Сирийн босогчдын шинэ эвсэл тус улсын хоёр дахь том хот Алеппо руу гэнэтийн дайралт хийжээ. Улмаар Сирийн иргэний дайн дахин нэг удаа олон улсын анхаарах ёстой мөргөлдөөний нэг болов. Энэ нь 2016 оноос хойш анх удаа сөрөг хүчнийхэн Алеппо хотын нутаг дэвсгэрийг эзлэн авсан тохиолдол болсон бөгөөд хэзээ ч дуусашгүй дайны замналыг өөрчилж магадгүй. 300 мянга гаруй хүн нас барж, 6 сая орчим хүнийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн Сирийн иргэний дайны шинэ үед эхэлж байгаа бололтой.
СИРИЙН ИРГЭНИЙ ДАЙН
Арабын хавар ид оргилж байх үед буюу 2011 онд Сирийн ардчиллыг дэмжигчид ерөнхийлөгч Башар аль-Асадыг огцруулахыг уриалан жагсаж эхэлжээ. Гэвч дарангуйлагч Асадын зэвсэгт хүчин ардчиллын төлөөх хөдөлгөөнийг дарж, жагсагчдад үхлийн аюул заналхийлсэн байна. Улмаар жижиг зэвсэг бүлэглэлүүд болон Сирийн армиас оргосон босогчдоос бүрдсэн сөрөг хүчин байгуулагдаж эхэлжээ.
Өөр өөр үзэл суртлаас бүрдсэн ч Асадыг түлхэн унагаах нэг зорилготой уг зэвсэгт сөрөг хүчнийг хөрш Турк, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират болон АНУ зэрэг гадаадын улс орнууд янз бүрийн аргаар дэмжих болсон байна.
Засгийн газрын эсрэг хүчин томрохын хэрээр Сирийн холбоотон Иран, Орос улс дэмжлэгээ нэмэгдүүлэв. Газар дээр Ираны Хувьсгалт гвард болон Ливаны Хезболла бүлэг сөрөг хүчний эсрэг тулалдаж, Сирийн эрх баригчдад дэмжлэг үзүүлж байсан бол агаарын орон зайд Оросын байлдааны онгоцнууд туслалцаа үзүүлж байжээ. Түүнчлэн, Аль-Каида зэрэг хэт даврагч исламистууд Сирийн мөргөлдөөнийг сонирхон жихадын оролцоог хүлээн зөвшөөрдөггүй сөрөг хүчнийхэнд дэмжлэг үзүүлж, санаа нэг буйгаа илэрхийлэх болсон. Гэвч 2014 онд хэт даврагч исламистууд сөрөг хүчний үйл хэрэгт хэт давамгайлж, "ISIS" улс орон даяар тархаж эхлэв.
Улмаар Сири терроризмын байнгын үүр, уурхай болно гэж эмээсэн АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Сирийн эрх баригчидтай зөвшилцөлгүйгээр хэт даврагч исламист бүлэглэлийг устгахад анхаарлаа хандуулжээ.
Үүний хүрээнд Курдын дайчдаас бүрдсэн Сирийн Ардчилсан хүчин (SDF) АНУ-тай хамтарч "ISIS"-ын эсрэг тэмцэж, тус бүлэглэлийн оршин тогтнолыг нутаг дэвсгэрээсээ арчиж чадсан байдаг. Дараа нь Асадын засаг захиргаанд туслалцаа үзүүлж байсан Орос болон сөрөг хүчнийг дэмжсэн Турк улс 2020 онд Идлиб мужид гал зогсоох тохиролцоонд хүрч, хамтарсан эргүүл хийх журмаар аюулгүйн коридор байгуулахаар тохиролцсон. Үүнээс хойш олон улсын анхаарлын төвд орохуйц мөргөлдөөн гараагүй ч Асадын засаг захиргаа зарим нутаг дэвсгэр дээрээ эрх мэдлээ тогтоож чадаагүй юм.
Алеппо хотод болсон мөргөлдөөнөөс харахад сөрөг хүчнээс үлдсэн босогчид өнгөрсөн хугацаанд "зүгээр суугаагүй" бололтой.
МӨРГӨЛДӨӨН ЯАГААД ДАХИН ДЭГДЭВ?
Босогчид “Цэргийн ажиллагааны команд” нэртэй шинэ эвсэл байгуулснаар Лхагва гаригт /2024.11.27/ Алеппо хот руу дайрсан. Тэд хотын гаднах тосгонуудад өөрсдийн хяналтаа тогтоож буйгаа зарлаж, эсэргүүцэлтэй тулгарсан даруйдаа дарж авчээ. Мөн энэхүү дайралт нь эзлэгдсэн газар нутгаа чөлөөлж, засгийн газар болон Ираныг дэмжигч зэвсэгт хүчнээс хариугаа авч буй үйлдэл гэж мэдэгдсэн байна. Холбоотнууд нь Ойрхи-Дорнод, Орос-Украины дайнд гол анхаарлаа хандуулж байгаа тул төдийлөн дэмжлэг хүргэхээ больсон Сирийн засгийн газрыг Цэргийн ажиллагааны команд онилсон байж магадгүй. Гэхдээ тэдний дайралтын хариуд Орос, Сирийн нисэх хүчин Алеппо болон Идлиб мужид агаарын довтолгоо хийжээ.
Оросын хувьд 2022 онд Украин руу түрэмгийлж эхэлснээсээ хойш цэргийн хүч, нөөц баялгаа дайнд зориулж байгаа тул Асадын гол агаарын хүчний байр сууриа хадгалж, босогчдын эсрэг довтолсон байна.
Харин Ираны хувьд Израилийн халдлагад өртөж, гол хүч нь болох Хезболла их хэмжээний хохирол амссан байдаг. "CNN"-ийн мэдээлснээр, босогчид Хезболла бүлэглэлийн үлдээсэн тэсрэх бөмбөгийг ашиглаж, Алеппод халдлага үйлдэж байжээ. Тус хотыг алдсан нь Асадын засаг захиргааны хувьд томоохон гарз хохирол юм. Нэгэн цагт Сирийн хүн ам, эдийн засгийн чадамжаараа Алеппо нь хамгийн том хот байсан бөгөөд дэлхийн хамгийн эртний сууринуудын нэг аж. 2016 онд Асад уг хотыг гартаа авахаас өмнө босогчдын гол бааз байжээ.
Одоо босогчид Алеппод байр сууриа дахин олж авснаар Идлибээс илүү олон босогч, сөрөг хүчнүүд Сири даяар тархаж, нөлөөгөө нэмэгдүүлж болзошгүй юм.
БОСОГЧИД НЬ ХЭН БЭ?
Босогчдын шинэ бүлэглэл нь исламистууд болон дунд шатны сөрөг хүчний гишүүдээс бүрдэж байна. Тэдний тэргүүлэгч нь Аль-Нусра Фронт нэртэйгээр Сири дэх Аль Кайда бүлэглэлийг төлөөлж байсан Хаят Тахрир аль-Шам (HTS) фракц юм. Өнгөрсөн хугацаанд уг шинэ бүлэглэл Аль-Каидагаас албан ёсоор харилцаагаа тасалж, Идлибын жинхэнэ удирдлага болж чаджээ.
Түүнчлэн, уг бүлэглэлд Турк болон АНУ-ын дэмжлэгийг авч байсан сөрөг хүчний бусад бүлгүүд нэгдсэн бөгөөд Сирийн Ардчилсан хүчин мөн адил харьяалагддаг. Гэхдээ Сирийн Ардчилсан хүчний гол багана нь сөрөг хүчний бусад бүлэглэлтэй тулалдаж байсан Ард түмний хамгаалалтын анги (YPG) гэгддэг бүлэглэлийн курд дайчид юм. Туркийн хувьд Ард түмний хамгаалалтын ангийг террорист байгууллага гэж үздэг учир шинээр бий болсон босогчдод туслалцаа үзүүлэхгүй байж магад гэж ажиглагчид үзэж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих