“Ханжөү 2022 · Азийн XIX наадам” 09-р сарын 23-наас 10-р сарын 08-ны өдрүүдэд “Хүний орчлонгийн диваажин” хэмээн алдаршсан Ханжөү хотноо нижгэр сайхан болж өндөрлөлөө.
- Би дунд сургуульд суралцаж байх үед Азийн наадам Бээжин хотноо болж “Азийн салхи” хэмээх гол дуу дэлгэрэн урсгал болж байсан болохоор дууны багш маань энэхүү дууг манай ангид зааж байсан тул тэр үеэс Азийн наадмын тухай бага сага ойлголттой болж эхэлсэн юм. Хожим нь хэвлэл мэдээллээс Азийн наадмын тухай олонтой харж сонсож байсан ч ер нь Азийн наадмын сэтгүүлч болно гэж арван зүүдэнд маань орж байгаагүй билээ.
Хятад улсад гурав дахь удаа болж байгаа энэхүү “ногоон, ухаалаг, арвич хэмнэлтэй, соёлч” байдлыг дэлхийд харуулсан Азийн дэлгэр наадамд сэтгүүлчээр ажиллах болсон маань Мөчир бид хоёулын хувьд үнэхээр олдошгүй аз тохиол байж, анх удаа дэлхийн хэмжээний наадамд оролцож, ялангуяа дэлхийн хэмжээний асар том спортын наадмын сэтгүүлчээр ажиллаж, энэ бүхэн нь бүр л “анх удаа” тохиосон болохоор бид хоёулаа догдлол бишрэл, сонирхол гайхашрал, харамсал хүлээлтийн мартагдашгүй мөртөө давтагдашгүй үлгэр учралд эрчлэгдэж, хятадын бахархал, Хятадын онцлогийг газар дээр нь үзэж бие сэтгэлээрээ мэдэрлээ.
Догдлол буюу бишрэл
Гавир цэцгийн улирал Ханжөүд саатаж, цэцэгсийн анхилуун үнэр бэрийн газраас ханхлаад Азийн наадмын үзэгчид, тамирчид, сэтгүүлчид, ажилтнуудын сэтгэлийг гижигдэнэ. Азийн наадмын өдрүүдэд баяр догдлолын мөч хором талбайгаас талбайд үргэлжилнэ. Харин бидний хувьд спортын уралдаан тэмцээнийг газар дээр нь үзэж мянга түмэн үзэгчдийн уухайлал, алга ташилтын дуутай хамт догдлон байсан маань хамгийн мартагдашгүй.
09-р сарын 24-ний 19:30-д бид Ханжөү хот дахь Азийн хамгийн том усан спортын талбайд Азийн наадмын усан сэлэлтийн шийдвэрт тэмцээнийг газар дээр нь сонирхсон юм. Алга ташилт, уухайлал үргэлжилж хоёр цаг орчмын шийдвэрт тэмцээн үнэхээр нисэх мэт хурдан байж догдлол бишрэл аль алинд нь автсанаа мэдэлгүй өнгөрөв. Гэгээлэг булчинлаг тамирчин залуус түмний харааг булааж үзэгчид суудалдаа тогтож ядан өндөлзөнө. Миний хувьд хятадын тамирчдын багийн Ван Шүнь, Жан Юйфэй нарыг энэ талбайд таниж, усан сэлэлтийн сургалтад очиж усанд сэлэхийг сурч дийлэхгүй гачигдаж байсан гоморхол маань арилж дахиад л усан сэлэлтийн сургалтдаа очих урам зориг сэргэж байлаа.
Ялангуяа, энэхүү хоёрхон цагийн дотор Хятадын баг долоон төрлийн тэмцээний алтан медалийн эзэн болж, 6 төрлийн тэмцээнд адил бус хэмжээний тэмцээний түүхийн дээд амжилтыг үүдсэнд бишрэн тамирчдын хөдөлмөр эрч хүчинд гайхаж, спорт, урлагийн уралдаан тэмцээн нь үндэстэн угсаатны үг хэл, улс орны хилийн зааггүй байж хүн бүгдийн сэтгэлд хүрдэг нь бишрэлтэй. Энэ мөн спортын уралдаан тэмцээний татах хүч биз ээ.
Мөчир маань:
- Эгч ээ, 09-р сарын 24-ний үдэш миний хувьд сэтгүүлчийн амьдралд маань мөнхрөн үлдэх өдөр боллоо. Азийн наадмын сэтгүүлчээр анх удаа ажиллаж байгаа миний хувьд иймэрхүү дэлхийн хэмжээний том тэмцээнийг газар дээр нь үзэж, Хятадын багийн тамирчдын гайхалтай хүч чадлыг газар дээр нь мэдэрсэндээ маш их догдоллоо гэж хэлж байсан юм.
09-р сарын 30-ны орой Хятадын арван зургаахан настай Чюань Хунцань охины 10 метрийн тавцангийн усан харайлт үнэхээр бүх талбайг бишрэл догдлолын ертөнц болгож байсан юм. Бид хоёр гадаад, дотоодын том том хэвлэл мэдээллийнхэнтэй мөр зэрэгцэн энэ оройн медалийн эзэд болон сэтгүүлчдийн уулзалтад оролцож, олны од болсон энэ жаахан охин ичимтгий мөртөө үг дуу цөөхөн. Олны асуултад ганц хоёр үгээр хариулах нь хөөрхөн байж, эрхгүй л хайр төрүүлж байлаа.
10-р сарын 03-ны орой Ханжөүгийн төв цэнгэлдэх хүрээлэн болох их бадамлянхуат ордонд болсон хөнгөн атлетикийн тэмцээний талбай бол бүр буцалж байсан юм. “Нөхөрлөл нэгдүгээр уралдаан хоёрдугаар” гэх бага, дунд сургуулийн үедээ сургуулийнхаа спортын уралдаан тэмцээнд оролцож байсан үе маань санагдаж байлаа. Тэр үеийн манай суруулийн спортын төрөл нь голдуу хөнгөн атлетикийн тэмцээнүүд байж, би гүйх, харайх гээд идэвхтэй оролцогч бөгөөд идэвхтэй хөгжөөн дамжигч байсан юм. Энэ оройн уралдаан тэмцээн намайг аргагүй л бага насанд маань буцааж хүүхэд насны миний цэвэр ариун дурсамжийг сэргээж байлаа.
Үнэндээ Азийн наадмын спортын уралдаан тэмцээн бүхэн нь үзэгчид бүгдийн догдлол бишрэлийн дунд явагдсан нь яриангүй юм. Бидний хувьд догдлон биширсэн мөч хором бүхнээ яриад барах ч биш дээ! Харин Азийн наадмын уралдаан тэмцээний талбай дахь догдлол бишрэл маань Азийн наадмын хамгийн сайхан дурсамж болон үлдэсэн юм.
Сонирхол буюу гайхамшиг
Ши Ху нуурын соёлын үзэмж, Лан жү соёл түүхийн эртний хотхон, Бээжин Ханжөүгийн их татмал гол гэх гурван их дэлхийн өвийг тээсэн Ханжөү хотын гоц сайхан өнгө үзэмж болон их, бага Бадамлянхуа цэнгэлдэх хүрээлэн гээд л. “Ханжөү 2022 · Азийн наадам”-ын юу бүхэн нь сэтгэлийг соронздон нүдийг минь хужирлаж гайхаш алдуулж байсан юм. Энэ бүгдийн дундаас Хятадын уламжлалт соёл урлаг болон орчин үеийн хөгжлийг гайхамшигтай уялдуулсан нь давтагдашгүй юм.
Ханжөү Азийн наадмын өлзийт гурван хүүхэлдэй болох Цэнь Цэнь, Лянь Лянь, Цүн Цүн нь Ханжөү хот байх гурван том дэлхийн өвөөс ирэлттэй байж, хамгийн бодитой гэрч болсон байдаг сан.
Хятадын уламжлалт тэмдэглэлт баярын өдөр болох тэргэл сарны баяр (09-р сарын 29-ний өдөр ) болон Улсын баяр (10-р сарын 01-ний өдөр) нь Азийн наадмын өдөртэй давхардсан нь найран дээр хөг нэмсэн явдал болж, наадмыг улам ч өнгөтэй болгож билээ. 09-р сарын 29-ний өдөр бид Азийн хотхон, хэвлэл мэдээллийн хотхон, тамирчдын хотхон дахь Торго дурдангийн соёл урлаг зэрэг уламжлалт соёлын үзүүлбэр, Цайны соёл урлаг, цаасан хайчилбар, гүчин хөгжим зэргийг биечлэн ойлгох талбаруудаар сонирхон явж ойлгон мэдэрч явлаа. Зөвхөн л спортын уралдаан тэмцээн явагдуулах биш харин нэг удаагийн эчнээ гайхамшигт уламжлалт соёлоо дэлхийн хараанд дэлгэж үзүүлсэн төдийгүй орчин үеийн хөгжлийн байдлыг тохитой уялдуулан Хятадын хөгжил, Хятадын дүр төрхийг гүйцэд харуулж, Хятадын бахархлыг үзүүлж байгаа томоохон үзэсгэлэн болсон байна.
Дижитал гал бамбарчин, жолоочгүй автомашин, “робот ажилтан”, Азийн наадмын нээлт хаалтын ёслолын арга хэмжээний өндөр технологи нь дэлхийд хэд хэдэн хамгийн “анх”-ыг үүдэж билээ. Энэхүү сонин сайхан “Анхны” зүйлс нь хүмүүсийн сонирхлыг татаж байсан төдийгүй бүр цаашид Хятадын технологийн хөгжилд гайхишралыг төрүүлж байсан юм.
Азийн наадмын бүх талын үйлчилгээ нь боловсролын дээд төвшинд хүрсэн нь бас нэгэн гайхамшиг юм. Азийн наадмын сайн дурын ажилтнууд ба технологийн ажилтнуудын олонх нь Ханжөү хот, Же Жян муж бүс нутгийн их, дээд сургуулийн оюутнуудаас бүрэлдсэн юм. Азийн Наадмын талбайн өнцөг бүлэн бүрт цоглог жавхаалаг залуу хүмүүсийн цайлган мишээл, гэгээлэг царай харагдаж, Хятадын ирээдүйн дүр төрхийг харуулж байлаа. Хамгийн дурдууштай нь Азийн наадмын өдөр тамирчид, ажилтнууд бүгд төлбөргүйгээр метро, автомашинаар аялах зам харилцааны дөт дөхөм үзүүлсэн явдал нь гадаад, дотоодын зам мэдэхгүй хүмүүст багагүй тус дэм болжээ. Азийн наадмын Хаалтын ёслолын арга хэмжээний дараа бүх үзэгчдэд зориулан төлбөргүй зам харилцааны үйлчилгээ үзүүлсэн билээ.
Уралдаан тэмцээний хувьд бидэнд сонирхолтой санагдсан зүйл гэвэл 09-р сарын 26-ны оройн E спортын тэмцээн байлаа. Анх удаа Азийн наадмын уралдааны төрөл болсон энэхүү Хятадын уламжлалт үлгэр түүхэнд суурилан бүтээсэн тэмцээний тухай таг ойлгохгүй, электрон тоглом нааддаггүй миний хувьд талбай дүүрэн суусан залуустай хамт хөгжөөн нэмж суух нь залуу бага насыг минь санагдуулж, эрч хүчтэй болох сайхан мэдрэмжтэй. Ахуй талбайд үзэгчид пиг таг дүүрэн байж, тэр мөртөө бүгд залуус байж уухайлал тасрахгүй буцалж байлаа.
Харамсал буюу хүлээлт
Харамсал нь дараагийн уулзалт буюу хүлээлтийн шалтаг болдог учиртай.
Азийн наадмын нээлтийн ёслол болох “Азийн давалгаа” гэх арга хэмжээг газар дээр нь сонирхож чадсангүй нь бид хоёрын хамгийн их харамсал болж билээ.Энэ удаагийн Ханжөү Азийн наадамд дотоод, гадаадын арван хоёр мянга гаруй сэтгүүлчид оролцосон байдаг. Үүнд мянга гаруй сэтгүүлчид л наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцож газар дээр нь мэдээ мэдээлэл хийсэн байна. Бид хоёр нээлтийн ёслолын арга хэмжээний ахуй байдлыг мэдэрхийн тулд Азийн хотхоны хэвлэл мэдээллийн төвд багийн хамт олноосоо салж үлдсэн билээ. Хэвлэл мэдээллийн төвийн шууд дамжуулан нэвтрүүлэх талбайд мөн уухайлал тасрахгүй байлаа. Бид бүх улс орны төлөөлөгчид талбайд орсны дараа буудал зүг буцахаар болов. Гадаа зөөлөн салхи намуухан илбэж тэнгэрийн цаг хүний санаа нийлсэн нь илхэн. Бид Ханжөү хотын ээж гол болох Чянь Танжян мөрний гүүрийг явган гаталж байхад нээлтийн ёслолд оролцсон үзэгчид унадаг дугуйтай хөөрөлдөн давхих нь энэхүү арга хэмжээ амжилт төгөлдөр болсныг бүрэн гэрчилж байлаа.
Монгол Улсын тамирчдын баг болон төлөөлөгчдийн багтай уулзаж сурвалжилж чадсангүй, ялангуяа Монгол Улсын Азийн аварга болсон гурван тамирчны ахуй тоглолтыг газар дээр нь үзэж чадсангүй маань энэ удаагийн бас нэг их харамсал болон үлдэж билээ.
Хятадын онцлог, Азийн хэв маяг, гайхамшигт гоц сайхан байдлыг харуулж чадсан Ханжөү Азийн наадам өндөрлөж, хүн болгонд Ханжөүгийн дурсамж адил бус байдлаар үлдсэн нь лавтай.
Хятадын тамирчдын багаас Азийн аварга 201 гарсан ба Өвөр Монгол орноос Азийн аварга тодорсон ба Өвөр Монголын ах дүү хоёр бөх Азийн наадамд зодоглож, хүрэл медалиар энгэрээ мялаасан нь түүхийн дээд амжилтыг бүтээж хүн түмний амнаас ам дамжин яригдаж байлаа. Азийн наадам нь олимпийн үзэл баримтлалыг бадруулан Азийн орны ард иргэд хоорондын нөхөрлөлийн гүүр болон гүнзгийрүүлж чадсан нь яриангүй.
Миний хувьд тамирчдын нөр их хүч хөдөлмөр болон яруу алдар, улс орнуудын спортод анхаарал хандуулж байгаа сайн сайхан байдал болон спортын уралдаан тэмцээн нь хүн түмэнд, улс оронд үзүүлж байгаа үнэлшгүй үнэ цэнийг үнэнхүү мэдэрсэн явдал юм.
Азийн наадамд догдолж, гайхаж, биширч, харамсаж өнгөрсөн хором бүр маань мартагдашгүй давтагдашгүй Ханжөүгийн дурсамж болж үлдлээ. Нагояд уулзахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье !
Зохиогч: | Нийтлэл \ Ш.Цогзолмаа Д.мөчир |
Найруулагч: | Ш.ЦОГЗОЛМАА |
Эх сурвалж: | СЛМ |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих