Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон ган замчид, эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчид, хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүд, бидний үйл ажиллагааг дэмждэг УБТЗ-ХНН-ийн удирдлагууд та бүхэндээ УБТЗ-ын Политехник коллежийн 15 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье. Түүхийн хуудсыг сөхвөл манай улсад 1953 онд төмөр замын техникум байгуулагдсанаар Монгол Улсад төмөр замын мэргэжилтэн бэлтгэх анхны суурь тавигдаж байжээ. 2007 онд ТЗДС-ийн харьяалалд МСҮТ шинээр байгуулагдсан үеийг Политехник коллеж байгуулагдсан цаг үе хэмээн тооцож манай хамт олон 15 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Манай сургуулийн хамт олон амжилт бүтээлээр дүүрэн 15 жилийнхээ ойг угтаж байна. Тус сургууль нь 2019 онд УБТЗ-ХНН-ийн даргын тушаалаар Политехник коллеж болон өргөжиж 2021 онд 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж улмаар хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. 2022-2023 оны хичээлийн жилд 34 орон тоо, 19 үндсэн багш, 1200 гаруй оюутантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суралцагсдын тоогоороо салбартаа тэргүүлж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд төмөр замын салбар эрчимтэй хөгжиж салбарын хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хирээр хүний нөөцийг чанартай бэлтгэх асуудал чухлаар тавигдаж байна. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, чиглэлийн хүрээнд төмөр замын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллах хүний нөөцийг ТЗДС болон политехник коллежид бэлтгэх, давтан сургах, чадавхижуулах, сургалтын байгууллагуудын сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэх, багшийг мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэгдсэн санамж бичгийг 2022 оны 6 дугаар сард байгуулсан.
УБТЗ-ын Политехник коллежийн сургалтын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр байна. Тухайлбал 2021 онд тус сургууль 5 мэргэжлээр богино хугацааны чадамжийн сургалт явуулах зөвшөөрөл авч, сургалтаа эхлүүлсэн, бусад төмөр зам орон нутгийн захиалгаар нэмэлт сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг амжилттай зохион байгуулж байна.
Цаашид бид орчин үеийн инноваци, технологи бүхий сургалтын орчныг бүрдүүлсэн, боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны шаардлагыг тогтоосон MNS ISO 21001:2021 стандартыг нэвтрүүлсэн, гадаад харилцааг хөгжүүлсэн төмөр замын тэргүүлэх сургууль болох зорилтыг тавин ажиллаж байна.
УБТЗ-ын Политехникийн коллеж үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг үе үеийн эрдэмтэн багш нар, удирдлага, албан хаагчид, төгсөгчид, хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүд, УБТЗ-ХНН-ийн удирдлагууд та бүхэндээ хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ган зам зурайж, галт тэрэг хурдлаж, төмөр замчдын яруу алдар бадрах болтугай
УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих