УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон
тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын
хувьсгалын ойн баярыг жил бүрийн долдугаар сарын 11, 12, 13-ны өдөр
нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Гэвч эдгээр
баярын өдөр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан долоо хоногийн амралтын
өдрүүдтэй /Бямба, Ням/ давхцсан тохиолдолд нөхөж амрах эрх зүйн
зохицуулалт байдаггүй. Тухайлбал, энэ жилийн хувьд долоодугаар сарын 12,
13-ны өдөр нь бямба, ням гарагтай давхцаж байгаа юм. Иймд Засгийн
газраас үндэсний уламжлал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа, бүрэн
эрхт байдлыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч,
тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр
амрахаар хуулийн төсөл боловсруулж зургаадугаар сарын 20-ны өдөр өргөн
мэдүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын зарим гишүүд ингэж амралтын тоог нэмж
байгаа бол ажлын өдрийн тоог ч мөн нэмэх хэрэгтэй гэсэн саналыг гаргаж
байсан юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, С.Дэмбэрэл нарын
гишүүд ажил амралтын өдрийн балансыг тэнцвэржүүлэх хэрэгтэй, түүнчлэн
амарсан өдрийн ажлын бүтээмжийг яаж нөхөх вэ гэдгийг асуусан.
Харин Төрийн байгуулалтын байнгын
хорооны дарга А.Бакей Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт
өдрүүдийн тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх тухай ажлыг хэсэг
байгуулагдан ажиллаж байгаа гэдгийг хэлсэн. Уг ажлын хэсэг ирэх намрын
чуулганаар ажил амралтын өдрийн балансыг барих болон амарсан өдрийн
ажлын бүтээмжийг яаж нөхөх талаар нухацтай ярилцаж ажиллана гэдгийг
мэдэгдсэн юм.
Ингээд Үндэсний их баяр наадмаар
14,15-ны өдрүүдэд амрах тухай хуулийг батлая гэсэн саналаар гишүүдээс
санал хураахад хуралдаанд оролцсон нийт 58 гишүүний 37 нь буюу 63.8 хувь
нь дэмжсэнээр батлагдлаа.
Уг хуулийн төслийг мөрдөгдөж эхлэх
хугацааг байнгын хорооны хуралдааны үед болон ажлын хэсгийн хуралдааны
үеэр яригдаагүй учраас УИХ-ын дарга уг хуулийг өнөөдрөөс эхлэн
мөрдөгдөнө хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн долоодугаар сарын 10-ныг ажлын өдөр гэж тооцож байгаа бөгөөд долоодугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тав хоног амрах юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3724
Сэтгэгдэл бичих