Монголоос Вьетнамыг зоригсдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байна. Жилд ойролцоогоор Вьетнамын Фукок арлыг 3000-4000 жуулчин монголоос зорьж очдог байсан бол 2024 онд энэ тоо өсчээ. 2019 онд тус арлыг CNN агентлагаас Ази дахь аялал жуулчлалын шилдэг газруудын нэг, Ази Номхон далайн орнуудын шилдэг 5 хотын нэгээр шалгаруулж байв. Фукок нь "Сувдан арал" гэгддэг бөгөөд нийт 21 жижиг арлаас бүрддэг ЮНЕСКО-гийн дархан цаазат газрын тоонд зүй ёсоор багтаж явдаг бөгөөд Монгол Улсаас визгүй зорчих боломжтой цор ганц арал юм.
Уур амьсгалын хувьд жилийн тэн хагаст нь цаг агаар тогтвортой буюу 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл нарлаг 25-30 хэмийн дулаан бол 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл борооны улирал. Монголчууд ихэвчлэн өвлийн улиралд тус арлыг зорих нь элбэг бөгөөд жилийн хамгийн таатай үе нь манай улсын утааны оргил үетэй давхцдаг тул сурагчдын амралтыг тааруулан гэр бүлээрээ Фукокийг зорьцгооно. Улаанбаатарт 2 өрөө дундаж байр түрээслэх үнээр Фукок арал дээр далайн эргийн, цэвэрхэн тохижилттой байшинг бүтэн сараар түрээслэх боломжтой төдийгүй амьдралын өртөг зардал харьцангуй хямд. Нэг монгол хүний дундаж цалин нэг вьетнам хүний дундаж цалингаас 2 дахин их.
Фукокт оросын жуулчид жин дарна
Нийслэл Хо Ши Мин хотоос Фукок арал руу ойролцоогоор цаг орчим онгоцоор нисэж хүрэх бөгөөд хотын дуу чимээнээс хол, үзэж харах зүйлс ихтэй тус арлыг зорих жуулчид бишгүй. Онгоцны буудалд газардмагц вьетнамаас гадна орос хэл дээр бичигдсэн хаягууд цөөнгүй харагдах нь анхаарал татна.
1950-аад оноос хойш найрсаг харилцаатай байж ирсэн ОХУ болон БНАВУ-ын хамтын харилцаа 90-ээд оноос илүү гүнзгийрч, эдийн засгийн харилцан нөлөөлөл нь ч томорсон байна. 2000 оноос хоёр орны стратегийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрсэн бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг Оросоос үлэмж нэмэгдүүлж эхэлсэн байна.
Өдгөө Оросын томоохон компаниуд болох Роснефть, Росатом, Сибур, Газпром, төмөр замын РЖД, дижитал технологийн Яндекс зэрэг компаниуд Вьетнам улсын холбогдох салбаруудад хөрөнгө оруулалт хийж буй. Түүнчлэн Оросын дотоодын томоохон банкуудын нэг Сбербанк, ВТБ зэрэг банкууд хэдийнэ салбараа нээж, үйлчилгээ нь жигдэрчээ. Фукок арлын аль нэг хоолны газрын цэс нь орос хэл дээр давхар бичигдсэн байх нь ч сонин биш. Зарим үйлчилгээний газрын ажилтнууд англиас илүү оросоор ярих нь ч энүүхэнд. Жилд Оросоос 700 мянга гаруй жуулчин Вьетнамыг зорих бөгөөд үүний 150 мянга гаруй нь зөвхөн Фукок арлыг зорин амардаг гэх. Үнэхээр ч Оросын аль нэг хотод явж буй мэт сэтгэгдэл төрөхүйц их жуулчинтай тааралдах бий вий. Орост жил бүрийн нэгдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд жилийн хамгийн урт баярын амралт тохиодог тул энэ үеэр Вьетнамыг зорих оросууд нэмэгдэнэ.
Арлыг хот болгон хөгжүүлсэн нь
Фукок арал нь Вьетнамын нийслэлээс 230 км зайтай, далайгаар хүрээлэгдсэн, тус улсын хамгийн том арлын нэг төдийгүй арлыг бүхэлд нь аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлж, соёлын дурсгалт газруудыг мөн бий болгожээ. Өдгөө тус арал нь Вьетнамын аялал жуулчлалын чухал бүс нутгийн тоонд зүй ёсоор тооцогдох бөгөөд жилд ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларыг улсынхаа эдийн засагт төвлөрүүлдэг. Жил ирэх бүр жуулчдын тоо нэмэгдэж байгааг дагаад олон улсын нислэгүүдийн тоо ч мөн нэмэгджээ. Аялал жуулчлал дагасан эдийн засгийн эргэлт нь эрс сайжрахад голлох нөлөөг дотоодын компаниуд нь үзүүлсэн байна.
Фукок сүлжээ зочид буудлууд, сүлжээ ресторан, дэлгүүр зэрэг дэлхийн томоохон компаниудыг татан оруулахын тулд эхлээд дотоодын хөрөнгө оруулагч компаниудаа төр нь дэмжсэн. Тус арлын бүтээн байгуулалтыг сайжруулахад Вьетнамын дотоодын нэр хүндтэй Vin group, Sun group, BIM group, FLC group чухал үүргийг гүйцэтгэж, тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газар, үйлчилгээний төвүүдийг барьсан бөгөөд олон улсын чанар стандартыг ч мөн нутагшуулжээ.
Ердөө 574 км кв газар нутагтай Фукок арлыг цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн, байгалийн түүхэн дурсгалт газар, томоохон үзмэр, бүтээн байгуулалтаар тохижуулахад багагүй хүчин чармайлт шаардагджээ. Барууны хөгжингүй орнуудын далайн эргийн вилла, Италийн Венец хотын загвараар бүтээсэн жижиг хэмжээний хот, Сүи Сонгийн харш, Алтан гүүр, дүүжин тээвэр, усан парк, далайн эргийн наран шарлагын газрууд, буддист хийдүүд, сувдны үйлдвэр болон түүнийгээ дагасан олон үзүүштэй соёлын дурсгалуудыг бүтээн байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө шаардагдана. Эхэндээ арал газрыг хөгжүүлэхэд мэдээж чамгүй тул гадны хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр татан төвлөрүүлэхээс аргагүй байсан бөгөөд дотоодын томоохон групп компаниуд нь эхний ээлжид Засгийн газрын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг эхлүүлж, улмаар жил ирэх бүр жуулчдын тоо нэмэгдэж байгаа дээр үндэслэн гадны хөрөнгө оруулалтууд ч тасралтгүй нэмэгдэж эхэлсэн юм.
179 мянган хүн амтай тус арлын ажиллах гол талбар нь аялал жуулчлалаа дагана. Мөн улсынхаа бусад хотуудаас цалингийн дундаж нь арай илүү буюу 10 орчим сая донг. Энэ нь манайхаар 1.3 сая төгрөг боловч нийслэл Хо Ши Мин-д гэхэд дундаж цалин 7 сая донг буюу 1 сая орчим төгрөгтэй тэнцдэг байна.
Нөгөө талд,
Арал бүхэлдээ хөгжил цэцэглэлт гэвэл өрөөсгөл ойлголт болно. Венецийг дуурайлган бүтээсэн "сүнсэн хот" нь нэг хэсэг шүүмжлэл дагуулсан. Учир нь жуулчдын хүлээлтэд хүрэхийн тулд дэд бүтцийн замбараагүй төлөвлөлт хийж, эзгүй хот сүндэрлүүлж эхэлсэн нь арлын иргэдийн хувьд тийм ч таатай байгаагүй төдийгүй үзэмжийн төдий буюу хүн амьдрах боломжгүй нь жуулчдад ч таатай байсангүй. Үнийн өртөг нь Вьетнамын зарим хотуудаас дэндүү хэтийдсэн. Жишээлбэл зарим хотоос кофе нь гэхэд л 4 дахин үнэтэй бөгөөд Фукок зорих хүмүүс худалдан авалт хийх нь оновчгүй сонголт хэмээн ярьцгаадаг.
179 мянган хүн амын 6-8 хувь нь ядуу бүлэгт хамаарагддаг гэх бөгөөд энэ нь аялал жуулчлал дагасан эдийн засгийн тэгш бус хүртээмжээс үүдэлтэй хэмээн өөрсдөө тайлбарлах нь бий. Хүн бүр өнөөх том тансаг буудал, амралтын газруудад ажиллах боломж хомс. Жижиглэн худалдаанууд эрхлэх авч тодорхой маршрутаар аялах жуулчдын хувьд тэдгээрт мөнгө үрж шалихгүй. Нас, боловсролын түвшин, туршлага ч үүнд нөлөөлнө. Мөн арлын хүн ам руу чиглэсэн төрийн бодлогууд орхигдож байгаа нь ядуурлын нэг шалтгаан болдог хэмээн нутгийнхан хэлэх нь ч бий.
Зочид буудал, үйлчилгээний салбаруудад ажиллагсдын цалин харьцангуй өндөр боловч хөдөө аж ахуй, жижиг худалдаа эрхлэгчдийн цалин орлого харьцангуй бага байдаг аж. Борооны улирал бол хөдөө аж ахуйн салбарынханд тэр чигтээ шахуу орлогогүй сарууд. Арал руу чиглэсэн гол хөрөнгө оруулалт нь аялал жуулчлал дагасан бүтээн байгуулалтуудыг л тойрохоос нийтэд хүртээлгүй.
Арлын хамгийн том тулгамдсан асуудал бол орчны бохирдол, хог хаягдал хэмээн удаа дараа томоохон хэвлэлүүдэд бичигдэж байжээ. Үнэхээр ч цэвэрхэн, саруулхан сүлжээ зочид буудлуудаас зайдуухан гараад явмагц хогонд дарагдаж, түүн дунд хуучирч элэгдсэн төмөр хавтангуудыг хооронд нь эв хавгүйхэн зүйсний дотор хүмүүс амьдарч байгаа нь харагдана. Жуулчдын үзэх боломжтой газрууд л ихэнхдээ цэвэрхэн мэт үзэгэх авч үнэндээ асар их хог хаягдын үүр болсон гэцгээдэг. Энэ нь жуулчдаас ч мөн багагүй шүүмж авна. Амралтын газруудын бохирын асуудал ч мөн олон жил яригджээ. Улмаар арлын хэмжээнд хог хаягдлын менежмент шаардлагатай талаар ч мөн хөндсөөр л байдаг.
Гэхдээ жил бүр нэмэгдэх жуулчдыг дахин ирүүлэхийн тулд Фукок тал бүрийн боломжит чадлаараа л хөгжиж, хичээж яваа хэмээн вьетнам залуугийн хэлсэн үгийг нэхэн санаж энэ бичвэрээ дуусгамаар санагдав.
Ц.ТАМИР
https://eguur.mn/562015/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих