XIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 05-ны өдөр Бээжин хотноо нээгдлээ. Ши Жиньпин тэргүүтэй нам, төрийн удирдагчид болон шинэ сонгуулийн БХАТИХ-ын 3000 шахам төлөөлөгч нээлтийн хуралд оролцсон байна.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус хуралд Засгийн газрын ажлаа тайлагнах үеэр хэлэхдээ "2022 онд Хятад улс эдийн засгаа тогтвортой өрнүүлж, хөгжлийн чанараа тасралтгүй дээшлүүлж, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулсан. Энэ амжилт хялбар ирээгүй. Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн хөгжилд цар тахал болон гадна дотнын олон хүчин зүйл нөлөөллөө. Хятад улс сүүлийн жилүүдэд нөөцөлсөн бодлогын арга хэрэгслээ ашиглан эдийн засгийн шинэ дарамтыг сөрж, нийлүүлэлтийн бүтцийг тууштай ахиулж, эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, хавсралт олон арга хэмжээ хэрэгжүүлж. эдийн засгийг тогтворжуулан сэргээхэд дэмжлэг үзүүлсэн" гэжээ.
Ли Кэчян тайландаа "Хятадын ДНБ 2022 онд 3 хувь өсөж, хот сууринд 12 сая 600 мянган ажлын байр шинээр бий болгож, оршин суугчдын хэрэглээний үнэ 2 хувиар өссөн байна. Нарийн төвөгтэй, өөрчлөгдөж буй орчинд Хятад улс жилийн хөгжлийн зорилтуудаа үндсэнд нь биелүүлж, эдийн засгийн чадавхаа харууллаа" гэв.
Ли Кэчян хэлэхдээ "Сүүлийн 5 жилд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил дэлхийн нийтийн анхаарлыг татсан томоохон амжилтад хүрлээ. Хятадын ДНБ 121 их наяд юаньд хүрч, 5 жилийн хугацаанд жилийн дундаж өсөлт 5.2 хувьд хүрч, 10 жилийн хугацаанд 70 шахам их наяд юаниар нэмэгдэн, жилийн дундаж өсөлт 6.2 хувьд хүрсэн. Хятадын эдийн засгийн хүчин чадал мэдэгдэхүйц сайжирсан" гэжээ.
Тайланд "Өнгөрсөн 5 жилд Хятадын өөрчлөлт нээлтийн ахиц эрчимжиж, "Бүс ба зам"-ыг хамтаар байгуулах ажил тогтвортой хөгжиж, Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 40 их наяд юанийг давж, гаднын хөрөнгө оруулалтыг татсан, гадаадад хөрөнгө оруулсан хэмжээгээрээ дэлхийд дээгүүр бичигдэж байна. Үүнээс зэрэгцээ, Хятад улс ядуурлыг бууруулах, технологийн шинэчлэл, экологийн орчныг сайжруулах чиглэлээр ч үр дүнтэй сайн ажилласан" гэжээ.
Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа "Энэ онд Хятадын ДНБ-ийг 5 орчим хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж байна" гэжээ.
Тайланд энэ онд хот суурин газарт 12 сая орчим ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 5.5 хувиас хэтрүүлэхгүй байлгах. Хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас хэтрүүлгүй барьж, иргэдийн орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй ижил түвшинд байлгана. Экспорт, импортыг тогтвортой нэмэгдүүлж, олон улсын орлого зарлагыг тэнцвэртэй байлгана. Үр тарианы үйлдвэрлэлийг 650 сая тонноос дээш байлгана. Чулуужмал эрчим хүчний хэрэглээг танаж, экологийн орчныг сайжруулах зэргээр хөгжлийн бусад гол зорилтуудыг дэвшүүлжээ.
Тайланд тэмдэглэхдээ "Хятад улс хувийн хэвшлийн өмчийн эрх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах, хувийн өмчийн компаниудын хөгжлийг урамшуулж, бичил, жижиг дунд аж ахуйн нэгж, хувийн бизнес эрхлэлтийг дэмжиж ажиллах болно. Бүх төрлийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөх, эрүүл хөгжих орчинг бүрдүүлж, зах зээлийн хүлээлт, итгэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ" гэв.
Тайланд тэмдэглэхдээ "2023 онд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үр дүнтэй ашиглахад хүчин зүтгэх хэрэгтэй. Хятадын нээлттэй зах зээл дэлхийн олон компанид илүү их боломж авчрах нь дамжиггүй" гэж тэмдэглэв.
Тайланд "Зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, орчин үеийн үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг дотоодын аж ахуйн нэгжүүдтэй тэгш эрхтэй авч үзэхийг санал болгов. Тэрчлэн Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн хэлэлцээр (CPTPP) зэрэг өндөр стандарт бүхий эдийн засаг, худалдааны хэлэлцээрүүдэд нэгдэхийг дэмжиж, холбогдох дүрэм, журам, удирдлага, стандарттай идэвхтэй нэгдэн, тогтолцооны чанартай нээлттэй байдлыг өргөжүүлэх"-ийг дурдав. Мөн импорт, экспортыг дэмжиж, гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд сайн үйлчилж, гадаадын хөрөнгө оруулалттай том төслүүдийг хэрэгжүүлэх"-ийг онцлов.
Тайланд "Хятад улс Тайваний асуудлыг шийдвэрлэх намын шинэ эриний стратеги, "Нэг Хятад"-ын зарчим, "1992 оны нийтлэг ойлголт"-ыг баримталж, Тайваний хоёр эргийн харилцааны энх тайванч хөгжлийг дэмжинэ" гэж онцолжээ.
Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг, соёлын солилцоог ахиулж, Тайваний элэг нэгт хятад хүмүүст хүртээмжтэй бодлого боловсруулж, Тайваний хоолойн хоёр эргийнхэн Хятадын соёлыг хамтаар хөгжүүлэхийг ахиулж, сэргэн мандлын их үйлсийг бүтээхийн төлөө хамтдаа хичээхийг тайланд дурджээ.
Хонконг, Макаогийн тухай тайланд мөн онцолсон байна. Үүнд: "Нэг улс, хоёр систем", "Хонкончууд Хонконгоо засах", "Макаочууд Макаогоо засах", дээд хэмжээнд өөртөө засаглах зарчмыг нухацтай хэрэгжүүлэх. Хуулийн дагуу Хонконг, Макаог засахыг баримталж, Үндсэн хууль, Тулгуур хуулиар тогтоосон засаг захиргааны онцгой бүсийн хуулийн дэг журмыг сахин хамгаалж, "Эх орончид Хонконгийг удирдах", "Эх орончид Макаогийг удирдах" зарчмуудыг хэрэгжүүлнэ. Хонконг, Макаогийн эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ.
Засгийн газрын ажлын тайланд "Хятад улс бие даасан энх тайванч гадаад бодлого хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замаар замнан, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр дэлхийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хөгжих нээлттэй стратеги баримталж ирсэн. Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг эрхэмлэж, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын дэг журмыг хамгаалах болно" гэжээ.
Хятад улс Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар, "Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэн, хувь заяаны хамтын цогцыг байгуулж, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна" гэж онцолсон байна.
Энэ удаагийн хурлаар Хятадын шинэ сонгуулийн төрийн байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох,хууль тогтоох хуулийн төслийг хянан хэлэлцэж, төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх болно.
Найруулагч: | Saraa |
Эх сурвалж: | www.xinhuanet.com |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих