ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 6 /VOA/. Япон, Өмнөд Солонгос болон бусад улс орон Аляскад хийн хоолой тавихад АНУ-тай хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд, эдгээр улс уг төсөлд "хэд хэдэн их наяд долларын" хөрөнгө оруулна гэж онцолжээ. Д.Трамп мягмар гарагт Конгресст үг хэлэхдээ, энэ хоолой нь дэлхийн хамгийн том хоолойнуудын нэг болно гэж мэдэгдсэн байна.
“Япон, Өмнөд Солонгос болон бусад улс орон тус бүр нэг их наяд долларын хөрөнгө оруулан манай улстай түншлэхийг хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.
Өмнөд Солонгосын Аж үйлдвэрийн сайд Ан Дук Гын өнгөрсөн долоо хоногт Вашингтонд айлчлах үеэрээ АНУ-ын албаны хүмүүстэй уг төслийг хэлэлцжээ. “Хоёр улсын ашиг сонирхолд нийцэж байгаа тул бид энэ асуудлыг АНУ-тай нухацтай хэлэлцэнэ” гэж Өмнөд Солонгосын Аж үйлдвэрийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Ан Дук Гын мягмар гарагт мэдэгдэхдээ, Аляскад шингэрүүлсэн байгалийн хий олборлох төсөлд оролцох саналыг АНУ-ын зүгээс Өмнөд Солонгос болон бусад улсад тавьсан гэжээ. Түүний хэлснээр, хоёр улс дамжуулах хоолой, эрчим хүч, хөлөг онгоц барих, мөн тарифын ба тарифын бус саад тотгоруудыг арилгах асуудлуудыг хэлэлцэх ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба лхагва гарагт хэлэхдээ, Америкийн хий, биоэтанол, аммиакийн импортын хэмжээг нэмэгдүүлэх нь Японы эрчим хүчний хангамжийг тогтворжуулахын сацуу АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах тул “хоёр улсын ашиг сонирхолд нийцэж байна” гэж мэдэгдсэн байна.
Вашингтон, Токио хоёр Аляскад газрын тос, байгалийн хий олборлох хамтарсан компани байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа тухай Д.Трамд өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм. Тухайн үед Японы Ерөнхий сайд Ишибатай хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр Д.Трамп хэлэхдээ, Япон улс Америкаас байгалийн хийг "түүхэнд байгаагүй их хэмжээгээр" импортлох болно гэж дурдаж байв. Америкийн удирдагч мягмар гарагт Конгресст үг хэлэхдээ "чухал ашигт малтмал, газрын ховор металлын олборлолтыг эрс нэмэгдүүлэх" талаар энэ долоо хоногийн сүүлчээр арга хэмжээ авна гэдгээ онцлоод “эрчим хүчний үнийг богино хугацаанд бууруулах замаар” инфляцтай тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих