Тус мэдэгдэлд сүүлийн үед зарим телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга цацагдаж байгаа " Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, манай орны мөнхийн хөрш болсон хоёр улстай харилцах харилцаанд сэв суулгахуйц агуулгатай, гүтгэлэг, заналхийллийн шинжтэй байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдалд харш, хэт туйлширсан үзэл бодлоо зохион байгуулалттайгаар түгээн иргэдийг талцуулан хагаралдуулахад хүргэж байгааг анхааруулсан байна.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.3.3-р зүйлд "Үндэсний аюулгүй байдал, . . үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг бэхжүүлэх, улс орон, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил, тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлнэ.”, 3.3.3.4-т " Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ.” гэж тус тус заасан байдаг.
Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.4.3-т хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат бус байх, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хангах ёстой гэж тус тус заасан байдаг. Хэдийгээр тус хороо нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд аливаа нэвтрүүлгийн агуулгыг шүүж бусдыг гүтгэсэн, үндэсний аюулгүй байдалд харшилсан, хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоох эрх бүхий газар биш боловч үйлчилгээ эрхлэгчдээ хууль тогтоомж зөрчихгүй байлгах, нөгөө талаар хууль тогтоомж зөрчихөөс нь сэргийлж анхааруулах үүрэгтэй юм.
Иймд цаашид аливаа нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулахдаа аль болох олон талт эх сурвалжийг ашиглан, хэт нэг талыг барихгүй, мэдээллийн тэнцвэртэй байдлыг ханган, бодит баримтад тулгуурласан эсэх, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хууль тогтоомжинд харшлах эсэхийг нягталж байх шаардлагатайг үүгээр мэдэгдэж байна. Хэрэв Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хууль тогтоомжинд харшилсан нэвтрүүлэг удаа дараа явуулж, энэ нь холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд Хорооны зүгээс шаардлагатай арга хэмжээг авах болно. /ХХЗХ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих