УИХ-ын хаврын нэгдсэн чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Чуулганаар хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцэж батлах юм. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийнэ.
Энэхүү хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм эдийн засагт эерэг үр дүн гарна гэж хуулийн төсөлд тусгажээ.
Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Тус хуулиар зарчмын шинжтэй харилцааг зохицуулсан бол журмаар газрын тосыг хайх, олборлохтой холбоотой гол харилцаа, тухайлбал, газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны үнэлгээ, төлбөр, газрын түрээс, татвар, захиргааны үйлчилгээний шимтгэл, нягтлан бодох бүртгэл, бүтээгдэхүүн хуваах, татвараас чөлөөлөх зэрэг харилцааг зохицуулж байна. Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас улсын төсөвт орох орлогын зарим хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр уг үйл ажиллагаанд орон нутгийн иргэд байгууллагын хүртэх үр ашиг, оролцоо нэмэгдэх юм.
Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон (өөр оператор компанид шинээр бүртгүүлэн) шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болно.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, улс хоорондын шуудангийн илгээмжийг татвараас чөлөөлөх тухай, эцсийн хэлэлцүүлэг/
Хуулийн төсөлд албан татвараас чөлөөлөгдөх улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, барааны үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй байхаар тусгажээ.
Шилэн данс болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Хуулийн төсөл батлагдсанаар улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлнэ.
"Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Тус ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны 2 дугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгасан байна. Мөн төрийн эзэмшлийн хувьцааг "Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгасан байна.
"Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/
Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулжээ. Эдгээр төмөр замыг ашиглалтанд оруулснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ялангуяа стратегийн орд газруудаас олборлосон ашигт малтмалыг боловсруулах аж үйлдвэрийн цогцолбороос гарах бүтээгдэхүүний экспортыг дэмжих мөн эдийн засгийн өндөр өсөлтийг хэвээр хадгалах, макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжин улс, бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болно хэмээн үзжээ. Дээрхи хуулиудыг тус, тус өнөөдөр хэлэлцэн батлах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих