Энэтхэгчүүд илүү сайхан амьдрахыг мөрөөдөж, олон мянган ам.доллар зарцуулан АНУ-ыг зорьж байна. Угтаа бол тэд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засагтай улсад амьдарч байгаа билээ. Тэд АНУ-д хууль бусаар нэвтрэхийн тулд олон хил давж, Латин Америкийн аюултай ширэнгэн ойгоор дамжин өнгөрдөг. Энэ эрсдэлтэй аяллын төлөө тэд зуучлагчдаа 50 мянга гаруй ам.доллар төлдөг аж.
1.4 тэрбум хүн амтай Энэтхэг улсын сүүлийн үеийн түгшүүртэй бөгөөд нэн шинэ чиг хандлага нь АНУ-ыг зорих аялал болоод байна.
Хууль бус цагаачлал нь удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тулгараад буй гол асуудал мөн. Энэ асуудал даамжирвал Энэтхэг, АНУ-ын харилцаа хурцдах эрсдэлтэй. АНУ-д хууль бусаар нэвтэрсэн Энэтхэг иргэдийн тоо 2018-2019 оны санхүүгийн жилд 8027 байжээ. Тэгвэл энэ тоо 2022-2023 онд 96917 болж огцом өссөн. Энэ тоо нь дэлхийн хамгийн том ардчилсан орны иргэдэд тулгарч буй цөхрөлийг илтгэж байна. Цаашилбал, 2047 он гэхэд дэлхийн хамгийн олон хүн амтай супер гүрэн болох Нарендра Модигийн амбицад харшилж байна.
АНУ-ыг зорьсон бичиг баримтгүй цагаачдын тоогоороо Мексик, Сальвадор тэргүүлдэг. Тэгвэл эдгээр улсын араас Энэтхэг удаалж буйг саяхны судалгаа харуулжээ.
Нарендра Моди “Хөгжсөн Энэтхэг бол хүн бүхэн мөрөөдөлдөө хүрэх боломжтой газар. Энд нийгмийн нөхцөл байдал, төрөлт зэрэг нь хэний ч өсөлт хөгжлийг хязгаарладаггүй. Хэн ч байсан амжилтын оргилд хүрэх боломжтой” гэж хэлсэн удаатай. Гэвч энэтхэг хүн бүр үүнд итгэлтэй биш байна. Хүмүүс орлогын эх үүсвэргүй, найдвартай ажлын байргүй, зарим нь өлсч байна. Тиймээс тэдэнд АНУ-ын виз мэдүүлж үзээд бүтэлгүйтвэл хууль бус цагаачлалыг сонгохоос өөр арга үгүй.
“CNN”-ын сурвалжлах баг энэ оны долдугаар сард Энэтхэгийн Карналд очжээ. Карналын гудамж үндсэндээ эзгүйрч, байшингуудын үүд цоожтой, тоосондоо дараастай байв. Залуус огт харагдахгүй, цөөн хэдэн хөгшин хүн довжоон дээр хөзөр тоглон сууна. Хүүхдүүд нь гадаадад суурьшсан айлууд андашгүй, гаднаа жийп машин сойсон байх аж.
Энэтхэгийн Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас гаргасан мэдээллээр 2022-2023 оны санхүүгийн жилийн хугацаанд Харьяна мужид 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн ажилгүйдлийн түвшин 6.1 байжээ.
Энэ нь улсын дунджаас бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Зөвхөн 15-24 насныхныг авч үзвэл бүр мэдэгдэхүйц өндөр тоо гарах аж. Тодруулбал, дээрх хугацаанд 15-24 насныхны ажилгүйдлийн түвшин 45.4 хувьтай байсан.
Хөгжиж буй орнуудад ажилгүйдлийн түвшин бага байх хандлагатай байдаг бөгөөд иргэд нь тааруухан ч байсан хамаагүй өөрт таарсан ажлаа хийдэг.
Энэтхэгчүүдийн дундаж нас нь 29. Өөрөөр хэлбэл, одоогоор Энэтхэг улс дэлхийн хамгийн залуу хүн амтай оронд тооцогдож байна. Гэвч энэ олон залуу боловсон хүчнийхээ эдийн засгийн үр өгөөжийг хүртэж чаддаггүй. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайланд дурдсанаар 15-29 насны, боловсролтой энэтхэгчүүд ажил эрхэлдэггүй байх магадлал өндөр байна. Энэ нь тэдний хүсэл эрмэлзэл боломжит ажлын байруудтай таарч, нийцэхгүй байгааг илэрхийлэх юм. Залуус хөдөө аж ахуйн бус салбарт мэргэжил эзэмших болсонтой энэ нь холбоотой. Гэтэл Энэтхэгийн эдийн засаг тэдэнд зориулсан хангалттай цалинтай ажлын байр бий болгож чадахгүй байгаа юм. “Энэ мэт түлхэц үзүүлэхүйц хүчин зүйлс нь хүмүүсийн цагаачлах шийдвэрт ихээхэн нөлөөлдөг” гэдгийг Нью-Йорк дахь Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн захирал, хуульч Музаффар Чишти хэлжээ. АНУ руу нэвтрэх магадлал өндөр, бүр 50 хувьтай байдаг гэдгийг мэдсэн энэтхэг залуус эргэлт буцалтгүй цагаачлалыг сонгодог аж.
АНУ-ыг зорихыг хүссэн хүмүүст зориулсан элдэв влог хүртэл олширсон. Америк мөрөөдлийг сурталчилсан контентууд “YouTube”, “Instagram”, “TikTok” дээр хэдэн 10 мянган хандалттай байна.
Мексикээр дамжин АНУ руу амжилттай нэвтэрсэн хүмүүсийн нэг бол “YouTube”-д 60 мянга орчим дагагчтай Анкуш Малик юм. Тэрбээр АНУ-д ачааны машины жолоочоор ажилладаг бөгөөд чинээлэг амьдралын хэв маягаа цахим ертөнцөд гайхуулдаг. Энэтхэгийн Харьянагаас АНУ руу Катар, Амстердамаар дамжин ниссэн бүх аяллаа тэр баримтжуулсан юм.
АНУ-ын хуулийн дагуу орогнол хүсэгчийг шүүх хуралдаанд оролцуулдаг. Шүүх хуралдаан хүлээх зуур гаалиас тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, аюулгүй байдлын шалгалт хийнэ. Мөн цагаачидтай ярилцлага хийдэг. Энэ бүх шат дамжлагын дараа тэдний орогнол хүссэн өргөдлийг авч хэлэлцэх эсэхийг шийддэг бөгөөд үүнд олон жил шаардагдана.
Хууль зүйн яамнаас мэдээлснээр 2023 онд Энэтхэгийн иргэдийн орогнол хүссэн өргөдлийн 46 хувь нь батлагдсан байна.
Гэвч Байдены засаг захиргаа энэ зун хууль бус цагаачдад зориулсан хатуу захирамж гаргасан. Үүний дараачаас хил дамнасан хууль бус цагаачлал эрс буурчээ. Энэ хуулиас болж зарим зуучлагч үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Мөн АНУ хүрэх урт замд янз бүрийн эмгэнэлт явдал тохиолдох нь элбэг. Энэ мэт эрсдэл байгаа ч энэтхэгчүүд гандан буурсангүй. Тэд хууль бусаар АНУ-д нэвтрэхийг мөрөөдсөн хэвээр байна.
АНУ-ыг зориод замдаа амиа алдсан энэтхэг иргэний гэр бүлийн гишүүн Кумар хэлэхдээ “Энд байгаа хүмүүс ажилгүйдлээс болж үхнэ гэдгээ мэддэг тул эрсдэл хүлээхийг илүүд үздэг” гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих