Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн хүндэтгэлийн
концертын ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт, гавъяат жүжигчин
Д.Сосорбарам ажиллаж буй юм. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмаар хамтран
ажилласан уран бүтээлчдээ голдуу урьсан аж. СТӨ-ний тайз болоод Төв
цэнгэлдэх дэх уран бүтээлийг найруулан дэглэхээр бүжиг дэглээч, соёлын
тэргүуний ажилтан Д.Баярбаатар болон С.Лувсанвандангийн нэрэмжит "Гоо
зүйн" шагналт бүжиг дэглээч Д.Энхгэрэл нар ажиллаж байна.
Баяр наадмын нээлтийн тоглолт сонгодог, үндэсний гэсэн хоёр чиглэлийн уран бүтээлээс бүрдэнэ. Ингэхдээ Монголд үүсэн хөгжиж байгаа урлагийн бүхий л төрлийг багтаахаар төлөвлөсөн аж. Ерөнхий найруулагч Төв цэнгэлдэх хүрээлэнд болох наадмын нээлтийн хүндэтгэлийн ёслолд аль болох олон хүн оролцуулах бодлогоор Батлан хамгаалах яамтай хамтарч байна. Тус яам гадаадад албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж, дэлхийд Монголын нэрийг гаргасан мянган цэргээ хүндэтгэлийн ёслолд оролцуулахаар илгээж буй юм. Зардал мөнгөний тухайд гэвэл ноднин наадмын соёл урлагийн үйл ажиллагаанд нэг тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ удаа 900 сая төгрөг зарцуул гэж төсөвлөж өгчээ.
Үүнд Цэнгэлдэхээс гадна Чингисийн талбай, Хүй долоон худагт болох урлаг соёлын тоглолтуудын нийт зардал ороод энэ. Задалж авч үзвэл Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд 250 сая, Соёлын төв өргөөнд болох төрийн хүндэтгэлийн тоглолтод 50 сая төгрөг төсөвлөсөн аж. Хүн хүчний тухайд Төв цэнгэлдэхэд 5000, харин тайзан дээр мянга гаруй уран бүтээлч ажиллах юм байна.
Тайзны уран бүтээлийн онцлогуудаас товч дурдвал.
Энэ
жил үндэсний уран бүтээлийн хэсэгт 21 эмэгтэй уртын дууч, 21 эрэгтэй
хөөмийч өвөрмөц найруулгатай тоглолт үзүүлнэ. Арав гаруй товшуур
хөгжимчинтэй. Бий бийлээч 33 байх бөгөөд тэд урьд өмнө бүжиглэж
байгаагүй хурдтайгаар биелэхээрээ онцлог. Эвэр бүрээ, цоор, бишгүүр
зэрэг зэмсэгтэй жаран хөгжимчний бүрэлдэхүүнтэй, жинхэнэ Монголын
үндэсний их үлээвэр найрал хөгжим тоглуулана. Энэ бол шинээр бий болгож
анх удаа тоглолтыг нь сонирхуулахаар зэхэж буй баяр наадмын шигтгээ
болсон ажил ажээ. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын
судалгаа үүнд их нэмэр болсон байна. Дээр үед Монгол төрийн их найрал
хөгжим 500-800 хүний бүрэлдэхүүнтэй байсан тухай түүхэн сурвалжид
тэмдэглэгдсэн байдгаас эх авсан гэнэ. Энэ мэтчилэн дурдаад байвал
наадмын тоглолт үзэж сонирхох, сонор мялааж, сэтгэл сэргээхээр номер
олонтой байх нь ээ. Төрийн хүндэтгэлийн тоглолтын уран сайхны
удирдагчаар "Хөсөгтөн" хамтлагийн ахлагч, хөөмийч Ариука буюу
Ариунболд, туслах найруулагчаар Божо ажиллаж байгаа бол, ерөнхий
найруулагч Д.Сосорбарамын туслах найруулагчаар түүний хувийн
туслахЖавхлантөгс томилогджээ.
Тоглолтын сонгодог хэсэгт мөн үзүүштэй, сонсууштай номер олон. Тухайлбал, АНУ-д ажилладаг балетчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг "Алтан бурхан" хэмээх уран бүтээлээ төрийнхөө наадамд үзүүлэх юм байна. Хөгжмийн том хэмжээний бүтээлүүдийн тухайд төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал, Ц.Нацагдорж нарын шилдэг бүтээлүүдийг эгшиглүүлнэ. Симфони найрал хөгжмийн удирдаачдаас Улсын филармонийн ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, ҮДБЭЧ-ын удирдаач Р.Ганбат, "Баян Монгол" чуулгьш дагшаа найрал хөгжмийн удирдаач Нямдорж нар ажиллах ажээ.
УДБЭТ, Улсын филармони, ҮДБЭЧ зэрэг манай улсын мэргэжлийн урлагийн томоохон байгууллагуудаас гадна Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн бүжигчдийг оролцуулж байгаа аж. Түүнчлэн олимпийн наадамд багтдаг цэнгээнт бүжгийн төрлийн 500 гаруй бүжигчин ч энэ удаагийн Улсын баяр наадамд оролцохоор болжээ.
Энэ жилийн Төв цэнгэлдэхийн наадмын нээлтийн тоглолт,
төрийн концерт монгол хүн бүхэн Монголоороо бахархах "Босоо заяатай
Монгол" цогц ёслол хүндэтгэл байх болно гэж ерөнхий найруулагч
Д.Сосорбарам хэлж байна.
Б.МИЧИДМАА /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих