Москвагийн шүүх Даваа гаригт 64 настай эрэгтэйг Оросын армийн Украинд явуулж буй ажиллагааны талаар "санаатай худал" мэдээлэл тараасан хэргээр найман жилийн хорих ял оноолоо гэж бие даасан хэвлэл мэдээллийн Mediazona мэдээлжээ. Тодруулбал, Константин Селезневийг ВКонтакте (ВК) сайтад хоёр нийтлэл нийтэлж, Украин дахь Оросын цэргийн гэмт хэрэг, тэр дундаа 2022 онд Киевийн захын Буча хотод энгийн иргэдийг хоморголон хөнөөсөн хэргийг буруутгаж буйгаа илэрхийлсэн хэргээр шийтгэгдсэн аж. Мөн нийтлэлдээ Селезнев ерөнхийлөгч Владимир Путиныг "террорист улсын удирдагч" гэж нэрлэж, түүнийг хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхгүй гэдгээ мэдэгджээ.
Селезневийг 2023 оны аравдугаар сард баривчилсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр бие нь муудаж, ухаан алджээ. Мөн тэрбээр хорих төвд бусад хоригдлуудын дарамт шахалтад өртөж, дараа нь өөр хорих ангийн ачаалал ихтэй камерт шилжүүлсэн байна. Селезнев Украины дайныг эсэргүүцсэн хэргээр баривчлагдсан хүмүүсийн урт жагсаалтад хэдийн орсон. Үүнээс гадна, Орос улс 2022 онд Украинд түрэмгийлснээс хойш удалгүй Оросын армийн талаар "гүтгэх" болон "санаатай худал" мэдээлэл тараахыг хуулиар хориглосон байдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын эрх баригчид 68 настай хүүхдийн эмч Надежда Буяноваг өвчтөнтэй уулзах үеэрээ Украины дайныг шүүмжилсэн хэргээр таван жил хагасын хорих ял оноосон. 2024 оны нэгдүгээр сард 73 настай тэтгэврийн хөгшин Евгения Майборода Украин дахь Оросын цэргийнхний хохирлын талаар онлайнаар нийтэлсэн хэргээр таван жил хагасын хорих ял сонссон байдаг. Майборода буруугаа хүлээсэн ч прокурорын хэлснээр "улс төрийн үзэн ядалт"-аас үүдэлтэй гэдгээ үгүйсгэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих