Монгол Улс гадаад далайд гарцгүй боловч 1996 онд Олон улсын далайн
байгууллагын гишүунээр элсч байжээ. 2003-2013 оны хооронд Сингапур улсад
2500 гаруй компани Монгол Улсын далбааг хөлөг онгоцондоо мандуулахаар
бүртгэгдэж байсан бол одоогийн байдлаар 400 орчим хөлөг онгоц аялж байна
гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Эдгээр хөлөг онгоцонд Монгол Улсын өмчлөл байхгүй боловч олон улсын
далайн байгууллагын гишүүн 164 улсын дотор Монгол Улс далайд тээвэрлэсэн
бараа бүтээгдэхүүний даацаараа 62 дугаарт бичигджээ.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт далайн
тээврийн салбарт тэргүүлэгч орнуудтай хамтран далайн тээврийн үйл
ажиллагааг эхлүүлж, үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилтыг дэвшүүлсэн
байгаа юм.
Энэ хүрээнд БНСУ-ын "Саммок "Шиппинг" компанитай хамтарсан далайн
тээврийн компани байгуулаад байна. Мөн Монгол Улсаас БНСУ-ын загас
агнуур, технологийн дээд сургуулийг төгссөн дөрвөн оюутан хоёр хөлөг
онгоц дээр дадлага хийж байгаа аж.
Харин дотоодын усан замын тээврийн үйл ажиллагааг харахад Өгий, Тэрхийн
цагаан, Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсэд зорчигч тээвэрлэж байна.
2013 оны эцсийн байдлаар дотоодын усан замаар 10.6 мянган хүн
тээвэрлэснээс дийлэнхийг нь буюу 9.7 мянга нь өнгөрсөн оны сүүлийн
гурван сарын хугацаанд зорчжээ.
2013 оны туршид усан замаар зорчигчдын тоо 2012 онтой харьцуулахад 2.8
хувиар буурсан байна. Ингэснээр усан замын тээврийн салбарын орлого 145
сая төгрөг болж буурсан талаар Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ” сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих