Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хүн бүрийн оролцоо чухал. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн үгс ч хүний эрүүл мэнд хэчнээн үнэтэйг илтгэнэ.
“Хүнсний аюулгүй байдалд төрийн байгууллагуудын оролцоо, анхаарах асуудлууд” сэдэвт салбар хоорондын хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлгээр хүнсний аюулгүй байдлын олон улсын мэдээллийн сүлжээ INFOSAN-ний өнөөгийн байдал болон анхаарах асуудлууд, Эм, химийн бодисын хордлого, Монгол Улсад хоол боловсруулах эрхтэн системийн халдвар, Мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд тавих, хяналт шинжилгээний талаар хэлэлцсэн юм.
Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 65 хувь нь хожуу оношлогдож байна
Хорт хавдар, эрт илрүүлгийн бүртгэл тандалтын албаны дарга, Анагаах ухааны магистр Т.Ундармаа: - Хорт хавдрын өвчлөл, нас баралтын хандлага дэлхий дахинаа 2040 оны байдлаар 71 хувиар нэмэгдэнэ гэсэн ДЭМБ-ын судалгааг танилцуулсан. Монгол Улс хорт хавдрын өвчлөл нас баралтаараа дэлхийн 185 орноос 52 дугаарт эрэмбэлэгдэж байна. Хорт хавдрын нас баралтын бүтэц судалгааны диаграммаас харахад элэгний өвчлөл 37.6 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна. Дараагаар нь ходоод 16.4 хувь, уушги 6.5 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс харахад нийт 7244 хүн өвчилж, 4556 хүн нас барсан байх бөгөөд нас барж буй таван хүний нэг нь хавдраар нас барж байгаа юм байна. Хавдраар оношлогдсон хүмүүсийн 62 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд амьдарч, 43.3 хувь нь таван жилийн хугацаанд амьдарч байна гэсэн тандалт судалгаа хийгджээ. 2040 он гэхэд Монгол Улс 96 хувиар хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоололтой байна. Нийт оношлуулагчдаас 45-аас дээш насныхан 87 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа бий. Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 65 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа нь нас баралтын тоог нэмж буй нэг шалтгаан болж байна.
Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн дарга Т.Өлзийсайхан ярихдаа "Дэлхийд 11 сая гаруй төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь ахуйн хэрэглээнд ашиглагдаж байна. Тэдгээрийн 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж, дэлхийн хэмжээнд жилдээ 400 сая тонн орчим химийн бодис үйлдвэрлэж, 100 орчим мянган нэр төрлийн химийн бодисыг улс оронд худалдаалж, 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээдэг гэсэн судалгаа байна. Монгол Улсад химийн хортой, аюултай бодис ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа 572 аж ахуйн нэгж байна. Хордлогын хэлбэрийг дотор нь цочмог болон архаг гэж ангилна. Богино хугацаанд өндөр тунгаар өртөж даруй шинж тэмдэг илрэх болон урт хугацаанд бага тунгаар өртөж шинж тэмдгүүд нь аажимдаа илэрнэ гэсэн хэлбэртэй. Цочмог хордлогын улмаас жил бүр 45000 орчим хүн нас бардаг ба үүний 84 хувь нь хөгжил буурай орнуудад тохиолддог байх нь. Нэг жилд тохиолдох цочмог хордлого өвчний түвшин дэлхийн улс орнуудад ялгаатай 0.076 хувь, 0.7 хувийн хооронд хэлбэлздэг байна. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн 2005-2023 он хүртэлх эм, химийн цочмог хордлогын тохиолдлын статистик үзүүлэлтээс харахад сүүлийн арван жилд тасралтгүй нэмэгдсэн гэсэн судалгаа байх ба 10-19 насны бүлгийн эмэгтэй хүүхдүүд өртөх нь их байна" гэсэн юм.
Харин Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн захирал Ө.Гэрэлмаа "Шинжлүүлэхээр ирсэн сорьцын тоо нэмэгдэж байна. Мал, амьтны өвчний оношилгооны чиглэлээр жилд дунджаар 8500-10500 сорьц шинжлэх чадамжтай байх бөгөөд 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 8541 дээж хүлээж авч 19 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн 10202 удаа хариу олгосон. Мал амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шинжилгээнээс харахад нийт 29820 дээжээс хамгийн их буюу 15336 дээжийг мах, махны чиглэлийн сорьц эзэлж байна" гэв.
Тухайн салбарт тулгамдаж буй асуудалд
Нарийн мэргэжлийн эмчийг тогтвор суурьшилтайгаар ажиллуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байна. Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах зорилгоор Тандалтын тогтвортой, үр ашигтай системийг бий болгох, аймаг орон нутагт тандалт хийдэг болох, төсөвт хязгаарлалтыг бууруулах, багаж хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмж суурилуулах, ашиглагдаж байгаа багаж хэрэгслийг тогтвортой, тасралтгүй ажиллуулах бодлогыг дэмжих саналыг гаргасан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд үзүүлэх дэмжлэг бага, хоол хүнсээр дамжих өвчин үүсгэгчийн талаарх мэдээллийн сан гүйцэт бүрэлдээгүй, хүнсний аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартын шинэчлэлд эрүүл мэндийн асуудлыг хангалттай сайн тусгадаггүй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид, хэрэглэгчдийн үүрэг, хариуцлага хангалтгүй, давс, чихэр, өөх тос ихтэй хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдааг хянах, эрх зүйн зохицуулалт байхгүй, нийт хүн ам, хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт нэмэгдсэн, салбар дундын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай, иргэдийн хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын талаарх мэдээлэл хангалтгүй гэсэн асуудлууд хэлэлцүүлгийг үеэр яригдаж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих