
Бид өмнө нь "АСА” цирк, "Ард” кино театрын хувьчлалыг хэр шударга үнэн явуулсан талаар мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаа иргэдэд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа Сэргээн засах клиникийн эмнэлгийг шударга хувьчлалд хамрагдаж чадсан эсэх талаар өгүүлэх гэсэн юм. Цаг сайхан байх үед тус клиникт хөдөө орон нутгаас зорьж ирэх иргэд төдийгүй нийслэлчүүд эмчийн хяналтын дор эмчлүүлэх бичигтэйгээ ирээд асуудалгүй хэвтдэг байсан тухай өдгөө ч ярьсаар л байгаа.
Харин нэр бүхий албан тушаалтнууд эл сувиллыг өөрийн ах дүү амраг садандаа хувийн өмч болгож өгснөөс хойш тус сувилалд хэвтэж эмчлүүлэх гэсэн иргэд бүтэн сар жилээр хүлээн арай хийж эмчлүүлдэг болсон гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.
Тодруулбал дээрх сувиллыг хувьчлал нэрээр асар бага үнээр өгч байсан нь асуудал болоод байна. Учир нь дээрх сувиллын хувьчлалтай холбоотой асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас шалгуулах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн 2012 онд АТГ-т албан бичгээр хүргүүлж өнөөдөр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүх рүү шилжүүлэхэд бэлэн болсон байна.
Хэрэг одоо л нэг зөв замдаа орох гэж байна
Эх сурвалж О-гийн мэдээлснээр "Сэргээн засах клиникийн эмнэлгийг хууль бусаар хувьчилж өгсөн хэрэг 2004 оны хоёрдугаар сараас эхэлсэн гэхэд болно.
Ингээд 2006 онд Удирдлагын багийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлахаар болсон юм. Гэтэл эрх мэдэл бүхий хүмүүс энэхүү хувьчлалыг явууулахдаа хууль бусаар явуулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь өдгөө мөрдөн байцаалтаар тогтоогдоод байна.
Хамгийн гол нь эл хувьчлалд голлох үүрэг гүйцэтгэсэн хүн нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын өмч хувьчлалын хэлтсийн дарга, Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжав гэх хүн.
Тэрбээр тус эмнэлгийн даргад улсын өмч болох 779.724.000 төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256.771.500 төгрөгөөр буюу бага үнэ тогтоон хувьчилсан байна.
Ингэснээр нийслэлийн өмчийг үрэгдүүлж, 360.376.300 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан.
Уг нь тус эмнэлэг 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрчилгээтэй мөртлөө 172 сая төгрөгийн хөрөнгө оруулсан нь тухайн үед олны гайхшралыг төрүүлж байсан юм.
Тиймээс энэ хуудуутай хувьчлалыг шалгуулахаар нийслэлийн өмчийн харилцааны газрынхан АТГ-т хандаж байсан юм” гэлээ.
Юутай ч хувьчлалтай холбоотой асуудал сөхөгдсөнөөс хойш хувьчлал нэрээр бусдын гарт орж үгүй болсон улсын объектуудыг төр анхаарч эхэллээ.
Уг нь менежментийн хувьчлал гэдэг нь үйл ажиллагааг нь зориулалтын дагуу ашиглаж, эд зүйлсийг нь засч сайжруулна гэсэн үг.
Гэтэл энэ хувьчлал өнөөдөр олон иргэдийг хөлдөө чирч Сэргээн засах клиник эмнэлгийнхэн зөвхөн танил талын нэр нүүрээр үйлчилж байгаа нь харамсалтай.
Батдорж: Хувьчлал хуудуутай явагдсан нь үнэн
Ингээд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Батдоржтой уулзсан юм. Тэрбээр "Буруу замаар будаа тээсэн учраас Сэргээн засах клиник эмнэлгийн хувьчлалын асуудлыг хуулийн байгууллага шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байх. Тэгээд ч энэ хувьчлалд холбоотой эрх мэдэл бүхий хүмүүс шалгагдаж байгаа учраас энэ удаад нэр усыг нь хэлэх илүүц байх.
Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн үг.
Ямартай ч тус эмнэлгийн хувьчлал хуудуутай явагдсан гэдэг нь яахын аргагүй үнэн” гэлээ.
Ер нь хувьчлалыг маш хуудуутай явуулсан гэдгийг албаныхан хүртэл өөрсдөө хэлж байгааг дээрх тодруулга гэрчилж буй хэрэг.
Түүнчлэн хувьчлалтай холбоотой асуудлыг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар "Хувьчилж авсан л бол гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэх ёстой” гэж байв.
Менежментийн хувьчлал гэдэг бол зөвхөн удирдлагыг хувьд шилжүүлэхээс бус барилга байгууламжийг шилжүүлдэггүй гэдгийг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ч хэлж байсан. Өөрөөр хэлбэл байшин барилга нь улсын өмч хэвээрээ байгаа гэсэн үг.
Юутай ч хувьчлал гэх нэрээр ашиг олж ард түмний зовлон шаналалаар бизнес хийж буй Сэргээн засах клиник эмнэлгийг эргүүлэн авах нь зүйн хэрэг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
Ямартай ч уг хувьчлалтай хэргийг нийслэлийн Прокурорын газарт хянаж, өнгөрсөн сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байгаа.
Тиймээс эл хэргийг шүүх хурлаар тус клиник эмнэлгийг ард түмэнд буцаан өгч улсад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдэд зохих шийтгэлийг нь ногдуулах байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна.
Р.Саруул
Эх сурвалж:


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3731
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих