Дэлхийд агаарын бохирдол хамгийн ихтэй арван хотын хоёрдугаарт
Улаанбаатар бичигддэг. Үүнээс үүдэн сүүлийн жилүүдэд ургийн гажигтай
хүүхэд олон төрөх болсон. Саяхан Эх хүүхдийн эрүүл тэндийн үндэсний төв,
АШУҮИС-тай хамтран "Эх хүүхдийн эрүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх
нөлөө" сэдэвт олон улсын хурал зохион байгуулсан юм. Хуралд Канад,
Англиас гадна Америкийн Лос-Анжелес, Өмнөд Калифорнийн их сургуулийн
эрдэмтэд оролцсон юм, Энэ үеэр агаарын бохирдол хүний эрүүл мэндэд
хэрхэн нөлөөлж байгааг судалсан ажлынхаа үр дүнг танилцуулсан. Энэ
талаар АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор Г.Энхжаргалтай ярилцлаа.
-Ургийн хөгжилд агаарын бохирдол ямар нөлөө үзүүлж байна вэ?
-Улаанбаатар
хотын агаарын бохирдол яах аргагүй тулгамдсан асуудал болоод байна.
Хүний эрүүл мэндэд тэр дундаа ургийн хөгжилд агаарын бохирдол асар их
сөрөг нөлөөтэй. Тиймээс дотооддоо дагнасан болон олон улсын эрдэмтэдтэй
хамтарсан судалгааг хийж эхэлсэн. АШУҮИС Канадын Саймон Фрэйзэр их
сургуультай хамтран зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөл болоод
агаарын бохирдол ургийн өсөлтөд ямар нөлөөтэйг судалсан. Бид судалгааг
жирэмсэн эмэгтэйчүүд болон эмч, сувилагч, жолооч нараас авсан. Агаарын
бохирдол ураг зулбах, хугацаанаасаа өмнө, бага жинтэй төрөх, амьгүй
төрөх, ургийн гаж хөгжил зэрэгт нөлөөлж байна. Бидний судалгааны зорилго
нь гаж хөгжлийг тодорхойлох биш бага жинтэй нярай төрж байгаад
анхаарлаа хандуулах юм. Жин бол хүүхдийн өсөлт хөгжлийн чухал үзүулэлт.
0-5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын 44 хувь нь төрөөд 28 хоногийн
хугацаанд нас бардаг гэсэн үзүүлэлт бий. Үүний гол шалтгаан нь бага
жинтэй нярай төрөх явдал. Энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг иржээ.
-Судалгааны үр дүн ямар гарав?
-Судалгааг
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгүүдтэй хамтарч
хийсэн. Жил хагасын хугацаанд нийт 540 жирэмсэн эмэгтэйг судалгаанд
хамруулж, мэдээлэл цуглууллаа. Энэ бол ердөө нэг дүүрэгт хийсэн судалгаа
юм. Улаанбаатар хотын хэмжээний судалгааны үр дүн 2016 оны сүүлээр
гарна. Анхан шатны судалгаанд оролцсон хүмүүст агаарын бохирдол
илрүүлэгч тусгай төхөөрөмж зүүлгэж, шалгахад хачирхалтай нь жолоочоос
илүү эмч. сувилагч өртөж байгаа нь тогтоогдсон. Мөн дулааны улирлыг
бодвол өвөл хамаагүй их хорт агаар, тоосжилттой байсан. Энэ нь нүүрсний
утаанаас болсон хэрэг. Агаарын бохирдол бууруулагч тавьсан айлд агаар
бохирдуулагч нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ 55 хувиар бага байгаа
гарсан.
-Эрүүл төрсөн хэрнээ утаанаас болж өвчлөх тохиолдол байна уу?
-Мэдээж
байгаа. Гадаадын эрдэмтэд агаарын бохирдол их, эсвэл бага газар
амьдардаг, төв замын дагуу, эсвэл алс амьдардаг гээд янз бүрийн газраас
хүмүүс сонгон их нарийн судалгаа хийдэг юм байна. Судалгаагаар утаа
нярай хүүхдэд ч, нас биед хүрсэн хүнд ч адилхан нөлөөлж байгаа нь
тодорхой болсон. Ялангуяа уушги өвчлөх нь элбэг.
-Бага жинтэй нярай төрөх, ургийн эндэгдлээс сэргийлэх боломжийг тодорхойлсон уу?
-Агаарын
бохиодлыг л засаг биш олон талын хамтын ажиллагаагаар нарийн шат
дараатай хийгдэх ажил л даа. Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж бүр
агаар бохирдуулагчийг хянаж, анхаарал хандуулах нь зүйтэй. Жирэмсэн
ээжүүд гэртээ агаар цэвэршүүлэгч төхөөрөмж тавьж бичил орчны агаарыг
цэвэршүүлбэл ургийн өсөлтөд сайнаар нөлөөлнө. Мөн амны хаалт зүүж болно.
Гэхдээ зориулалтын стандарт хангасан, пм 2,5 тоосонцрыг шүүх маск байх
шаардлагатай. Эмийн сангуудаар зардаг жирийн даавуун маск ямар ч
нөлөөгүй.
-Хуралд оролцсон гадаадын эрдэмтэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар ямар дүгнэлт хийв?
-Тэдний
хийсэн судалгаагаар Улаанбаатарт хотод нас барсан нийт хүн амын 10-20
хувь нь агаарын бохирдлын улмаас өвчилж нас барсан байна гэж дүгнэсэн.
М.МӨНХСАНАА /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих