УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр өнгөрсөн хаврын чуулганд Ардчилсан намын бүлэг ямар дүгнэлт хийж
байгааг мэдээлсэн юм. Эрх баригч намын бүлгийн хувьд хаврын чуулганд
сэтгэл хангалуун байгаа бололтой. Харилцан ойлголцол, зөвшилцөл,
угталцалд илүү ойртсон чуулган болж өнгөрсөн хэмээв. Тэрбээр "Газрын
тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг эдийн засгийн ач холбогдол бүхий
гол хуулиудыг баталлаа. Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн
албан татвараас чөлөөлсөн, Амгаланд баригдах дулааны станцын тоног
төхөөрөмжийг холбогдох татваруудаас чөлөөлсөн ач холбогдол бүхий
хуулиудыг баталлаа. Гэхдээ чуулганы хуралдсан нийт цагийн 50 орчим
хувийг Засгийн газар болон сайд нарыг оролдож өнгөрөөсөн. Монгол
Улсын улс төр , нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах зарим хуулийн
төслүүд хэлэлцэгдээгүй орхигдсонд харамсч байна" гэсэн юм.
Харин өдгөө үүсээд буй эдийн засгийн хүндрэл зөвхөн өнөөгийн эрх баригчдын бодлого, шийдвэрээс болсон гэж тэрбээр үзэхгүй байгаа аж. Өнгөрсөн 20 жилийн туршид бий болсон эдийн засгийн суурин дээрээ өнөөдөр бүдэрч байгаа гэлээ. Мөн "Чингис" бондын өр, өмнөх засгийн үед зээлж авсан өр хоёрын ялгааны талаарх байр сууриа илэрхийлэв. Өмнө нь 2,7 тэрбум ам.долларыг уул уурхайн ордуудыг барьцаалж аваад, халамжид тараагаад дуусгасан. Өнөөдрийг хүртэл 17,6 сая ам.долларын хүүгийн алдангийг улсын төсвөөс төлөөд явж байгаа гэв. Харин "Чингис" бондын мөнгө бүтээн байгуулалт болоод жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэсэн хэмээн "өмөөрсөн" юм.
Түүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудалд Ардчилсан намын бүлэг завсарлага авч, улмаар хаврын чуулган завсарласнаар уг асуудлыг хэлэлцээгүй талаар "Ардчилсан нам сандал ширээтэй зууралдаагүй. Харин манай сандал, ширээг доголон байлгах гэсэн оролдлого хөндлөнгөөс гарсан. Н.Батбаяр сайдын тухайд цагаа олоогүй үйл ажиллагаа явуулсан. Эдийн засгийн идэвхжлийг зарласан энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл юм. Ирэх наймдугаар сард хоёр хөрштэй хамтарч, том уулзалт зохион байгуулах гэж байгаа. Ийм чухал үед Эдийн засгийн хөгжлийн сайдгүй байж болохгүй. ЭЗХ-ийн сайдыг огцруулахтай холбогдуулаад АТГ-т гомдол гарган, энэ салбартай холбогдолтой бусад салбарыг хөндөж, нэгжлэг хийж болох уу гэдэг нь хоёр дахь асуудал. Асуудалд бид зарчимтай хандах ёстой. Энэ бүхнийг харгалзаж үзээд АН уг асуудлаар завсарлага авсан. Завсарлага авсны дараа чуулган завсарлах үе таарсан" гэсэн юм.
Б.ЭНХ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих