Хутагт
богдсын оройн чимэг Наганзана гэгээнтний "Төв үзэл”-ийн тухай номлолд
"Мэргэн хүн, буй хийгээд үгүй хоёрын аль алинд нь ч үл автьюу”
хэмээснийг би бодно. Миний бодлууд, бодол бодлоо гүйцэж түрүүлэх гэж
хойно хойноосоо хөөцөлдөнө. Нэг их мэргэн хүн болох гэсэндээ ч биш л
дээ. Ижийгээ бодоод л тэр.
Үнэн хэрэг дээрээ аливааг бий ч гэх
аргагүй, байхгүй ч гэх аргагүй. Хорвоо бол үй түмэн эсрэг тэсрэг
чанаруудын харьцаанд шүтэн барилдсан л зүйл юмдаг уу даа. Тийн хэмээн
сэтгэсэн энэ цаг үеэсээ эхлээд би тээж төрүүлээд тэтгэж өсгөсөн, далай
их ачлалыг нь ямар нэгэнтэй ханьцуулан магтахын үлгэртэн үгүй ижийгээн
би байгаа хэмээн батад итгэв. Мөнх бусын үйлэнд гүйцэгдэж, дуу хийгээд
дүрсээ сансар нирвааны агаарт хураасан ижийгээн би, одоо ч миний дэргэд
суугаад амгалан талбиун мишээлийг үзэсгэлэнт царайдаа тодруулан, хайр
умдарч тунарсан, усгал зөөлхөн харцаар хүү намайгаа дүүрэн тэргэл,
бахдалтай нь аргагүй харж байгаагаар бодно. Ижий минь намайг тийм гоё
хардаг байсан. Одоо хэн ч намайг тийм гоё, энэрэл нь эзэн биенээсээ давж
асгарсан их хайраар хардаггүйг мэднэ би. Мэдэх тусам ижийнхээ ачийг
яалаа даа гэж бодно. Бодохоор л элэг зүрх рүү нэг юм ёгхийгээд явчихна.
Ай лаа, хүний энэхэн хорвоо гэж...
"Миний хүү, хүний энэхэн
орчлон дээр хүн болж. Хүзүү сээрэн дээр толгой тохно гэдэг бол их ухаан
юм шүү дээ” гэж ижий минь байнга сургадагсан. Миний ижий цэцгийн дэлбээ
мэт, гүн тэнгэрийн мичид од мэт үзэсгэлэн хийгээд гэрэл юугаар цацарсан
зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Одоо эргээд бодож байхад дээрх
сургаалийг ганцхан надад л түлхүү хэлдэг байж. Учир нь зургаан үрээс нь
"хүн болж хүзүүн дээрээ толгой тохоогүй” нь ганцхан би л байж. Удам
судар, ураг элгэнийхээ нэр нүүрийг ч бодохгүй бор дарсанд шунамгайрч
өөрийн толгойгүй мэт аяглах үр нам юудаа бусдаас илүү, бүр онцгой
хайртай байдаг байж билээ. Эвий дээ, миний муу ижий "Өвөл болохоор л яс
хавталзах шиг болох юм. Муу хүүгээ хаа нэг газар согтуу хөлчүү явж байж
осгож хөлдөхвий, амьтан хүний гарт үрэгдчихвий гэж бодохоос л нойр
хүрдэггүй юм” гэдэгсэн. Есийн жавар тачигнаж, цас маналзан шуурсан
өвлийн тэр сунайсан урт хүйтэн шөнүүдэд яасан ч олон удаа нойргүй хонож,
хөл нь бүлээцэхгүй хөнжилдөө жиндэж өнжсөн бол доо хөөрхий. Тэгж их
зовоосон намайг загнана гэж ер үгүй. Аядуу намуухан дуугаар "Миний хүү
ухаантай даа...” гээд л аргадаж эвийлсэн аястай толгой илэнгээ зөөлхөн
зөөлхөн өгүүлнэ. Өгүүлэх дууных нь хоолойн өнгө ямар сайхан гэж санана.
Эгшиг аялгууны хамаг сайхныг хамж нэгтгээд аяс намуунаар уянгалуулж
байгаа мэт тийм гоё дуутай хүн байсан. Сонсохын төдийд л дотоод ертөнцөд
шүглэсэн ад айдсыг арилган цэлмүүлэх ид шидийн гайхамшигт тийм сайхан
аялгууг би дахиад хэзээ ч сонсоогүй ээ. Сонсох ч үгүй байх. Сонсох ч
үгүйгээ мэдэх тусам ижийнхээ ачийг яалаа даа гэж бодно. Бодохоор л элэг
зүрх рүү нэг юм ёгхийгээд явчихна. Ай лаа, хүний энэхэн хорвоо гэж...
Ухаж
сэрэх нь хойноо үр миний ухаан дээр ухаанаа асган байж энэ зэрэгтэй
сэтгэн туурвихын зэрэгт дэвшүүлсэн ижийдээ аврал бишрэлийг одуулмуй би.
Эхийн далай их ухаанаар урган дэлгэрдэг үр хүний ур ухааны тухай ийн
сэтгэв. Үлгэрлэвээс, үндэс хөөж, нахиа соёо түлхсэн хэдий ч гэлээ ганы
халуун наранд шарвайх тийшээ хандсан өвс ургамал бүлээн зүс, намриа
хурын дараа яаж урган цомойж, цэцэглэн цэнгэдэг билээ дээ. Алаглан
хээлээд тал хөндий, уул усыг хүртэл баясгах дэлбээ цоморлиг тэргүүтэн,
дэлгэр түүний төгс үзэмж лугаа шунан дурлаж шохоорхон хорголзох эрвээхэй
зөгий хүртэл мөн чанараараа баясгалан гэдгийг мэдэрдэг бөлгөө. Үүн
лүгээ л ижил юм даа ур ухаан гэдэг. Услаж, цаслахгүй бол улам хатаж
хорчийдог юм шиг байгаа юм. Тиймээс ч ихэс мэргэд "Ухаанаа асгаж
ургуулсан ижийнхээ ачийг яалаа даа гэж” ижий юугаа, ижийгийнхээ
ханьцашгүй их ачлал юуг магтан дуулсан байдаг биз.
Эхийн ачлалын
тухай өгүүлсэн сайхан сайхан магтаал олон. Тэр дундаас нэгэн магтаал
эрхгүй миний сэтгэлийг булаав. Ялж төгс нөхчсөн бурхан Бодисадвагийн
зохиосон "Эцэг, эхийн ачлалыг хариулахын хүчир бэрхийг дахин давтан
мэдүүлэх номын цагаан гэгээ” хэмээх нэрт сударт "Ээж хүн хүүхдээ далай
мэт ихээр хайрлана, хайр халамж нь өдөр шөнийг ч үл ялгалгүй, хөмсөг
зангидан уурлах нь үгүй, үүрдийн хайр халамж нь үнэхээр дүрслэхийн
аргагүй зузаан юм. Зөвхөн хүүхэд нь л хоол ундтай, халуун дулаан байвал
өөрөө өлсөж даарсан ч сэтгэл нь амарч хүүхдийн баяр жаргалыг өөрийн баяр
цэнгэл хэмээн бодож баясгалан төгөлдрөөр санаа нь амардаг байна” гэжээ.
Энэхүү сургамжит магтаалыг уншиж байхад өөрийн эрхгүй самсаа шархиран,
нүдний нулимс мэлтэлзээд аягандаа тогтохгүй асгарсан билээ. Ижийгээ
санаад л тэр. Одоо намайг хэн ч ижий шиг минь тэнгис далай мэт тэнүүн их
хайраар, амь биенээсээ ч илүү асгарсан их хайраар хайрлахгүй билээ.
Хайрлахгүй гэдгийг нь мэдэх тусам ижийнхээ ачийг яалаа даа гэж бодно.
Бодохоор л элэг зүрх рүү нэг юм ёгхийгээд явчихна. Ай лаа, хүний энэхэн
хорвоо гэж...
Бурханы шашинтан улс үндэстнүүдэд хувь зохионгуйн
төгөлдрийг үзүүлсний улмаас хоёр дахь Будда хэмээн нэрлэгдсэн Наганзана
богдын "Төв үзэл”-ийн тухай сургаалийг уншиж байхдаа тэнд "Дүрс бол
хоосон чанар, Хоосон чанар бол дүрс” гэж бичсэнийг үзээд би ижийгээ
сэрүүн тунгалагт нь хамт зургаа ч авахуулж чадаагүйдээ өр өмрөн шимшрэв.
Ээ дээ мөн ч тэнэг байж дээ. Өнө мөнхөд дэргэдээс минь хайр энэрлээрээ
гэрэлтүүлсээр явах юм шиг боддог байж. Одоо надад сайхан тэргэл
ижийтэйгээ хоёул хамт суугаад авахуулсан, гэгээн гэрэлт дүрийг нь
өөртэйгөө хамт дүрс хальсанд мөнхөлсөн зүйл алга гэж бодохоос л гуниг
харууслын нэгэн их цохилого голоос дээш огшиж ирээд хоолой боонготуулан
цээж бачууруулж ирэв. Бачуурсан сэтгэлээ уужилж, горойсон голоо дэвтээх
гэж эхийн ачлалыг бага ч атугай хариулах арга байна уу гээд судар
шасдирын шарласан хуудсыг нягтлан байцаалаа би. Гэтэл "Хүн эцэг, эхээ
эсэн мэнд байлгахын төлөө үнэн сэтгэлээсээ залбиран, өөрийнхөө хоёр
нүдийг ухаж бурханд өргөсөн ч, энэ мэт үйлдлийг мянга, түмэн удаа давтан
үйлдсэн ч эцэг, эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй” гэж "Эцэг, эхийн
ачлалыг хариулахын хүчир бэрхийг дахин давтан мэдүүлэх номын цагаан
гэгээ” хэмээх судраас номлосныг үзээд арга барагдав.
Гэвч, дусал
хумхын төдийгөөс минь алтан хэвлийдээ тээж төрүүлээд, дураар танхил
насанд минь энэрэл хайраараа эмбэрийдэж өсгөсөн, илэрхийеэ тод тунгалаг
ачлалтай ижийгийнхээ ачийг хариулахын аргыг цөхрөлтгүй эрсээр байв.
Эрсээр байгаад нэгэн сайхан домгийг олж үзлээ. Тэр домогт "Бид яавал сая
эцэг, эхийн ачийг хариулж чадах вэ? гэж хэсэг хүмүүс Бурхан багшаас
асуусанд Бурхан багш хариулсан нь : Эцэг, эхийн ачийг хариулах хамгийн
сайн арга бол тэдний асар ачлалын тухай өгүүлсэн ном судрыг өргөн эхээр
тараах явдал мөн” гэжээ. Тэр үнэн аж. Тийм сайхан ачлалын тухай өгүүлсэн
гүн дэлгэрэнгүй номыг уншсан хүн ижийгээ хайрлалгүй ч яахав дээ.
Тиймээс миний энэ бичвэрийг олон хүн уншаасай хэмээн адгана. Ижийгээ л
хайрлаж яваарай.
Ийн хэмээн сэтгэсэн энэ цаг үеэсээ эхлээд би
тээж төрүүлээд тэтгэж өсгөсөн, далай их ачлалыг нь ямар нэгэнтэй
ханьцуулан магтахын үлгэртэн үгүй ижийгээн би байгаа, бүр сэрүүн
тунгалаг байгаа гэдэгт нот батад итгэв. Тийм ээ миний сайхан ижий одоо
хүртэл гүн бахдалтайгаар намайгаан ширтээд дэргэд минь сууж байгаа.
Ээжээ, хүү нь тандаа эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье.
Ачлал хайрын дээд олон олон ээжийг
Аръяабал бурхан мөнхөд ивээх болтугай!
Нийтлэсэн: П.Нямлхагва
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих