УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дугаартайгаа шилжих буюу гар утасны дугаараа аваад бусад оператор руу шилжиж болох эрхийг нээсэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
"Дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ аж.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон /өөр оператор компанид шинээр бүртгүүлэн/ шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болж байна.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх зорилго нь хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэхэд оршдог байна.
Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ,түүний найдвартай байдал, контентийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, шинээр гарч ирж буй техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх замаар шударга, үр ашигтай өрсөлдөх нөхцөл бүрддэг аж.
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих