Ханжөү Азийн наадамд Өвөр Монголоо төлөөлөн Хятадын багт 12 тамирчин 6 төрлийн тэмцээнд оролцож, боксчин Ли Чянь, Ян Лю нар Азийн аварга болсон бол Ляонин хөнгөн атлетикийн багийн тамирчин Жү Яамин эрэгтэйчүүдийн гурвын үсрэлтийн финалд 17.13 метрийн амжилтаар, Өвөр Монголын Ухай нутагтай, Хятадын үндэсний уралдааны алхалтын спортын залуучуудын багийн тамирчин Ян Жяюй хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 20 километрт тус тус тэргүүлснээр Өвөр Монгол нутагт "Азийн аварга" нэг дор дөрвөөр гарсан түүхийн дээд амжилтыг бүтээжээ.
Азийн аварга боксчин Ли Чянь, Ян Лю нар 10-р сарын 04, 05-ны өдрүүдэд алтан медаль хүртсэн юм.
Энэ жил 33 настай Ли Чянь 2012 оноос эхлэн авьяас чадвараа харуулж эхэлсэн. 2012 онд боксын эмэгтэйчүүдийн 75 кг жинд бараг үндэсний бүх тэмцээний аварга болж байсан. 2016 онд олимпод анх удаа оролцсон Ли Чянь эмэгтэйчүүдийн 75 кг жинд хүрэл медаль хүртсэн. Токиогийн олимпод шигшээ багаа төлөөлөн дахин оролцож, эмэгтэйчүүдийн 75 кг жинд мөнгөн медаль хүртэж, гадаадад болсон олимпод Өвөр Монголын тамирчдаас шилдэг нь болж, Өвөр Монголын анхны мөнгөн медальтай эмэгтэй тамирчин болсон юм.
10-р сарын 05-ны орой Өвөр Монголын боксчин Ян Лю эмэгтэйчүүдийн 66 кг жинд алтан медаль хүртжээ. Ян Лю 2008 оны 07-р сард Өвөр Монголын боксын багт элссэн бөгөөд бие бялдар сайтай тэрээр улсын тэмцээнүүдэд хурдтай ялгарч байв. Ян Лю 2018 онд эмэгтэй боксын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан.
Жү Яамин 1994 оны 05-р сарын 04-нд Хөлөнбуйр хотын Орчон Өөртөө Засах хошууны Даяншү сууринд төржээ. Ахлах сургуульд байхдаа түүний спортын авьяасыг спортын дасгалжуулагч Ма Ренлян нээн илрүүлж, түүнийг удирдаж, дасгалжуулсан байна. Жү Яамин 19 настайдаа Шэньян спортын сургуульд спортын мэргэжилтнээр элсэж, 2015 онд Ляонин хөнгөн атлетикийн багт оржээ. Үүнээс хойш Жү Яамин дотоодын болон гадаадын тэмцээнүүдэд онцгой амжилт гаргаж эхэлсэн бөгөөд 2016, 2017 оны Хятадын Үндэсний хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн гурвын үсрэлтийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дэлхийн цэргийн VII наадмаас эрэгтэйчүүдийн гурвын үсрэлтийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон түүхтэй.
Ян Жяюй 2014 оны IААF Rасе Wаlкing Wоrld Сир тэмцээний эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд явган алхалтийн төрөлд дэд байр эзэлсэн. 2021 оны 07-р сард Ян Жяюй Токиогийн олимпод оролцов. 08-р сарын 06-нд Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн 20 километрийн хөнгөн атлетикийн алхалтын тэмцээний финалд Ян Жяюй гурав дахь улаан хуудас авсныхаа төлөө 2 минутын эрхээ хасуулж, алтан медалийн төлөөх тэмцээнээс шууд хасагдаж байсан юм.
Зохиогч: | Ш.Цогзолмаа, Д.Мөчир |
Найруулагч: | Ш.Цогзолмаа |
Эх сурвалж: | СЛМ |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих