УИХ өнгөрсөн долоо хоногт Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хуулийн энэ өөрчлөлт нь “D-parliament” буюу цахим парламентад хуулийн төсөл санаачилсан 100 мянган иргэн иргэний саналыг үндэслэн баталсан анхны хууль болов. Иргэн Н.Номун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд цахим парламентад газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох санал асуулга явуулж 100 мянган иргэнээр дэмжүүлсэн юм. Иргэний гаргасан саналыг 100 мянган иргэн дэмжсэн тохиолдолд УИХ хууль болгон батлах учиртай. Энэ тухай УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журамд “Санал авах үйл ажиллагааны үр дүн буюу 100 мянган иргэн дэмжсэн саналыг УИХ-ын Тамгын газар ажлын гурав хоногт багтаан УИХ-ын даргад хүргүүлнэ” гэж заасан. Улмаар УИХ-ын дарга уг асуудлын талаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх зохицуулалттай. Байнгын хороо уг асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэхээр дээрх журамд заасан. Үүний дагуу 100 мянган иргэний дэмжлэгийг хүлээсэн иргэн Н.Номун-Эрдэний саналыг үндэслэн УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар болон Байнгын хороодын дарга нар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх тухай зохицуулалтыг хасах агуулгатай хуулийн төслийг санаачлан батлууллаа.
Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ Үндсэн хуулийн 3.1-т “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Энэ заалтын дагуу УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн саналыг хууль тогтоомжид тусгах D-parliament цахим системийг хэрэгжүүлсэн. 2019 онд баталсан УИХ-ын стратеги төлөвлөгөөнд “D-parliament” буюу цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн. Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж, 100.000 иргэний санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдаж байна. Энэхүү санаачлагыг гаргасан иргэн Н.Номун-Эрдэнэ болон хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн 100 мянган Монгол Улсынхаа иргэнд баяр хүргэе” гэсэн юм.
Хууль болон батлагдаж байгаа нь л анхны тохиолдол болохоос 100 мянган иргэний саналыг авсан анхны тохиолдол биш. Иргэн Н.Номун-Эрдэнийн саналаас өмнө гурван иргэний дараах санал 100 мянган иргэний дэмжлэг хүлээсэн юм.
- Г.Занданшатарын НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувийг таван хувь болгох санал,
- Р.Цэндсүрэнгийн цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэх санал,
- Ш.Хүрэлтулгын НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувиар бууруулах санал.
Уг нь хууль л бол хууль, журам бол журам. 100 мянган иргэний саналыг авсан л бол УИХ хуулийн төсөл болгон хэлэлцэх учиртай. Гэвч УИХ асуудалд ялгавартай хандаж байна. “Иргэддээ Үндсэн хуульд заасны дагуу төрийн үйл хэрэгт шууд оролцох эрх олгож байна” гэх гоё тайлбартай боловч 100 мянган иргэнийхээ эрх, хүсэл тэмүүллийг 71-хэн (одоогийн байдлаар УИХ-ын 71 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж буй) хүн хязгаарлаж байна. Тэд өөрсдийнхөө баталсан хууль журмыг хэрэгжүүлж ажилласан бол өнөөдөр дээрх гурван санал хууль болон батлагдчихсан байх байлаа. Гэвч төсөв санхүүгийн боломжгүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хэлэлцсэнгүй. Харин төсөв шаардлагагүй, өөрсдийнх нь нэр хүндийг өсгөж, сонгуулийн PR-т нь дэм болох хуулийн төслийг иргэдийн нэр барин батлав. Үүнээс харвал УИХ хүүхдээ дэлгүүрт дагуулж ороод авахыг хүссэн зүйлийг нь авч өгөхгүй, өөртөө архи аваад гарч буй архины хамааралтай аав шиг ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих