Улсаас ганцхан азарганд "Засаг төрийн зандан ширээ" гэж цол олгосон юм гэдэг. Тэр нь Төв аймгийн Баян сумын Ж.Шийтарийн зээрд азарга. Шийтэр гэж чинээлэгдүү айлын хүүхэд хэрнээ олноор явдаг нэгэн байжээ. Тэрбээр нутгийн Санжаабүүрэг гэж айлын адууг хариулдаг байж. Нэг удаа адуу хариулсны хөлсөнд Санжаабүүрэг "Чи өөрөө нэг даага сонгож ав” гэжээ. Түүний сонгосон нь давжаа биетэй үс нь унаагүй хариугүй туранхай даага байж. Хүмүүс "Чи энэ олноос очиж очиж ийм юм авч байх даа яадаг юм бэ” гэж зэмлэжээ. Гэвч даага өсч улсад алдартай хүлэг болсон.
Зээрд азаргыг адуунаас анх барьж унахад их булгидаг байсан бөгөөд Шийтэр хүнд хөлс өгч унуулдаг болжээ. Гоё хийцтэй, жижигхэн биедээ зохицсон тэг дөрвөлжин биетэй шантайсан азарга байжээ, Уяа ороод ирэхээрээ ааш зан нь зөөлөрдөг байж. Хоног өнгөрөх тусам гэдэснээс нь дээш огшоож модоор зорж урлаад байгаа юм шиг дөрвөн хөл дээрээ улам босч зэгзийгээд нүд нь бүлтрэх гэж байгаа аятай болж ирээд их уран гоё болдог байжээ. Туурай нь босоо ширхэгтэй болоод хөмөрсөн аяга шиг бумбан, дэл тингэн, сүүл туушхан, шингэвтэр адуу байлаа гэж нутгийнхан нь ярьдаг. Хавар адуунаас барьсны дараа монхор Дорж, Чагнаагийн Алтангэрэл хоёр мордож өгнө. Сүүлдээ мордох хүн олдохгүй Шийтэр гуай эмээлтэй нь хөтлөөд хэд хоног явж заримдаа хөлсөнд нь даага өгч залуучуудыг гуйж мордуулдаг байжээ. Зээрд азаргыг давхил болгонд хүн тавъж өгнө.
Нутгийн өвгөн Дондог "Шийтэр зээрдийгээ тавьж өг гэж гуйсан юм. Тэгээд "Чи сүүлд нь эргүүлнэ шүү. Дундуур эргүүлбэл хүүхэд булгиад хаячихна гэлээ. Хэлснээр нь сүүлд нь эргүүлээд хэсэг хөтөлж явлаа. Хүүхэд нь битгий тавиарай гээд уйлаад байх. Зээрд азарга барьж байх аргагүй боллоо. Хүүхдээ жаахан тайвшруулж байгаад тавьчихсан. Зээрд азарганы дэл нь жолооныхоо хоорондуур чанх дээшээ босч шашираад яваад өгч билээ. Тэгээд арай хойно тавилаа даа гэж бодсоор очтол хэдийнэ тасархай түрүүлсэн байсан гэж ярьжээ. Зээрд азарга Улсын их баяр наадамд 1954 онд анх долоон настай ирж уралдан аман хүзүүлдээд түүнээс хойш Улсын наадамд дөрөв түрүүлж, гурав аман хүзүүджээ. Хамгийн сүүлд 1962 онд 17 настай түрүүлсэн бол дараа жил нь Төв аймгийн 40 жшшйн ойгоор арван найман настай уралдан зургаад давхисан байдаг.
Түүний хойтон жил Баян, Баян-жаргалан сум наадам хийхдээ зээрд азаргыг мордуулж асар тойруулан түрүү азаргын бай өгч байсан байна. Туранхай үед нь харахад далны ирмэг нь гадагшаа cap мэт ирмэглэсэн харагддаг байж.
Зээрд араргыг гурав аман хүзүүлэхэд Баянцагааны Гомбосүрэнгийн хээр, Наваанэрэнгийн хүрэн халзан, Галын хавчиг хээр азаргууд түрүүлсэн байдаг. Зээрд азарга цатгаландаа доошоо цүдгэр гэдэстэй, нуруу нь хотгор, хээлтэй гүү шиг л харагдана. Хөнгөрөөд ирэхээрээ сүвээний хавирга нь ташаан толгойгоо давж, толгой дээгүүр цогногор маягтай давхина. Арынхаа мориноос хэчнээн хол тасархай ирсэн ч тэр хоёрын хоорондох тоос замхардаггүй хөлийн хурдтай адуу байсан тухай хуучцуул ярьдаг. Зээрд азарга улсын наадамд найм уралдахдаа дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдэж нэг мултарсан юм гэдэг. Зээрдийн жинхэнэ эзэн Санжаабүүрэг гэгч эгэлгүй томоотой хүн байсан бөгөөд зээрд азаргыг "Миний адууны унага, би Шийтэрт өгсөн юм” гэж хүнд огт үг цухуйлгаж байгаагүй гэдэг. Ж.Шийтэр наадамд ганц азаргаа хөтлөөд унааны хоёр морьтой явдаг байжээ. Зээрд азарганаас өөр морь уралдуулж үзээгүй гэдэг. Зээрдийг ид урдалж байхад наадамчид "Азарга иржээ. Шийтэрийн зээрд түрүүлж гэнэ. Шийтэр согтуу байна гэнэ. Азарга будилж дахин мордож гэнэ. Шийтэрийн зээрд дахиад түрүүлжээ. Шийтэр мөн л согтуу гэнэ” гэцгээдэг байж. "Засаг төрийн зандан ширээ”-гийн хоёр эзэн иймэрхүү хүмүүс байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих