УИХ–ын тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулж баталсан, Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумын нутгийг дамнан оршдог холимог металлын Улааны ордыг Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК хүчингүй болсон лицензээр хэрхэн олборлолт явуулан цөлмөж байгаа талаар энд өгүүлнэ. Үүнд анхнаасаа Монголын шүүгч, прокурорын тусламж багагүй оролцоотой байжээ. Улааны ордод нийт нөөцийнх нь 82 хувьд нь 247 А тоот, 18 хувьд нь 1562 Х тоот лиценцүүдийг 1997 онд Монголын компаниудад олгосон байдаг. 2004 онд УИХ–ын гишүүн асан Р.Бадамдамдин өөрийн "Аза далай фарист" ХХК-ийн эзэмшлийн 247 А лицензийг Хятадын “Шинь Шинь” ХХК–д худалджээ.
Гэхдээ тэр ингээд зогсохгүй 1562 Х лицензийг эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр бусадтай хуйвалдан хууль бусаар “Шинь Шинь” ХХК-д дамлан зарсан нь хожмын 10 гаруй жилийн маргааныг үүсгэсэн юм. Улмаар иргэний болон захиргааны хэргийн 5 шүүхийн шийдвэрээр хууль бус болохыг ч тогтоосон байдаг.
Р.Бадамдамдин 1996-2000, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, 2004-2006 онд Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгаад төрийн өмчит “Мон-Атом” компанийн захирлаар томилогдож асан гээд тоочоод байвал хэдэн ч хуудас дүүргэж мэднэ. Эндээс тэр ямар их ашиг сонирхолын зөрчилтэй хүн байсан нь илт харагдана. Түүний тухай түр хойш тавья.
Өнгөрсөн хугацаанд “Шинь Шинь” ХХК олон зуун мянган тонн ашигт малтмалыг хил гаалиар хулгайгаар гаргасан нь тогтоогдож лиценз нь хүчингүй болж, холбогдох бүх хүмүүс нь Монголын шоронд хоригдсон юм. Гэвч Монгол Улсын прокуроруудын тусламжтайгаар тэд Хятад Улс уруу оргон зайлж, тэндээсээ Монголын прокурорын байгууллагыг үеийн үед толгойлон удирдаж байсан нэр бүхий хүмүүсийг хөлслөн өмгөөлөгчөөр ажиллуулж, нэгэнт хүчингүй болсон лицензийг шүүхээр дахин хууль бусаар гаргуулан авч, өөрсдийн бүх гэмт хэргүүдийг прокурорын байгууллагаар хаалган хэрэгсэхгүй болгуулж өөрсөддөө аюулгүй орчныг бий болгосны эцэст Монгол Улсад дахин ирж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар өнөөдрийг хүрчээ.
Хамгийн ноцтой нь Дэлхийн дархан цаазат газруудын нэг Сибирийн Дагуурын сав газрын үргэлжлэл болох Монголын Улз голын үзэсгэлэнт хөндийг тэд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацацаанд бүх хоруудын "хаан" гэгддэг мыщяк буюу хүнцлээр хордуулж байгаль орчин, нутгийн хүн амыг онц аюултай нөхцөл байдалд оруулсаар өнөөдрийг хүрчээ. Энэ нь зөвхөн прокуроруудад хамаатай ч биш, үе үеийн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогддог байсан нь эдгээр этгээдүүд ингэж даврахад хүргэсэн гэдэг.
Ийнхүү бидний баялгийг харийнхан хууль бусаар ухаж зөөгөөд 14 жилийг өнгөрөөжээ.
Хятадын Өвөрмонгол, Хэбэй мужийн хүчний байгууллагууд, тусгай албадад ажиллаж байсан, авлига хээл хахуулиар "мэргэшсэн гаруудаас” бүрдсэн гэх эдгээр бүлэг этгээд ийнхүү Монголд дахин орж ирсэн бөгөөд өнгөрсөн 7 жилийн хугацаанд Монголын хууль сахиулах байгууллагаас эдгээр этгээдүүдэд дахин 5 удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч тэр болгонд нь прокурорын дээд шатанд хэрэгсэхгүй болгон хэргийг нь хаасаар байв. Харин энэ удаад давдаггүй даваа болох прокурорын шатыг давж Дорнод аймгийн сум дундын шүүхэд хэрэг нь шилжээд байгаа аж. Шүүхэд шилжүүлсэн хэрэг нь байгаль орчинд 672 сая 652 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг аж. Үүнээс цааш ухвал өмнөх, хойтохын маш олон маапаан бий. Ядаж энэ удаагийн хэргийг Монголын шүүх шударгаар шийдвэрлэж, тэдний гараас Монголын баялгийг салгаж авах, Монголын газар нутаг, байгаль орчин, хүн амын аюулгүй байдлыг авран хамгаалах цаг нь ирснийг харуулна гэдэгт олон нийт итгэлтэй байна.
Гэвч дээр дурдсанчлан үе үеийн өндөр албан тушаалтнуудын нэр "Шинь Шинь" ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбогдсон тул хэргийг олны анхааралд дахин хүргэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шударга ёсны сэлмийн ир, уртыг харахыг хүсч буй юм.
"Шинь Шинь" ХХК нь Монгол Улсын хууль, шүүх, төрийн байгууллагуудыг худалдан авч хууль, тогтоомжийг уландаа гишгэлэн дураар дургиж ирснийг нотлох үйл явдал, баримтуудыг цувралаар хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: BOLOD.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих