Иргэдийн өдөр тутамд үйлчлүүлдэг, мөнгө хөрөнгөө хадгалуулдаг, зээлдэг газар бол арилжааны банкууд. Гэтэл арилжааны банкууд зээлийн хүүгээс гадна элдэв хураамж авдаг болсоор удаж байгаа билээ. Мөн бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлэхэд 500 хүртэлх төгрөгийн шимтгэл авдаг. Тухайн банкнаас олгосон өөрийнх нь картаар үйлчлүүлэхэд ч "шимтгэл” хэмээн мөнгө завшдаг. Энэ талаар иргэд холбогдох газруудад удаа дараа гомдол гаргадаг ч бодит байдалд асуудал төдийлөн шийдэгддэггүй. Одоогоос нэг сарын өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай "Иргэдийн гомдлын дагуу арилжааны банкуудад шалгалт хийхэд хураамж, шимтгэл нэрээр хууль бусаар мөнгө завшиж байгаа нь тогтоогдлоо” хэмээн мэдээлж байсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 13 арилжааны банк бий.
Эдгээр банкинд тус газраас зургаан сарын хугацаанд шалгалт хийсэн бөгөөд нэгээс бусад нь иргэдээс хууль бусаар мөнгө авч байсан нь нотлогдсон байдаг. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.10, мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1, 12.9 заалтуудыг тус тус зөрчсөн. Ингээд зөрчилтэй 12 банкинд гаргасан зөрчлөө арилгах 30 хоногын хугацаатай үүргийг улсын байцаагчийн албан шаардлагын хамт хүргүүлсэн нь бий. Харин заасан хугацаа нь өчигдөр эцэс боллоо. Гэвч арилжааны банкууд өнөө хүртэл иргэдээс шимтгэл, хураамж нэрээр мөнгө авч, бэлэн мөнгөний машинууд нь ч үйлчлүүлэх бүрт мөнгө "идсээр” байна. Тиймээс энэ талаар ШӨХТГ-ын даргын зөвлөх Б.Ариунаагаас тодруулахад "Албан бичгийн хариу банкуудаас ирээгүй байна.
Тиймээс энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Үүнээс харахад ШӨХТГ ямар нэгэн байгууллагыг шалгаад "зөрчилтэй” хэмээн акт тогтоож, албан бичиг хүргүүлсэн ч төдөлгүй мартагдаад өнгөрдөг байдал давтагдаж магадгүй болоод байна. Тухайн үед О.Магнай дарга "Манайх гомдлын дагуу шалгаж ноцтой алдаа, зөрчил илрүүлдэг. Тэгээд акт тавиад өнгөрдөг асуудал бий. Энэ байдлыг халах хэрэгтэй. Бид өөгүй зүйлийг өөлөх гэж энд суудаггүй. Болохгүй зүйлийн мөрөөр орж, мэргэжлийн улсын байцаагч нар хяналт тавьж, эцсийн актыг тогтоодог. Харин гаргасан зөрчлөө арилгах үүрэг шалгуулагчид бий. Хуульд зааснаар зөрчил гаргасан арилжааны банкууд 10 хүртэлх сая төгрөгийн торгууль төлнө. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол дараагийн алхмыг хийхээс өөр аргагүй” гэж хэлж байсан.
Ер нь энэ үгийг аль нэг байгууллагын зөрчлийг илрүүлж, мэдээлэл хийх бүртээ хэлдэг гэхэд хилсдүүлсэн болохгүй байх. Энэ удаад арилжааны
банкууд "Бид зөрчил гаргаагүй. Иргэдээс үйлчилгээний зардал гэж шимтгэл, хураамж авдаг. Энэ бол хууль бус үйлдэл биш” хэмээн өнгөрөх нь бололтой. Уг нь ШӨХТГ-ын байцаагчдын хэлснээр тухайлбал, ХАС банк гэхэд л шимтгэл, хураамж нэрээр иргэдийн зээлсэн мөнгөнөөс 0.5-1 хүртэл хувийн төлбөр хураамжид 500-15 мянган төгрөг авдаг нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн 50 сая төгрөгийг 20 жилийн хугацаатай зээллээ гэхэд тус банкинд шимтгэлд нь 500 мянган төгрөгийг өгнө гэсэн үг аж. Ингэхдээ банкуудын журам харилцан адилгүй бөгөөд зарим нь шимтгэл болон хураамжийг давхар авдаг байхад зарим нь аль нэгийг нь авдаг гэж байгаа. Тэр бүү хэл зарим банк зээл олголтын шимтгэлээ ам.доллараар тооцдог юм билээ.
Ам.долларын ханш
тэнгэрт тулсан өнөө үед энэ нь иргэдэд маш том хохирол учруулж буй
хэрэг. Үүнийг "Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ санхүүгийн мэдлэггүйг нь
далимдуулан залилан хийж байгаагийн илрэл” хэмээн О.Магнай дарга хэлж
байсан. Уг нь арилжааны банкууд зээлсэн мөнгөний хүүнээс ашгаа бүрэн
олдог гэдэг. Гэтэл хүүнээс гадна элдэв аргаар мөнгө завшиж буй нь
эдийн засаг хямралтай өнөө үед иргэдэд багагүй дарамт болж байгаа.
Харамсалтай нь энэ үйдлээ тэд "Зөв...” хэмээн үзэснээс ШӨХТГ-ын заасан
хугацаанд хариу өгөөгүй байх. Харин О.Магнай дарга хэлснээрээ
дараагийн арга хэмжээгээ авах уу, эсвэл ингээд чимээгүй өнгөрөх үү
гэдгийг харах л үлдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих