УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Дээрх хуулийн төсөлд “амь нас, малаа хамгаалах зорилгоор чоно агнаж болно” гэж зааж өгсөн аж. Тодруулбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар чоно агнах зөвшөөрлийн бичгийг сумын Засаг даргын Тамгын газраас авдаг бөгөөд тав хүртэлх хоногийн хугацаанд ан хийж чадаагүй бол дахин зөвшөөрөл авах шаардлага үүсгэдэг нь хүндрэл учруулдаг. Мөн чоныг заасан газар, цэгт агнах гэхээр тухайн газартаа байдаггүй тул дахин зөвшөөрөл авах нөхцөлийг үүсгэх зэргээр асуудал үүсгэдэг аж.
Засгийн газрын 2023 оны Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай 260 дугаар тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг чоно агнах зөвшөөрөл 248 мянга 600 төгрөгийн үнэлгээтэй байдаг.
Хэрэв малчид амь нас, эрүүл мэндээ хамгаалаад зөвшөөрөлгүйгээр чоно агнасан нөхцөлд холбогдох хуульд заасны дагуу нийтдээ 2 сая 260 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн торгууль төлөх болдог. Сүүлийн жилүүдэд бүс нутагт чоно элбэгшсэнээс хүүхдийг мал хариулахаар явуулахаа болих, айлын хот руу сүрэглэн дайрч, эд малын хохирол учруулах эрсдэл үүссэн тул Амьтны тухай хуулийн 25 дугаарх зүйлд “Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэж зааж өгчээ.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа, тулгамдсан асуудал мөнөөс мөн. 1986 онд 30 мянга гаруй чоно 18 аймгийн нутаг дэвсгэрт тархсан байна гэдэг мэдээллийг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд гаргасан. Түүнээс хойш хэчнээн чоно байгаа юм бэ гэдгээ мэдэхгүй байдалд хүрсэн. Чоно хориглох шийдвэрийг яагаад гаргасан бэ гэвэл устах хэмжээнд хүрч байсантай холбоотойгоор ан агнуурыг зогсоосон. Гэтэл нөгөө талдаа баруун бүсийн малчны хотонд орж ирээд шалдан гараараа чоно алсан тухай мэдээлэл гарах болсон. Ийм хэмжээнд орсон.
Чоно агналтыг нээлттэй болгож байгаа байдлаар ан агнуур хязгаарлалтгүй явчих вий гэдэг болгоомжлол бий. Монголчуудын сэтгэлгээтэй холбоотой.
Одоог хүртэл “Чоно харвал хийморьтой. Чоно агнавал бүр их хийморьтой” гэдэг ойлголт явсаар байгаад хэн азтай хийморьтой нь чоно агнадаг гэдэг сэтгэхүй газар авсан.
Агнасан чоноо машин дээрээ тавиад хот дундуур давхилддаг, нисдэг тэргээр дээрээс нь агнадаг замбараагүй байдал үүссэн. Хуулийн өөрчлөлтийг далимдуулаад эрчүүдийн хийморио сэргээх гэсэн шуналд автчихвий дээ, энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Хятадууд 2000-2012 оны хугацаанд хил дээр чоныг өндөр үнэтэй авсан юм билэ. Нэг чоно 2 сая төгрөгт хүрснээр арилжааны зориулалттай хядлага болсон байдаг. Үнэтэй учраас л алаад байсан.
Энэ хуулийн үр дагавар нь чоно агналт хавтгайрахгүй гэдэгт итгэлтэй байна. Амь нас, мал сүргээ хамгаалахын тулд д чоно агнах зохицуулалттай.
Одоо бол малд явж байгаа хүн буу аваад явж байхад цагдаа нар ан хийх гээд буу аваад явж байна гээд бууг нь аваад явчихдаг. Чоно их байгаагаас бага насны хүүхдээ, эмэгтэй хүнээ хонь малдаа явуулж чадахгүй хүндрэл учирч байгаа.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Говийн аймгуудаар саарал чоно үзэгдэхээ байсан. Чоно бол байгаль цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа амьтан. Малчид эрт дээр үеэсээ ан амьтантайгаа дасан зохицоод амьдраад ирсэн. Хэт задгайд нь тавиад амьтны аймгийг хоморголон устгах юм руу орчих вий. Чонын тоо толгойг тодорхой болгох чиглэлээр ажил хийх хэрэгтэй. Говь хээрийн чонын тоо толгой дээр бодит мэдээлэл өгөөч?
УИХ-ын гишүүн, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-2004 онд Биологийн хүрээлэнгийн судалгаагаар 10 мянга орчим саарал чоно байна гэсэн тоо гарч байсан. Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр саарад чоно ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн. Чоно өөрөө байгальд эко баланс барьдаг. Зарим орон чоноо хядсанаас ховордоод өөр улсаас авч ирж үржүүлж байгаа ч орон байна.
О.Амгаланбаатар гишүүний хувьд нэг заалт дээр ойлгомжтой болгож өгч байгаа. Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор саарал чоно агнасан бол хариуцлага хамаарахгүй гэдэг заалт оруулсан. Засгийн газар төслийг дэмжсэн.
Яаж зохицуулах вэ гэхээр орон нутгийн засаг захиргаа тоо толгой сүргийн бүтэц ямар байгаа талаарх мэдээллийг өгдөг. Энэ мэдээллийг үндэслэж арга хэмжээ авдаг. Олноор нь хядаад өмнө нь байсан шиг машинаар хөөж хэдэн арваар нь хядвал хариуцлага байгаа. Зөвхөн амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнана.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих