Хэдхэн хоногийн өмнө сандал суудлын асуудлаас болж олон нийтийн цахим сүлжээгээр хатуухан шүүмжлэлд өртөн Салбарын сайдаас хүртэл хариуцлага нэхүүлсэн Дорнод аймгийн Хөгжимт драмын театр мөн дахин нэг томоохон дуулианы эзнээр тодорлоо.
Сайны хажуугаар саар гэгчээр санаатайгаар олон нийтийн дунд тараасан буруу ташаа мэдээлэлээс болж тус театрын хамт олон болох болохгүйгээр дуудуулсан нь саяхан.
Тэгвэл Монгол улсын соёл, урлагийн хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмж, нэгэн шинэ үзэгдэл болж дуулиан болгохоор тус театрын хамт олон нэгэн том уран бүтээлийн ажилд ханцуй шамлан оржээ.
Тодруулбал, Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын "Сарьсан багваахай” хошин дуурийг энэ оны 10 дугаар сард өөрсдийн театрын тайзнаа, зөвхөн өөрсдийн уран бүтээлчдийн хүч хөдөлмөр, авьяас чадвараар амьдруулж орон нутгийн үзэгч, ард түмнийхээ оюуны цангааг тайлахаар өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл завгүй ажил өрнүүлж байгаа юм байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд тэр дундаа сонгодог урлаг өндөр түвшинд хөгжсөн цөөхөн тооны томоохон улсын театруудад л тоглогддог ийм сонгодог уран бүтээл монголын нэгэн зах хязгаарын хөдөөгийн театрын тайзнаа шинээр тавигдана гэдэг бол урлагийн салбартаа яахын аргагүй томоохон ДУУЛИАН мөн билээ.
Улс орны хөгжлийн түвшинг урлаг соёлын хөгжлийн түвшингээр үнэлдэг гэдэг нь ч бас хоосон ч үг биш юм.
Нэмж дурьдхад тус уран бүтээл нь 100 гаруй хүний хүч хөдөлмөр, 70 орчим сая төгрөгийг хөрөнгө санхүүгээр бүтээгдэж байгаа бөгөөд тус уран бүтээлийн төслийн гол санхүүжүүлэгчээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлагийг хөгжүүлэх сан, дэмжигч байгууллагаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, "Дорнын гэрэгэ” ХХК ажиллаж байна.
Дорнод театр бол хөдөөгийн цорын ганц Сонгодог симфони найрал хөгжимтэй театр бөгөөд орон нутагт Сонгодог урлагийг бодитой, үр дүнтэй хөгжүүлж яваа жаран давсан уран бүтээлийн түүх арвинтай хамт олон билээ.
Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхаа уран бүтээлчид, хамт олондоо уран бүтээлийн улам илүү их амжилтыг хүсье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих