Малд зориулсан АСД 2Ф хэмээх эмийг сүүлийн үед монголчууд их хэрэглэх болжээ. Уг эмийг малын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн бөгөөд эвэрт амьтан, хонь, морь, нохой, гахай, шувууны төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байлгах, хоол боловсруулах эрхтний хямрал, яр шарх гээд бүх төрлийн өвчинд гадуур болон дотуур хэрэглэх зориулалттай аж. Харин манайхан үүнийг хавдар, мэдрэлийн гаралтай зэрэг бүх л өвчинд сайн хэмээн эмчийн зааваргүйгээр, дур мэдэн худалдан авч, хэрэглэх болсон байна.
АСД 2Ф гэдэг нь антисептикстимулятор Дорогова гэсэн үгний товчлол аж. Тодруулбал, антисептик-ариутгагч, стимулятор-дархлаа сэргээгч, Дороговаэмийг бүтээсэн малын эмчийн нэр юм байна. Мал эмнэлгийн хүрээлэнгийн секторын эрхлэгчээс энэ эмийн талаар тодруулахад "АСД 2Ф нь малын эм. Малд зориулж ОХУд 1943 оноос үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Тэр үеэс хүмүүс хэрэглэх болсон гэсэн. Манайд сүүлийн 2-3 жилд хүмүүс их авч хэрэглэж байна. Дархлаа сайжруулах, яр шарх эдгээх, хавдрын эсрэг үйлчилгээтэй юм гэнэ лээ. Уг нь малд л хэрэглэх ёстой ч манайхан өөрсдөө уух гэж авдаг” гэсэн бол нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн "Хүн архиа ууна уу, тамхиа татна уу гэдэг нь өөрийнх нь л дур” гэсэн хариулт өгөв.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн "Манайх тусгайлан нэг эмийг шалгадаггүй учраас тодорхой хариулт хэлэх боломжгүй. Эрүүл мэндийн яамныхнаас ямар зориулалтаар хэрэглэхээр бүртгүүлснийг тодруулах хэрэгтэй” гэлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан энэ эмийн талаар ямар ч мэдээлэл байхгүй, сонсож ч байгаагүй гэсэн бол Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн "Хүний эмийн бүртгэлд энэ эм байхгүй. Малын эмийн бүртгэл ҮХААЯнд байдаг. Тэндээс асуу” гэв. Энэ мэт холбогдох байгууллагынхан нөгөөгөө мэднэ гэсээр тус эм малын эмийн бүртгэлд байдаг эсэх, хүн хэрэглэж болох эсэхэд тодорхой хариулт өгсөнгүй. Хэн, ямар зориулалтаар эм оруулж ирж, юунд хэрэглэж байгааг хянах ёстой мэргэжлийн байгууллагынхан ийм хариулт өгч байгаа нь манайд эмийн чанар, аюулгүй байдал, түүнд тавих хяналт ямар түвшинд хүрснийг, мөн иргэд сайн л гэвэл ямар ч хамаагүй эм уухад бэлэн байгааг харуулж байна.
Уг эмийг албан ёсны эрхтэйгээр АВС компани ОХУ-аас оруулж ирдэг аж. Тус компанийн ажилтан Б.Бадамцэцэгээс дээрх эмийн талаар асуухад "Манайх энэ эмийг малын эмээр бүртгүүлж, жилийн өмнөөс оруулж ирэх болсон. Эмийн патент Дорогова эмчийн охинд нь байдаг. Охин нь хүнд зориулсан ийм эм бүтээхээр судалж байгаа гэсэн. Малын эм гэж зардаг ч хүмүүс хорт хавдар эмчилдэг гээд их авдаг. Тэгэхээр нь судалж үзтэл ОХУд ч хүмүүс өргөн хэрэглэдэг юм билээ. Зарим хүн л адуунд хэрэглэхээр авдаг. Энэ эмийг ууснаар мал бахарддаггүй, нялх төлийн бойжилтод сайн. Ер нь малд маш сайн эм. Манайхан малдаа биш, өөрсдөө л хэрэглэхээр авч байна. Шинжлэх ухааны үүднээс энэ эмийг хүн хэрэглэж болно гэж хэлэх боломжгүй” гэж ярилаа.
Э.ЭРДЭНЭ
"Өнөөдөр" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
“Монос”, “Астрафарм” зэрэг томоохон эмийн үйлдвэрүүд зөрчилтэй байжээ
-
Эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөний хяналтын эмчилгээг даатгалд хамруулахыг ...
-
"Тавин-Ус" компани сэтгэцэд нөлөөлдөг эм их хэмжээгээр оруулж ирдэг байжэ ...
-
Парацетамолыг хүүхдэд өндөр тунгаар уулгахгүй байхыг анхааруулав
-
24 цагийн эмийн сан ажиллаж эхэллээ
Сэтгэгдэл бичих