Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг" компанийн ойролцоо их хэмжээний зээрийн сүрэг үрэгдэж, үхсэн зээрийн сэгийг булшлах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл цахим сүлжээнд хөвөрч байна. Засгийн газраас Ажлыг хэсэг байгуулж, тус компанийн талбайд шалгалтын ажиллагаа явуулж байна. Тэгвэл бидэнд ирсэн мэдээллээр тус компанийнхан болон албаныхан үхсэн цагаан зээрийг осгосон гэх дүгнэлт гаргахаар "тохиролцсон” байж болзошгүй гэнэ. Дараах мэдээллийг бэлтгэлээ.
ИРГЭН Т.ЦЭГМИД: "Петрочайна дачин тамсаг" компанид маш олон ноцтой зөрчил байна
Бид энэ мэдээллийн мөрөөр иргэн Т.Цэгмидтэй холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр ТББ-ыг төлөөлж, "Петрочайна дачин тамсаг" компанийнхны цагаан зээрийн зэг сэм булах гэж байх үед нь мэдэж, олон нийтэд хүргэсэн билээ.
Т.Цэгмид "Петрочайна дачин тамсаг" компанийнхан бохир усаа хөрсөнд шингээж байна. Зарим худгаа зөвшөөрөлгүй ажиллуулж байсан зөрчил илэрлээ. Зөвшөөрөлгүй худгийг нь лацдаж, худгийнх нь үйл ажиллагааг нь зогсооно гэсэн. Мөн хогоо ялган ангилалт хийхгүй, химийн бодистой нь хөрсөнд булж, хаяж байна. Химийн бодистой хаягдал усыг нь шүүж байгаа далан шүүрчихсэн, аймшгийн байдлатай байна лээ. Өчигдөр гэхэд л үй олон зээрийн сүрэг булж байхтай таарлаа. "Петрочайна дачин тамсаг" компанид маш олон ноцтой зөрчил байна. Хууль хяналтын байгууллагынхан, Ажлын хэсгийн шуурхай ажиллаж байгаа. Гэхдээ дүгнэлт хэрхэн гарахыг мэдэхгүй байна. Бидний мэдэж байгаагаар зээрийн сүрэг хордож үхэж байна шүү дээ. Зөвхөн эдний талбайд л зээр олноороо үхэж, хордсон байна. Таван алхам алхаад л нэг зээр үхчихсэн байх жишээтэй. Нүд хальтрам байна, үнэндээ. Талбайгаас нь гараад явахаар үхсэн зээр алга. Ганц, хоёрхон л харагдана лээ. "Петрочайна дачин тамсаг" компанийнхан байгалийн шалгуураар л үхсэн гэж тайлбарлаж байна. Өвс, цас байхад яагаад байгалиараа үхнэ гэж вэ. Талбайн дотор нь үхсэн зээрнүүдийг булах ажлыг жилдээ 3-4 хийдэг гэнэ. Энд хийх бидний ажил дууссан. Засгийн газраас гарсан Ажлын хэсэг ажлаа сайн хийнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
ДОРНОД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ДАРГА А.ГАНТУЛГА: ЦАГААН ЗЭЭР ОСГОЖ ҮХСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Дорнод аймгийн Байгаль орчны газрын дарга А.Гантулга "Өнгөрсөн нэгдүгээр сард иргэдийн гомлол мэдээллийн мөрөөр шалгалт хийсэн. Зам, нөхөн сэргээлттэй холбоогтойгоор гомол ирж, шалгасан. Цагаан зээр үхсэн асуудал нь их хэмжээний цас орсноос шалтгаалж осгосон гэж дүгнэж байгаа. Гэхдээ шинжилгээний хариугаар бүх зүйл тодорхой болно. Яг одоо хариуг тодорхой хэлэх боломжгүй. Дорнод аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, 14 мянга мал хорогдсон. Маш их хэмжээний цас давтамжтай орж, шуурч, зудын байдал үүссэн. Өмнөх жилүүдэд 1000 хүрэхгүй мал хорогдож байсан. Одоогийн байдлаар цаг агаар хүндэрсэнтэй холбоотойгоор цагаан зээр хорогдсон гэж үзэж байгаа. Өдөртөө -30, шөнөдөө -40 хэм хүртэл хүйтэрсэн тохиолдол байгаа шүү дээ. Үүнээс болоод олон айлын мал шуурганд уруудаж, хорогдож байна. Ийм учраас цаг агаартай холбохоос өөр арга алга. Зөвхөн газрын тосны 21, 19 дүгээр талбайд цагаан зээр үхээгүй. Халхгол сум, Буйр нуурын чиглэлд цагаан зээр хорогдсон байгаа. "Петрочайна дачин тамсаг" компанийнхан ашиглалтын талбайдаа үүссэн сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчныг хамгаалах үндсэн үүргийнхээ хүрээнд хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд сэг зэм цуглуулсан гэсэн. Баримт, зураг нь байгаа юм байна лээ. Гэхдээ тухайн сум орон нутгийнхаа албаны хүмүүст мэдэгдэж, устгалын ажлыг зохион байгуулах ёстой байсан. Гэтэл нуун дарагдуулсан юм уу, хүмүүсийг хараад сандарсан юм уу, булах гэж оролдсон байна лээ. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн үг. Хорогдсон цагаан зээрээс дээж авч, шинжилгээнд явуулна. Шинжилгээгээр хордсон уу, осгосон уу, халдварт өвчин туссан уу гэдэг нь тодорхой болно. Урьдчилсан байдлаар 200 гаруй цагаан зээр цуглуулсан байна гэсэн. Өмнө нь 2017, 2021 онд цагаан зээр олноороо үхэж байсан. Тухайн үед өнөөгийхтэй адил хүйтэрсэн учраас осгосон гэсэн дүгнэлт гарсан. "Петрочайна дачин тамсаг" компанийнхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цагаан зээрийн сэг зэм булаагүй” гэлээ.
ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭН: "Петрочайна дачин тамсаг" компанийнхан үхсэн зээрийг нууцаар булахааас гадна түүхий нефть газрын хөрсөнд асгаснаа нуун дарагдуулсан байна
Харин Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Хорогдсон цагаан зээрийн сэг зэмийн талаарх мэдээллийг харьяа сумын эрх бүхий албан тушаалтан, Мал эмнэлэг, Байгаль орчны байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл авахгүйгээр булах үйлдэл гаргаж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Зүй нь үйл ажиллагаа явуулж буй талбай орчимдоо хорогдсон мал, амьтны сэг зэмийн талаар мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад өгч, хорогдсон шалтгаан нөхцлийг тодорхойлох шинжилгээнд хамруулж, дүгнэлтийг үндэслэн халдваргүйтгэл хийж зөвшөөрөгдсөн цэгт булж устгах зохицуулалттай. Өмнө нь "Петрочайна дачин тамсаг" компанийн газрын тос тээвэрлэлтийн автомашин осолдож, түүхий нефть газрын хөрсөнд асгарсныг нуун дарагдуулсан байсан. Иймд аймгийн Экологийн цагдаа, Мал эмнэлгийн газар, Халхгол сум, Матад сумын ЗДТГ-аас мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 21,19 дүгээр талбайд газар дээр нь шуурхай ажиллаж, зэрлэг амьтан их хэмжээгээр хорогдсон шалтгаан нөхцлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг даалгасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилогдсон Ажлын хэсэг энэ өдрүүдэд тус талбайд ажиллаж байна" гэсэн.
САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ: АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Засгийн газраас цагаан зээр хорогдсон асуудалтай холбоотойгоор Дорнод аймагт ажиллах Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн байгууллага, Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг, Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мал эмнэлгийн лабораторийнхан хамтран ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна" гэв.
Ergelt.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих