртэл суухаасаа нэрэлхдэг юм гэж хашгирлаа.
-Таны нэрэлхдэг чинь зөв. Энэ чинь тусгай суудал! гэж би өчив. Өвгөний цэхэр нүд асар томоор бүлтийж,
-Уухай! Тэгээд чамд зориулаа юү? гээд надаас хариу шаардан бавгар сахлаараа нүүр ирвэгнүүлэв. Би хариу дуугарсангүй. Чимээ аниргүй хэсэг явсны дараа мэнгэрт өвгөн юм үзэж буй нь эргэлзээтэй тод цэнхэр гархитай гөлгөр цэхэр нүдээ өрөвдөм бүлтийлгэн нүүрэнд тулгаад,
-Тэгээд чи чинь, тахир татуу хүүхэд үү? гэж эргэлзэнгүй асуув. Энэ асуултын хариуд би эргэн тойрноо нулимс хурсан нүдээр шилбүүрдээд хамраа сарталзуулан амаа өмөлзүүллээ. Зорчигчид нэг л хачин болоод явчихав. "Хөөрхий, ийм сайхан залуугаараа" гээд нэг чавганц санаа алдаж дуулдана.
Буух буудалдаа ирлээ. Бүх зорчигчид намайг ширтэж,нөгөө эмгэн намайг босоход туслахаар над руу сарвайв. Би тунирхсандаа эмгэний гарыг цааш нь тулхээд өөрөө болгоомжтой удаан бослоо. Ингээд би өрөөсөн хөлөө өвдгөөр нь нугалахгүйг хичээсээр хаалга руу хоёр алхтал надад туслах гэсэн эмгэн,
-Ишш хөөрхий, өрөөсөн хөл нь мод болтой гэж уулга алдав. Үүнд урам орсон би цааш яг л модон хөлтэй хүн шиг өвдгөө тахилзуулалгүй дойдгоносоор хаалган дээр иртэл нөгөө хөөрхөн алаг нүдэн бүсгүй намайг сугадаж аваад их л хичээсэн янзтай буулгахад түүний гоё нүдэнд намайг өрөвдсөн харуусал дүүрсэн харагдлаа. Би өрөөсөн хөлөө өвдгөөр нь тахилзуулалгүй мод мэт шулуухнаар нь хэд алхаад ядарсан дүр эсгэж хэсэг зогсов.
Уг нь би юундаа ядрахав, гагцхүү автобусыг л явуулах гэж хүлээсэн хэрэг. Автобус явчихвал би худал доголж маяглахгүй зөнгөөрөө гүйгээд харчихна. Энэ зуур автобус хөдөлж, дотор нь бөөн шуугиан үүсэв болтой. Чухам хэн юу гэж буй нь сайн ялгагдсангүй. Зөвхөн нөгөө бавгар сахалт давчуу амьсгаат буурал "Үгүй таминь, намайг өршөө! Тэр залуу өөрөө модон хөлтэйгөө надад хэлсэн бол би яалаа гэж хөөрхийг гомдоохов?" гэж бачимдсан мэнгэртэй хоолойгоо цахиртуулсаар чимээ тасрав. Үүнээс хойш би тэр хөөрхөн бүсгүйг үргэлж зүүдэлдэг боллоо. Би мөн хувьгүй хүн шүү. Саявтар түүнтэй гудамжинд санамсаргүй халз тулчихав. Би балтуссан боловч "хиймэл хөлтэйгөө" санаж амжлаа. Хөөрхөн бүсгүй над руу ялдамхан инээмсэглэв. Би мэндийн ч солиогүй муу "модон" хөлөө даягнуулан чирсээр
зугтлаа. Хоёр хөөрхөн алаг нүд араас минь ширтсээр би түүнээс зугтсаар,..
Шог зохиолч Ц.Дорлигжав
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих