Төв цэнгэлдэх хүрээлэн ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байна.
Учир нь Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын
93, Үндэсний их баяр наадам дөхсөн учир наадамчин олныг ая тухтай
байлгахын тулд жил бүр хийдэг урсгал засварын ажил эхэлжээ. Гол
хаалганаас эхлээд шохой бужигнаж, будаг ханхалж байв. Хана, таазны
өнгийг сэргээх зэрэг янз янзын ажил энд өрнөж байв.
Харин дотогш ороход цоо шинэ орчин угтсан юм. Тодруулбал хэзээний
танил модон сандлуудыг бүгдийг нь авч оронд нь хуванцар шинэ
суудлууд суурилуулжээ. Суудал суурилуулж байгаа залуустай
уулзаж зарим зүйлийг тодруулахад тэд "Өнгөрөгч сарын 26-ны өдрөөс
ажлаа эхэлсэн. Одоогоор суудлынхаа 3/1-ийг суурилуулсан бөгөөд энэ
сарын 5-ны өдөр гэхэд бүгдийг хийж дуусна. Хуучин модон сандлын урт
тавцанг шинэ суудлын доор суурь, дэр болгон ашиглаж байгаа” гэж байлаа.
Ингэснээр уран мэхийг уралдуулан барилдах хүчит бөхчүүдээ харахаар
ирсэн олны гоёлын дээл хувцас бохирдох, урагдах аюул алга болж байгаа
аж. Мөн суудлын хатаж амжаагүй будаг наалдах зовлон ч ард хоцрох нь.
Шинэ суудлын тухайд 2008 оны Бээжингийн олимпийн цэнгэлдэх
хүрээлэнгийн суудалтай ижил бөгөөд нийт 12 мянга 365-ыг суурилуулах
юм. Энэ шинэчлэлийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудал
55 жилийн дараа шинэ өнгө төрхтэй болж байгаа аж.
Гэхдээ олон нийтийн зүгээс "ирэх жил сүүдрэвчтэй болгочихвол
цэнгэлдэх хүрээлэн маань ч бидэндээ болоод л байна даа” гэх
мессежийг наадам зохион байгуулах комиссынхонд дайгаад байгаа билээ.
Үнэхээр ч нар, хураас халхалчих бага ч атугай сүүдрэвч байхгүйгээс
наадамчдын дунд багагүй маргаан дэгддэг. Учир нь урдуур суудалтай
хүмүүс шүхэр ашиглахаар хойно суугаа үзэгчдийн харах орчныг
хязгаарладгаас "чи, би, соёлтой, соёлгүй” гэх үгсийг биес рүүгээ
чулуудацгаадаг.
Тиймээс дараагийн удаа цэнгэлдэхийн удирдлагууд тэр асуудлыг
анхааралдаа авах биз ээ. Мөн төрийн өндөрлөгүүд болон хүндэт зочид
суудаг цэнгэлдэхийн гол хэсгийн засварын ажил дуусах шатандаа орсон
гэдгийг гүйцэтгэгчид хэлж байсан юм.
Тус хэсгийн ханыг шаргал өнгөөр чимж, тааз, шатны өнгийг сэргээсэн
байна. Үүний зэрэгцээ бусад хэсгийн орох, гарах гарц болон хана, таазны
өнгийг шинэчлэх ажил ид өрнөж байв. Зүлэг ногоон дэвжээний хувьд
байгаль хурмастын хур, цэнгэлдэхийн ажилчдын усалгааны ачаар боломжийн
хэмжээнд ургасан харагсан.
Түүнээс гадна баяр наадмын үеэр цэнгэлдэх орчимд яваа наадамчдад бие
засах нь хамгийн эмзэг хийгээд том асуудал. Учир нь Төв цэнгэлдэх
хүрээлэнгийн нийтийн бие засах газар тийм ч таатай, тохилог биш.
Биднийг очих үед зүүн талын орох хаалганы доор байрлах бие засах газрын
хаалга түгжээтэй байсан тул наадамчдын толгойны өвчин болсон энэ
асуудал хэрхэн шийдэгдэж буйг мэдэх боломж олдоогүй юм.
Цэнгэлдэхийн урд болон баруун талд байрлах том, жижиг хоёр тайзыг
сэргээн засварлах, шинэчлэх ажил хийгдээгүй байв. Засвар хийгдээгүй
удсан тайзны тулгуур баганууд муудсан нь ямар нэгэн аюул дагуулах вий
гэсэн бодол зурсхийлгэв. Харин сурын талбайн хувьд үзэгчдийн суудал
хэсгийн өнгийг сэргээн будаж байв.
Түүнчлэн гадна талбайн ногоон байгууламжид нь цэцгийн мандал байгуулж,
зүлгийг тэгшлэн, зэрлэг ургамлыг түүх цэвэрлэгээний ажлыг хийнэ гэсэн
мэдээлэл байсан боловч мөн л улаан шороо, хашааны буланд хөглөрсөн
зэрлэг ургамал нь хэвээрээ байсан юм.
Төв цэнгэлдэхийн орц, гарц, сүүдрэвчийн сэргээн засварлалт, хана,
таазны будаг шунх, зүлэгжүүлэлт гээд урсгал засварын ажилд 500 орчим
сая төгрөг төсөвлөсөн.
Харин дээр дурьдсан суудлыг солиход Засгийн газрын нөөц хөрөнгөөс 280
сая төгрөг гаргасан аж. Шадар сайд Д.Тэрбишдагва Төв цэнгэлдэх
хүрээлэн, сур, шагайн талбайн засварын ажилтай танилцсан.
Энэ үеэр ажил гүйцэтгэгчид засварын ажил 80 хувьтай байгаа гэдгийг
хэлсэн юм. Үндэсний их баяр наадмын хүрээнд дан ганц Төв цэнгэлдэх
хүрээлэн, Хүй долоон худагт биш нийслэл даяар ажил ид өрнөж байна.
Тодруулбал баяр наадмыг угтан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд
хогийн сав, сандал хийж байршуулах аж. Энэ ажлын хүрээнд дүүргүүдийн
хэмжээнд 385 хогийн сав, амрах сандал 987-г хүлээлгэн өгчээ.
Мөн монгол наадмын төв болж буй Хүй долоон худагт бүтээн байгуулалтын
ажил үргэлжилж, 500 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, явган
хүний зам талбай зэргийг нэмж байгуулах ажлыг хийж байгаа аж.
Харин уг цогцолборыг зорьсон наадамчин олонд зориулсан төмөр замын
автобус "Улаанбаатар-Амгалан” өртөөнөөс Давааны өртөө хүртэл өдөрт
дөрвөн удаа явах юм. Давааны өртөөнөөс цааш "Эко” автобус морь барианы
талбай хүртэлх 2.3 км зайд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон.
М.Санчир
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих