Түймэрт шатсан эрэгтэйг эмнэлэгт хүргэжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баяндунд суманд гарсан түймэрт 55 настай эрэгтэй өртөж, хүнд түлэгджээ.
Энэ талаар Баяндунд сумын эмнэлгийн их эмч Д.Жавхлангаас тодрууллаа.
-Сумын эмнэлэгт хүргэгдсэн эрэгтэйн биеийн байдал ямар байгаа вэ?
-Өчигдөр 22:00 цагийн үед сумын Онцгой комиссоос түймрийн голомтод хүн шатсан тухай дуудлага ирсэн. Бидэнд анх мэдээлэхдээ “55 настай эрэгтэй түлэгдэж, эхнэр нь сумын төв рүү аваад гарлаа” гэсэн. Эмнэлгийн яаралтай тусламжийн багийнхан урдаас нь амдаж, анхан шатны тусламж үзүүлсэн. Түймэрт өртсөн эрэгтэйн толгой, хүзүү, хоёр гар, хөл, нураа хэсэг шатсан. Сумын эмнэлэг хоёрдугаар зэргийн түлэгдэлтэй гэж үзээд аймгийн Бүсийн оношилгооны мэс заслын эмчид хүлээлгэж өгсөн. Түлэгдэлтийн зэрэг өндөр учраас аймгаас түргэн дуудсан. Аймгийн түргэнийхэн түлэгдсэн эрэгтэйг шөнөдөө аваад явсан. Одоо шаардлагатай эмчилгээг эхлүүлсэн байгаа.
-Гал унтрааж байсан хүн юм уу?
-Үгүй, хониндоо явж байхад гэнэт гал хөмрөөд ороод ирсэн гэсэн. Аврагчид айлуудаа авран хамгаалах ажиллагааг явуулж, гэрт нь очоод байсан юм билээ. Хониндоо явсан гэдгийг нь мэдээгүй байсан гэсэн. Эхнэр нь сумын төв рүү ирсэн байсан гэсэн. Тэгээд орой харихад нь хонины бэлчээртээ шатчихсан, мориноосоо унасан байдалтай байсан гэсэн. Тэгээд шууд сум руу аваад гарсан юм байна лээ. Гал унтраах ажиллагаанд оролцоогүй, хониндоо явж байсан малчин хүн гэсэн үг.
-Өөр хүн түлэгдсэн үү?
-Сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн өөр хүн байхгүй. Цас орж, мөн олон хүний ачаар түймэр унтраад байна.
Ташрамд дурдахад, Дорнод Баяндун, Матад, Халхгол, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан, Төв аймгийн Сэргэлэн суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраагаад байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих