Дорнод аймгийн иргэд тэтгэврийн зөрүү, малын хулгайн асуудал, орон нутаг дахь шүүх, прокурорын байгууллагын хүнд суртал, "Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт, хөдөө орон нутаг дахь соёл урлаг, спортын салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөгжил, хөнгөлөлттэй эмийн хүртээмж зэрэг асуудлыг хөндлөө. Мөн аймгийн цэвэр усны хангамжид анхаарч шугам сүлжээний шинэчлэлд шаардагдах төсөв хөрөнгийг шийдэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийг цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалд хамруулах, Чойбалсанг хотын статустай болгох, Их бурхант цогцолбор орчимд олгосон хайгуулын лицензийг цуцлах, ”Шинэ хөгжил” цогцолбор сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шийдэх, Халхгол сум руу зам тавих, тус сумын халаалтын зуухны төсвийг шийдэх, багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад хамруулах, Зүүн бүсийн үйлдвэр технологийн паркт дэмжлэг үзүүлэх, авлигачдыг торгоод өнгөрөх биш ял шийтгэл оногдуулах, хилийн зурвасыг тортой, хилийн цэргийг дронтой болгох, "Шувуу" ажиллагааг эрчимжүүлэх, бүсийн оношилгооны төвийг томографийн аппараттай болгох, аймагт сувилахуйн сургууль байгуулах, хадланчдыг тариаланчдын нэгэн адил түлшний хөнгөлөлтөд хамруулах зэрэг санал дэвшүүллээ.
Салбарын сайд нар холбогдох чиглэлээр иргэдийн асуултад хариулт өгөв. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Халх гол сумын нэгдсэн халаалтыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргана. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Халхгол сумын нутаг дахь Их Бурхант цогцолборт олгосон хайгуулын лицензийг цуцалсан гэдгийг хэллээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Петрочайна Дачин Тамсаг” компанид өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Чойбалсан хотын ус хангамж, дулааны шугам сүлжээг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн "Шинэ хөгжил” цогцолбор сургууль болон 12-р сургуулийн барилгын өргөтгөл, орон сууцны дулааны шугам сүлжээ болон Чойбалсан чиглэлийн авто замын хөрөнгийг шийдвэрлэхээр болов. Түүнчлэн Халхгол сумын 85 жилийн ойг угтан загвар сум болгох төслийн ТЭЗҮ боловсруулах, Дорнод аймгийн иргэдийг орон сууцжуулах асуудалд анхаарч ажиллахыг Сангийн яам болон аймгийн удирдлагад тус тус даалгав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих