Монгол хүний ид хав, цэц мэргэнийг сорьсон сурын спортын алдартнуудын
нэг бол улсын гоц мэргэн С.Энхтунгалаг юм. Тэрээр сурын спортын халуун
ам бүлд 40 гаруй жил цэц мэргэнээ сорьж явна. Харваач бүсгүйн нөхөр
Б.Батбаатар сурын спортод хожуу хөл тавьсан ч чамлахааргүй амжилт
үзүүлээд байгаа юм. Ингээд гоц мэргэн С.Энхтунгалагтай ярилцлаа.
-Харваачид голдуу удам дагаж сурын спортод хөл тавьсан байдаг. Таны хувьд?
-Манай удамд сур харвадаг хүн байхгүй ээ. 1981 онд МУИС-д оюутан болох
жил физикийн багш С.Батхуяг сур харвааны дамжаа хичээллүүлэхээр
оюутнуудаас сонгон шалгаруулж байна гэхийг сонсоод ангийн найз Сувдаа
сурын спортоор хамт хичээллэх саналыг надад тавьсан. Ангийн нөхдөөс
намайг сонгож, харваачдын халуун ам бүлд багтаасан найздаа одоо ч
баярладаг.
Түүнээс хойш 1986 онд улсад түрүүлж улсын мэргэн, спортын дэд мастер
зэрэг цолыг хожмоо хүртсэн. Дараа нь долдугаар сарын 20-нд Дундговь
аймагт болсон бүсийн чуулга уулзалт тэмцээнд дахин спортын мастерын
болзол хангаж улсын мэргэн, спортын мастер болсон.
Энэ мэтээр улсын баяр наадамдаа зургаан удаа айрагдаж, 39 оноогоор
эмэгтэйчүүдийн рекордыг тогтоогоод мөн буриад сурын гоц мэргэн,
уламжлалт сурын харвааны олон улсын хэмжээний мастер гэсэн үндэсний сурд
байдаг хамгийн том цолыг авсан. Ер нь би хувьдаа оролцсон тэмцээнүүдээ
энэ сайн тэмцээн энэ тааруу тэмцээн гэж ялгахгүй бүхий л тэмцээнд амжилт
үзүүлье гэж хичээдэг.
Тэр дундаа улсын баяр наадамд тамирчдын хувьд олимптой адил байдаг
учраас сэтгэл зүйн талаас би сайн харвах ёстой гэсэн бодол өөрийн эрхгүй
төрдөг. Хамгийн гол нь бидэнд биеийн хүчний туршлага байдаг боловч хүн л
юм болохоор зарим үед түүндээ захирагдахгүй алдаа гаргах тохиолдол
байдаг.
-Манайхан морь, бөхийг өндөр үнэлдэг. Харин улсын баяр наадамд
хамгийн олон өдөр наранд шарагдаж зогсдог үндэсний сурын спортынхны
үнэлэмж дутмаг байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үед сурын спортын амжилтыг өндөр үнэлдэг болсон. Өмнө нь
түрүүлсэн харваачийг дөрвөн сая төгрөгөөр шагнадаг байсан бол бол энэ
жилээс найман сая төгрөг болсон.
-Сур харваачид ихэнхдээ тайван хүлээцтэй хүмүүс байдаг мэт санагддаг?
-Зарим хүмүүс илт сандарч байхад зарим нь тайван байдаг тал
ажиглагддаг. Миний хувьд аль болохоор тайван байхыг хичээдэг боловч
зарим үед сандардаг. Үүнээсээ болоод ямар алдаа гаргаснаа мэддэггүй.
Тийм учраас сурч дууссан гэж хэлэх боломжгүй. Тэр өдрийн аз нь гийж илүү
оносон хүн л түрүүлдэг жамтай.
Бүгд л туршлагатай ялангуяа олон жил харвасан харваачид нум сумаа
тохируулсан байдаг. Гэвч бурханд итгэдэг учраас тухайн өдрийн аз, од гэж
боддог. Өвөг дээдсээ шүтдэг. Бас наадмын өглөө тэнгэр ажиглаад бараан
цэлмэг гээд ярьдаг шүү дээ. Түүн шиг бараан бөх, бараан морь, цайвар
морь түрүүлнэ гэдэг шиг манай сурд тийм зүйл байдаг болов уу гэж боддог.
-Хэдэн төгрөгийн нумаар харваж байна. Нум сум хэрэглэлээ хэрхэн яаж дээдэлдэг вэ?
-Нум 500 мянган төгрөг, сум 100 мянган төгрөгийн үнэтэй. Мэдээж муу
зүйл хэрэглэхийг хүсэхгүй. Тэгвэл тэндээс амжилт ч гарахгүй. Тийм учраас
сайн чанартай нум хэрэглэхийг боддог. Би "Алдар" спорт хороо 167 дугаар
анги, "Жем интернэшн" компаниар овоглогддог. Бидний амжилтын эх үндэс
ивээн тэтгэгч, дэмжиж байгаа байгууллагууд байдаг учраас энэ бүх хамт
олондоо баярлаж явдаг.
-Сурын спорт таны амьдралд хэрхэн нөлөөлөв?
-Сурын алтан шар зурхайд хүн болгон дурлаад орсон ч гэсэн тэр болгон
амьдралд нь нөлөөлөөд байхгүй шүү дээ. Цөөхөн хүмүүст дэм болж байгаа.
Тэр дэм болж байгаа хүмүүсийн нэгд нь би зүй ёсоор ордог гэж зурхайдаа
баярлаж талархаж явдаг.
-Энэ жилийн баяр наадмаар цолоо ахиулъя гэсэн бодолтой байгаа биз?
-Тэгэлгүй яахав. Буурьтай зурхайчдын тоонд ордогийн хувьд муу харвахыг
юу гэж бодох билээ. Цолоо ахиулж, айрагдахыг хүсч байна. Бэлтгэл
боломжийн хангагдсан. Сайн харвахыг хичээнэ.
-Энэ жилийн наадмын гоёлоо бэлдсэн үү?
-Монголын үндэсний хувцас гайхамшигтай соёл. Миний хувьд энэ жил цэнхэр
өнгийн дээл өмсөнө гэж бодож байна. Гэхдээ одоогоор яг дээлээ бэлдэж
амжаагүй байгаа.
-Таны сэтгэлд үлдсэн наадам тань?
-Улсын баяр наадамдаа түрүүлсэн жилийн наадам сэтгэлд тодхон байдаг.
Дараа нь 1994 онд хэсэг завсарласны дараа эргэж ирээд мөн улсын наадамд
хоёрдугаар байранд орж байлаа. Мөн 2006 онд Эзэн Чингисийн 800 жилийн
ойгоор Цэцэг мэргэнтэй товхолж гуравдугаар байранд орж байсан минь
сэтгэлээс гардаггүй.
-Мэргэчүүлээсээ хэнээс нь илүү суралцдаг вэ?
-Бүх мэргэчүүлээсээ суралцдаг. Тэр ч бүү хэл шинээр орж ирж байгаа залуучуудаасаа ч суралцдаг.
-Харвахаар гарахын өмнө юу бодогддог вэ?
-Аль болох өөрийгөө төвлөрүүлж, ингэж татна, тэгж гараа зөв байлгана
гээд зөвхөн техникээ л боддог. Дээр нь тухайн цаг агаар нар салхийг
тооцоолно.
-Та нэг нумаар хэдэн жил харвадаг вэ?
-Нумын хувьд эдэлгээнээсээ хамаарна. Сайн хийсэн нумаар олон жил
харвана. Зарим муу хийцтэй тааруухан эдэлсэн нум зурхайд гарч ирээд
эвдэрсэн тохиолдол бий. Харин сумыг жилд нэг удаа модыг нь сольдог.
-Сур харвахын ач холбогдол юу вэ?
-Аливаа зүйлд тууштай, зорилготой болдог. Нөгөө талаас биеэ эрүүл
байлгаж амжилтанд хүрэх хамгийн чухал. Тийм учраас бусад гэрт сууж
байгаа эмээ нараас өөрийгөө ялгаатай болов уу гэж боддог. Эрүүл байхын
тулд зөв хооллож, архи тамхинаас зайлсхийж явдаг. Сурын спорт
гайхамшигтай спорт.
Сая нэг олны танил улс төрч эмэгтэй сураар түр зуур хичээллэсэн юм.
Тэгээд "Би фитнесс, аялал, аэробик гээд олон спортоор хичээллэдэг. Гэтэл
сурын спорт тэр бүгдийн нийлбэр байдаг юм байна" гэж хэлсэн нь надад
маш их таалагдсан. Нээрээ л сур дээр зөвхөн гарын бяр биш, хөлийн хүч
чадал гээд бүх бие эрхтэн организм ажиллаж байдаг учраас зөв спорт гэж
боддог.
-Та хаана бэлтгэлдээ гарсан бэ?
-Энэ жил эрт дулаарсан учраас бид гуравдугаар cap гаргаад л бэлтгэлдээ
гарчихсан. Тэгээд улсын чанартай тэмцээнүүд тавдугаар сараас эхэлдэг
болохоор тасралтгүй уралдаанд оролцоод энэ маань бэлтгэл болоод л яваад
байдаг юм.
-Наадмын дараа орон нутгийн наадам хэсээд л явчихна биз дээ?
-Наймдугаар сарын 1 хүртэл аймаг бүс даншиг, гэсэн наадмууд болдог.
Тэдгээр наадмуудад оролцоно. Тэр тусмаа энэ жил Сэлэнгэ аймгийн Ерөө
сумын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа учраас ойдоо оролцоно.
-Таны наадмын өглөө хэрхэн эхэлдэг вэ?
-Урд өдрөөс нь сэтгэлээ тайван байлгаж сайн унтаж амрахыг чухалчилдаг.
Тэгээд сэтгэлээ тайван байлгаж наадмын өглөө бүх зүйл саадгүй байвал
амжилттай харвана гэсэн үг. Сэтгэл санаа л хамгийн чухал шүү дээ. Надад
шөнө гучхан минут унтаж байсан гашуун туршлага бий.
-Та манай эмэгтэй шилдэг харваачдын нэг. Хэд хүртлээ харвана гэж боддог вэ?
-Цэцэг мэргэн 60 гартлаа бас Бор-Охин -гэж гоц мэргэн 70 гартлаа харваж
байгаа. Ийм сайхан мэргэчүүл, ах эгч нарынхаа адил 60, 70 нас хүртлээ
харваж гоц мэргэн цолоо батлах бодолтой байна. Гэвч дороос хүчтэй
тамирчид гарч ирж байгаа учраас тэр болгон амжилтанд хүрэхэд амаргүй.
Гэхдээ ямар ч байсан сайн харвана гэсэн бодолтой байна,
-Хүүхдүүдээс тань харваж амжилт үзүүлж байгаа хүн бий юу?
-Хүүхдүүд маань удмаа залгаж сонирхолдоо хөтлөгдөн сурын спортоор
хичээллэсэн. Ер нь манайх спортод элэгтэй гэр бүл. Гэхдээ охин маань цаг
зав муутайгаас харваж чадахгүй байна. Хүү Төгсжаргал сургуулиа төгсөөд
ажилд орсон, бага хүү Төгс-Эрдэнэ цэрэгт явчихсан учраас харвахгүй
байгаа.
Тэд маань багаасаа харваад спортын дэд мастер цолтой болцгоосон. Тийм
учраас энэ сайхан спортоо олон түмэндээ түгээнэ гэсэн чин хүсэл
зорилготой байдаг.
-Гарын шавь олонтой биз?
-Олон шавьтай. Гурван шавь маань спортын дэд мастер болсон. Одоо тэд
маань наадамдаа харвана. Багшийн хувьд шавь нараа сайн харвуулахын тулд
халууныг халуун гэлтгүй, хүйтнийг хүйтэн гэлтгүй өдөржин гадаа зогсдог.
Спорт хүний хатуужил тэвчээрийг ийм л үед хатуу шалгадаг юм шиг
санагддаг. Тиймээс сурын спортод сэтгэл татагдаж харваачдын зовлон
жаргалаас хуваалцаж байгаа залууст урам өгөх дуртай.
-Нөхөр тань харваа сонирхдог хэрнээ яагаад сурын спортод хожуу орсон юм бол?
-Нөхөр маань эхэндээ сур харвааг ойшоож дэмжихгүй, бүр дургүйцэж,
уурладаг байсан. Тэгээд 40 гарсан хойноо энэ спортод хөл тавьсан. Хэдий
хожуу орсон ч сайн харваж байгааг нь хараад баярладаг юм. Өнгөрсөн жил
нөхрийн маань хувьд чамлахааргүй амжилттай жил байлаа.
Сур харвааны нээлтийн тэмцээнд түрүүлж, наадмаар улсын мэргэн
Ц.Баасанхүү, Л.Отгонбаяр нартай тэргүүн байрын төлөө өрсөлдөж, товх
харвасан. Жаахан л аз дутсан. Аливаа зүйлд тохироо нь бүрдэх цаг гэж
бий.
Өнгөрсөн жил чадаагүй ч энэ жил мэргэн болох ч юм бил үү. Оны манлай
шилдэг харваач шалгаруулахад хошой мэргэн Л.Отгонбаяраас хоёр оноогоор
дутсан. Одоо нөхөр маань бэлтгэл сургуулилалтаа хийх гэж сурын талбай
руу яардаг болсон шүү.
-Тэгэхээр хань тань сурын спортоор хичээллэснээс хойш үл ойлголцох асуудал бага гардаг болсон байх даа?
-Гэр бүлийн гишүүд санаа бодол нэг, нэгдмэл зорилго, тэмүүлэлтэй байхад
бие биеэ ойлгоход амар байдаг. Алдаа, оноо нь нүдэн дээр ил байдаг
болохоор шүүмжилж, зөвлөхөд ч дөхөм. Гэртээ ирсэн ч, гадагшаа тэмцээн
уралдаанд оролцсон ч хамтдаа байх нь сайхан. Спортын төрлүүдээс сур
харвааг хамгийн сайхан гэж боддог.
Хэдийгээр өрсөлдөж байгаа ч бие биедээ уур омог, бардам зан
гаргадаггүй. Спортын төрлүүдээс сурын харваа наснаас хамаардаггүй.
Байнгын хөдөлгөөнтэй байдаг тул жин нэмэхгүй, ухаан гаргаж харвадаг
болохоор бодож, тооцох тал дээр тархи сайн хөгждөг. Мартах, зөнөх өвчинд
амархан өртөхгүй шүү.
-Спортын төлөө ар гэрийн ажил, амьдралаа умартаад зүтгэх тохиолдол бишгүй л гардаг нь мэдээж. Тийм үед шантардаг уу?
-Спортын орчин тухайн хүнээс сэтгэлийн хат, хичээл зүтгэл, хурд, хүч,
мэдрэмж шаарддаг. Бидэнд спортын төлөө ар гэрийн ажлаа мартаад зүтгэх
тохиолдол бишгүй л гардаг. Гэхдээ сур харвахаа болъё гэсэн гунигт бодол
төрж байсангүй. Хүн дуртай зүйлээсээ татгалздаггүй болохоор хэцүү ч
байсан даван туулаад ард нь гардаг. Амжилт амархан ирдэг зүйл биш л дээ.
Хэдий чинээ тууштай зүтгэнэ төдийч инээ хөлс, хүч гарна.
Д.Нэргүй
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих