Ташуураар хамгаалсан тусгаар тогтнолоо
Тархиараа хамгаалах цаг ирлээ.
Л. Түдэв
Хэдэн ч удаа 180 хэм эргэчихэв дээ, энэ асуудал дээр
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.18нд/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барисан гэсэн мэдээлэл цацагдсан нь төрийн төлөө боож үхэх "дуртай" оготнуудыг бужигнуулж орхив.
Миний бие ч тэдгээр оготны нэг болж суурин дээрээ хэдэн ч удаа 180 хэм эргэчихэв дээ. Жил орчмын өмнө Х. Баттулга нарыг царигийн асуудлыг сөхөн тавьж өргөн цариг байх ёстойг үндэслэсэн тэдний видео бичлэг цацагдахад тэрнийг нь үзээд тэдэнтэй адил байр суурьтай байгаагаа мэдрэв. Миний хувьд бол, хэдийгээр хууль зүйн үүднээс, бас түүхийн үүднээс Монгол улс нь тусгаар тогтносон улс боловч өмнөд хөршид 20-р зууны турш "Хятадын бүрэлдэхүүнээс шударга бусаар алдагдсан нутаг дэвсгэр" хэмээх үзэл санааг өөрийн иргэдэд болон дэлхий дахинд сурталчилж ирсэн, харин Хойт хөршийн хувьд бол ингэж сурталчлах явдал гаргаж байгаагүй, гаргах ч үгүй гэдэг нь эргэлзээгүй энэ байдал л энэ байр суурийн гол үндэс болж байсан юм.
Гэвч цагийн явцад, элдэв юм уншиж, бодсоор байр суурь маань нилээн эргэлзээнд ороод байлаа. Тийм ч учраас дээрх төсөл өргөн баригдсан тухай мэдээлэл твитерээр цацагдахад дэмжиж байгаагаа илэрхийлэн бичиж байлаа. Гэтэл дараахан нь Царигийн бодлого дээр буруу шийдвэр гарч болзошгүй байгаа талаарх Харилцааны стратеги судлагч Р.Батсайханы нийтлэл (http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2304-article_20140612_001) болон уг асуудлаар Неро интайментийн бэлдсэн 100 чухал сэдэв нэртэй цаг 30 минутын нэвтрүүлэг (http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2308-article_20140620_001) хоёртой танилцтал доторх агуулгууд нь миний байрь суурийг буцаагаад л өргөн цариг дээр авааччихав. Тэгсэн болохоор дээр дурдсан ЗГ-ын төсөл ч тун эрсдэлтэй санагдсан тул олуулаа анхааралтай үзэцгээж, хэрэв буруу бол УИХ бүү батлаасай гэсэн бодлын үүднээс Р. Батсайханы нийтлэлийн линкийг твитер хаяг нь тааралдсан гишүүд болон сэтгүүлчдэд илгээв.
Гэвч өнөөдөр энэ дор байрлуулсан Хутагт овогт Ч. Ганхуягийн бичсэн "Цариг", Бат инженерийн бичсэн "Эрлийз цариг" нийтлэлүүдийг үзээд дахин 180 хэм эргэж ЗГ-ын тогтоолын төслийг дэмжих байр сууринд эргэн ирлээ. Гагцхүү хятадуудын суурьшилтай холбогдсон асуудлыг нь Бат инженер хөндөөгүй байна. Гэвч түүнийг хяналттай зохицуулалттай байлгах асуудлыг нягт нямбай бодолцох буйзаа гэж найдаж байна.
Тэгэхээр манай олон иргэдийн байр суурь ч минийх шиг савлаж байгаа байж болзошгүй гэж бодож байна. Хэрэв тийм бол энэ нь тэдгээр хүмүүсийн туйлбаргүйнх биш. Зөвхөн тухайн хүний тархинд байгаа мэдээлэл баяжиж, агуулга нь өөрчлөгдөж байгаагийн л тусгал юм. Тухайлбал, хүний оюун санаанд байгаа эсрэг тэсрэг мэдээллийн бүрдэл өөрчлөгдөж аль хэсэг нь давамгайлахын хирээр тэр хүний байр суурь эсрэг тэсрэгээр өөрчлөгдөж байдаг. Гэтэл бид завсрын шинжтэй, мэдээллийн бүрдлээс хамаарсан эсрэг тэсрэг байр сууринаасаа болоод заримдаа муудалцаж, бүр бие биенээ үзэн ядахад хүрэх тохиолдол ч гардаг. Гэтэл сая дурдсанчлан байр суурийн ялгааны шалтгаан нь бидэнд өөрсөдөд маань байгаа биш, харин бидний мэдээллийн бүрдэлд байх нь элбэг тул байр сууриа нэгтгэхийн тулд тэдгээр мэдээлэлтэйгээ ажиллавал хэл амаа ололцоход хялбар болно. Тиймээс та ч гэсэн хэрэв урьд нь уншаагүй бол доорх нийтлэлүүдтэй танилцана уу. Мэдээллийн ялгаагаа арилгацгаая.
Нарийн царигийн эсрэг тэмцэлд би хувьдаа гараа өргөн бууж өглөө. Та ч гэсэн, хэрэв нарийн царигийн эсрэг байгаа бол, доорхи нийтлэлүүдийг уншаад үз дээ. Зэвсгээ хаяад миний ижил санаатан болох ч юуны магад. :)
Эцэст нь, энэ асуудлаар бодож, санаа оноогоо хуваалцаж, байр сууриа нэгтгэхэд тусласан Х. Баттулга гишүүн, Р. Батсайхан, Ч. Ганхуяг, Бат инженер нарын хөдөлмөр, хичээл зүтгэлд гүн талархал илэрхийлье!
Хэдэн жилийн өмнө эдгээр нийтлэл материал гарсан байсансан бол энэ төмөр зам хувийнхны хөрөнгөөр аль хэдийн баригдчих байж дээ. Харамсалтай. Гэвч оргүйгээс оройтсон нь дээр гэж үг бий.
Бат-Оршихын Жамц
Цариг.
Зурагтаар цацагдаад байгаа төлбөрт нэвтрүүлгийн эзэд, үзэгчдэд хандаад өөрийн бодлоо хуваалцахаар шийдлээ. Хэн нэгний талд гарах гэсэндээ биш, харин энэ хэлэлцүүлгийн эцэст Монголчууд бид алс ирээдүйдээ ачтай, өнөөдөртөө туслалтай, үнэн зөв шийдвэр гаргаад ажил амьдралаа цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Улс орноо хөгжүүлэх хэрэгтэй байна.
Анх энэ асуудлаар Засгийн Газар шийдвэр гаргаад, Ухаа Худагаас Хятадын хил хүртэл төмөр зам тавих ажлыг хувийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхэд бэлэн болоод гацсанаас хойш бид 6 жил маргалаа. Тэр үед техник эдийн засгийн үндэслэл нь хийгдэж, хөрөнгө санхүү нь олдож, барих компани нь тодорсон байсан. Төсвөөс ганц ч төгрөг гаргалгүй хувийн хөрөнгө оруулагчид концессийн хуулиар асуудлыг шийдсэн байв. Гагцхүү ажил эхлээгүй. Эхлээгүй юм чинь хийгдээгүй. Хамгийн сүүлчийн мөчид царигийн асуудлаас болоод нэг хүний зоргоор энэ төсөл гацсан. Түүний тайлбар туйлын энгийн бид Хятад руу түүхий эдээ төмөр замаар зөөвөл Монголд үйлдвэрлэл хөгжиж, эдийн засаг өсч, нийгэм, хүн ард ядуу хэвээр хоцрон Хятадын эрхшээлд бүрмөсөн орно. Энэ бол ямар ч Монгол хүний зүрх сэтгэлд хамгийн эмзэг сэдэв мөнөөс мөн. Түүнийг нь ч чадварлагаар ашиглаад авсан.
Асуудлыг нөгөө талаас нь одоо харах гээд үзье. Бид үйлдвэрлэлээ хөгжүүлж, болох, тэгээд чадах юмаа Монголдоо үйлдвэрлэх хэрэгтэй гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Өнөөгийн бүхнийг гаднаас, тэр дотроо Хятадаас зөөж, эрдэс баялгаа түүхийгээр нь эргүүлж зараад байгаад олон түмэн ундуйцна. Гэхдээ бидэнд одоогоор өөр сонголт байна уу? Асуудалд бодитой хандвал өөр сонголт харагдахгүй байна.
Үйлдвэрлэл эрхлэхэд хэд хэдэн чухал хүчин зүйлийг санах ёстойг бизнес эрхэлсэн хэн ч мэднэ. Юуг үйлдвэрлэх юм бэ? Тэр бүтээгдэхүүүн нь ямар өртгөөр босч, ямар үнэтэй зарагдах вэ? Чанарын шаардлагыг хангаж чадах уу? Мартаж болохгүй нэг зүйл бол бидэнд ч, гадны худалдан авагчдад сонголт байгаа. Байсаар ч байх болно. Тэд үнэ, чанар, гүйцэтгэлээр сонголтоо хийнэ. Тэгэхлээр бидний үйлдвэрлэсэн дотоодын бүтээгдэхүүн маань дотоодод ч, гадаадад ч өрсөлдөх чадвартай байх ёстой. Үнэ, чанар түүнийг тодорхойлно. Хямд бөгөөд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бидний чин зориг, хүсэл эрмэлзлээс гадна зах зээлийн мэдлэг, үйлдвэрлэлийн нөү хаү, өндөр технологи, чадварлаг ажиллах хүчин бөгөөд асар их хөрөнгө шаардагдана. Дээрээс нь гаргасан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх дэд бүтэц бидэнд зайлшгүй хэрэгтэй болно. Харамсалтай нь бидэнд эхний хоёроос өөр аль нь ч байхгүй. Бий болгоход цаг хугацаа шаардагдана гэдгийг эрүүл ухаантай хэн ч ойлгоно.
Харин бидэнд шийдэл нь гарт байгаад байдаг. Тэр нь маш энгийн бөгөөд ойлгомжтой - эрдэс баялгаа эргэлтэнд оруулж байж бид мөнгөтэй болно. Ингэснээр бид үйлдвэрээ барих хөрөнгө оруулалтын санхүүжилттэй болно. Орж ирэх мөнгөө боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд туйлын тооцоотой оруулж, тодорхой хэсгийг нь баялгийн сангуудад хуваарилж ажиллах хэрэгтэй. Бид энэ стратегийн шийдэл дээрээ тогтвол гаднаас зээл ч оруулж ирж болно.
Эрдэс баялгаа ашиглана гэдгээр би олон зүйлийг хамааруулахгүй ээ. Оюу Толгойн хоёрдугаар шатны ажлыг эхлүүлье. Таван Толгойгоо хөдөлгөе. Төмөр замаа даруй урагш явуулья. Үүн шиг хэд хэдэн тоотой, тоймтой төслүүдээ сайтар дэмжээд ажиллахад л хангалттай. Өнөөдөр хувийн хэвшлийн эхлүүлсэн төслүүдийг дэмжээд явахад болно. Нүүрс угаах үйлдвэр ажиллаад эхэлсэн байна. Зэс баяжуулах, цементийн хоёр ч үйлдвэр баригдаж байна.
Нэг сайхан зургаар сүүлд
биднийг айлгаж байгаа харагдлаа. Таван Толгой гоожоод дуусах аюул бий
юу? Байгаа. Гэхдээ нэг тоог бодоорой. Монгол Улс жилдээ хамгийн дээд
талдаа 20 сая тонн нүүрс гаргаж байсан түүхтэй. Түүнийг 30 сая болгоод, зөвхөн Таван Толгойн 6.5 тэрбум тонныг зөөхөд наад зах нь 200 жил шаардлагатай. Эхний үед орж ирсэн мөнгийг бид ухаалгаар зарах л үүрэгтэй. Тэгэхлээр тэр зургийг арай өөрөөр төсөөлбөл бид ирээдүйн хөгжилтэй улс, боловсролтой, чинээлэг иргэн, үйлдвэржсэн нийгэм, баян Монгол, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндэстэн болох хөгжлийн түлхүүрийг бидэнд өвөг дээдэс маань атгуулсан гэж харж болох юм. Бид өнөөдөр зөв шийдвэр гаргах л үлдэж.
Өнөө цагийн Монголчууд өмнөө тулгараад байгаа асуудалд шийдэл олох ёстой. Ирээдүй хойч, өөрийн үр садад асуудал биш хөгжил, дэвшил өвлүүлэн үлдээх ёстой. Тэрнээс бид шийдэж чадаагүй юм. Тийм ч учраас та хэдийг ядуу тарчиг өсгөлөө. Одоо та хэд маань үүнийг барьж аваад шийдээрэй гэх нь ухамсаргүй, хариуцлагагүй үйлдэл мөнөөс мөн.
Дээр би хэлсэн төмөр замыг Германы Дойче Баан барихад бэлэн болсон байсан. Баригдах хөг нь өнгөрөхөд Монголын баялаг бүтээгчид аргаа бараад засмал зам барьж, машинаар тээврийн асуудлаа шийдэн Монголын түүхэнд анх удаа ажилчдын орчин үеийн хотхон, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр зэргийг босгоод ажиллаж байгааг би харсан. Миний хувьд энэ бол жинхэнэ эх орончдын үйлдэл. Тэдний гавъяа. Хоосон үг, том лоозонгоор биш бодит ажлаар "Эх орончид” чанараа харуулдаг. Эх орноо гэсэн хүн хэн нэгнийг харлуулах гэж төлбөртэй нэвтрүүлэг хийхгүй байх. Төсвийн мөнгөөр гадны зөвлөх компаниудыг хөлсөлж улс орныхоо эсрэг судалгаа хийлгэж, хүн ардаа арагш татахгүй байсан байх.
Эх сурвалж:
http://www.24tsag.mn/content/58855.shtml
https://www.facebook.com/Ganhuyag.Chuluun.Hutagt
Saturday, June 21, 2014
Эрлийз цариг
Оршил
Саяхан зурагтын суваг сольж суугаад санаандгүй нэгэн сонин кино үзэв. Бараг л зөгнөлт кино шахуу энэ нэвтрүүлэгийг Hero Entertainment хэмээх студи бүтээж УИХ-н гишүүн Х.Баттулга санхүүжүүлсэн бололтой. Киноны нэр нь "100 чухал сэдэв”. Киноны гол санаа нь товчхондоо Монголыг хятадын түрэмгийлэлээс аврахын тулд Монгол нутаг дээр хятадын хэрэгцээнд зориулан хүнд үйлдвэр бүтээн босгох, үүний тулд хятадын бус царигтай төмөр зам барих тухай юм байна. Кинонд
та биднийг жаргаахаар чичрэн дайрч байгаа хэдэн "эх оронч”-оос гадна
Монголыг хятадад аваачиж тушаах гээд байгаа хэдэн "эрлийз” гарах ажээ.
Яг үнэндээ бол хэдэн хүн өөрийхөө мөнгөөр лааны тухай кино хийнэ үү, луувангийн тухай кино хийнэ үү надад огт падгүй хэрэг л дээ. Би л хувьдаа Hero-гийн Баатар хэмээх залуу киноныхоо орлогоор, мөн Х.Баттулга хэмээх тэрбумтан өөрийнхөө мөнгөөр санхүүжүүлээд өргөн төмөр зам, шилжүүлэн ачих байгууламж, аж үйлдвэрийн цогцолбор зэргийг барьж тэрбумын хөрөнгөө арав хорь дахин өсгөх хүсэлтэй байгаа бол хоёр гараа өргөөд дэмжихэд бэлэн бөгөөд эдгээр risk taker-үүдийг үе удмаараа бахархан сайшаахад ч бас бэлэн байна.
Гэтэл тэд арай л өөр санхүүжилтийн эх үүсвэртэй бүтээн байгуулалтын тухай хувийнхаа бизнесийн төлөвлөгөө шиг яриад байгааг би анзаарч орхилоо. Та ч бас анзаарсан байх гэж бодож байна. Эдгээр Баттулга нар тэр яриад, хүсээд байгаа бүтээн байгуулалтаа та бидний татварын мөнгөөр, бидний үр хүүхдийг гадаадын банкны зээлийн өрөнд унагааж байж барих тухай тун тоглосон шинжгүй яриад эхлэдэг юм байна. Юу болоод байна аа? Биднийг өрөнд унагааж жаргаах тухай яриа байж таарах уу?
Кинонд яригдсан шальдар бульдар эрлийз асуудлууд, кинонд тоглосон шалих шалихгүй гео салбадай нарын сэдвийг тоож хөндөөд ч яахав орхичихъё. Хаашдаа цахим сүлжээгээр дүүрэн энэ тухай хэрүүл явж байна. Гол асуудлаа хөндье.
За бас тэр мөнгө төгрөг, өр зээл ч дүүрч. Хаашдаа дээдэс маань биднийгээ тонож сураагүй, бид тонуулж дасаагүй юм шиг онгонтоод ч яахав. Бас л орхичихъё. Харин Х.Баттулгын яриад байгаа зүйлс биелэлээ олсон тохиолдолд яах тухай би нэг өнгөц фантаазлан төсөөлөх хүсэл надад байна. Таньд ч бас тийм хүсэл төрж магадгүй юм.
БАМ - 2
10-аад жилийн өмнө Монголд асар их баялаг олдсон, тэр баялагийг нь борлуулах зах зээл нь Монголоос 100-хан метрийн зайд буюу хилийн тусгаарлах "зогон”-ы нөгөө талд байгаа нь тодорхой болсноор олон жил дуншсан уул уурхайн бум жинхнээсээ эхэлж билээ. Ордуудаа нээлээ, олзонд шунасан хөрөнгө оруулагчдыг ч урхиллаа, олборлолтоо ч эхэллээ. Гурав дахь хөршийн боломж ч өргөнөөр нээгдэж манай тусгаар тогтнол 2-хон хөршөөсөө хамааралтай байдаг цаг улирав л гэж үнэхээр бодогдож ирж байлаа. Олсоноо хил давуулаад шидэхэд л урдаас ууттай мөнгө давуулаад л шидэх эдийн засгийн таатай гадаад орчин дэлхий дээр 2012 он хүртэл үргэлжилж билээ. Монголчуудын зарим нь энэхүү таатай орчинд зоригжин бизнес эрсдэлээ өөртөө үүрч уурхайн бүтээгдх
Сэтгэгдэл бичих